Х.Бат-Ялалт: Талийгаачийг би дарамтлаагүй

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт: Талийгаачийг би дарамтлаагүй

Х.Бат-Ялалт: Талийгаачийг би дарамтлаагүй

Булган аймгийн Орхон суманд 2018 оны аравдугаар сарын 14-ны өдөр тус аймгийн хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга авто машины ослоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байгаа юм. Түүний үхлийг ар гэрийнхэн нь сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас авто осолд орсон хэмээн тайлбарлаж буй. Энэ асуудлаар өнөөдөр /2018.10.24/ Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг янз бүрээр бичиж байна. 2018 оны аравдугаар сарын 1-ны өдөр иргэн Д.Дорж гэх хүний эрх нь зөрчигдөж байгаа талаарх мэдээллийг бид  бэлтгэж, тухайн хүний эрхийг хамгаалсан. Булган аймгийн Орхон суманд 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч золгүй байдлаар амиа алдлаа. Уг мэдээллийг санаатайгаар илтэд гуйвуулж, гүтгэсэн мэдээлэл цацаж байгаад би маш их харамсч байна.

Цагдаагийн байгууллагыг шүүмжлэх гэж буй бидний үйл ажиллагаанд сэтгүүлчид санаатайгаар хуйвалдаан зохион байгуулж буйд харамсалтай байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан нэгэн сайхан аав амь насаа алдсанд би эмзэглэж байгаа.  Гэхдээ хоёр тусдаа болсон үйл явдлыг ялгаж ойлгох хэрэгтэй. 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Гурванбулаг сумын малчин н.Баяртсайхан гэх хүн гэрээсээ малаа алдсан. Тэгвэл энэ хэргийг хэсгийн төлөөлөгч шалгах явцдаа хуулийн дагуу ажиллаж чадсан уу гэдгийг сэтгүүлчид яагаад хөндөхгүй байгааг би гайхаж байна. Бид нар хэсгийн төлөөлөгчийн бичлэгийг 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Mandtugai.mn сайтад, фэйж хуудсандаа оруулсан” гэв. Хурлын дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

ТАЛИЙГААЧИЙГ ОСЛООР АМИА АЛДСАН ГЭЖ СОНССОН

-Талийгаачийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг тантай холбон тайлбарлаж буй. Үүнд та тайлбар өгөөч?

-Талийгаач авто машины ослоос болж амиа алдсан. Яагаад надаас болж хүн  үхнэ гэж. Хэсгийн төлөөлөгч хуулийн дагуу ажиллаж, хууль ёсны дагуу асуудалд хандсан уу үгүй юу гэдгийг та бүхэн сурвалжил. Талийгаач хэнээс болж дарамтад орсон юм гэдгийг тогтоол доо. Яг тухайн өдөр би хэсгийн төлөөлөгчтэй уулзмаар байна гэхэд өөрөө хүрээд ир гэсэн. Намайг өрөөндөө дагуулж ороод би асуулт асуусан. Өөр юм байхгүй. Тэр явдлаас хойш талийгаачид чи энэ хэргийг тэг, энгэ гэсэн зүйл байхгүй. Дарамт гэдэг бол өөрийн эрхшээлд байгаа хүмүүсийг байнгын тарчлаах, зовоох хэлбэрээр нөлөөлөхийг хэлдэг. Гэтэл миний зүгээс ийм нөлөөлөл үзүүлээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үнэхээр хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийгээч ээ гэсэн үүднээс хандсан.

-Хэвлэл мэдээллээр талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж байхад таныг хөндлөнгөөс оролцсон гэсэн яриа гарах боллоо?

-2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр хууль бусаар Эрүүгийн хуульд зааснаас гадуурх үндэслэлээр Д.Дорж гэдэг хүнийг саатуулсан. Хэд хоногийн дараа буюу 2018 оны есдүгээр сарын 24-ны өдөр н.Эрдэнэбулган гэдэг хүн тус аймгийн цагдаагийн газарт уг асуудлаар өргөдөл гаргасан. Улмаар аравдугаар сарын 1-ны өдөр “Ард түмний хяналтын төв”-д өргөдөл, гомдол гаргах хүртэл зөрчил гарсныг мэдээгүй байсан. Тийм учраас цагдаагийн алба хаагчийн хариуцлага, сахилга бат, цагдаагийн байгууллагын хяналт, дотоод хяналт шалгалтын асуудал маш сул байна. Түүнийг бид нар олон нийтэд дэлгэж тавьж байгаа. Түүнээс биш цагдаагийн албан хаагч амиа алдсанд маш их харамсаж байна. Талийгаачийг ослоор амиа алдсан гэж сонссон. Надаас болоод хүн үхнэ гэж юуг хэлээд байгаа юм. Тэгвэл тухайн байгууллагын дарга, цагдаагийн алба хаагчийг дарамталсан эсэхийг та нар асуугаад үз. Хууль зөрчсөн үйлдлийг олон нийтэд дэлгэхээр дарга нь тухайн хүнийг хамгийн түрүүнд загнаж таараа. Байгууллагын дарамтад орсон уу, Х.Бат-Ялалтын дарамтад орсон уу гэдгийг та нар эрэн сурвалжлах хэрэгтэй гэж бодож байна.

-Төрийн албан хаагч хуулийн дагуу ажлаа хийгээгүй гэсэн үг үү?

-Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаад эцэслэн шийдэг л дээ. Яагаад та нар таамаглал дэвшүүлээд нийгмийг хуваагаад байгаа юм. Төрийн албан хаагч хуулийн дагуу ажиллах ёстой. Хүний эрхийн асуудалд халдахдаа хуулийн дагуу халдах ёстой биз дээ. Үүнд та бүхэн ухаалгаар хариулалдаа. Цагдаагийн алба хаагч, шүүгч прокурор хуулийн байгууллагын алба хаагчид Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг чандлан мөрдөөч ээ гэж хэлээд байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж