Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.
Тайланг Үндэсний аудитын газрын /ҮАГ/ Санхүүгийн аудитын газрын менежер С.Оюунгэрэл 2008-2016 онд хийсэн төсөл арга хэмжээний үр дүнг тайлагнав. Тэрбээр “Агаарын чанарын үзүүлэлтээс харахад бохирдол 2014 оноос өссөн байна. Өнгөрсөн 2008 онд 2 тэрбум төгрөг, 2009 онд 1 тэрбум төгрөг, 2011 онд 52 тэрбум төгрөг, 2013 онд 2 тэрбум төгрөг, 2014 онд 32 тэрбум төгрөгийн зөрчил гарсан. Ингээд нийт 100 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. 2011-2013 онд утаагүй зуух, сайжруулсан түлш гэх мэт арга хэмжээ авсан учраас утааны хэмжээ бага зэрэг буурсан. Гэвч эцсийн үр дүнд утааны найрлагын хэмжээ, тоосонцорын хэмжээ буурсан эсэхийг дүгнээгүй байна. Мөн төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан. Үүнээс гадна төсөвлөсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан баримт олдохгүй тохиолдол ч байсан. Зарим олдсон материал нь гарын үсэг, тамга тэмдэггүй байсан. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад дотоод хяналт шалгалт, хариуцлагын асуудал орхигдсон гэж дүгнэж байна. Иймд 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад зөвлөмж хүргүүлээд байна” гэв.
Тайлантай танилцсаны дараа гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум төгрөг. Өнгөрсөн 2011-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 54,9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9,2 тэрбум төгрөг нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн гадны зээлээр 104,7 сая ам.доллар, буцалтгүй тусламжаар 48,6 сая ам.доллар авсан байна. Энэ мөнгө хэд хэдэн онд гарсан бэ. Цэвэр агаар сангаас /ЦАС/ зуух тараахад 2011-2013 онд 33 сая ам.доллар, 2012-2016 онд 4,5 сая ам.доллар зарцуулсан байна. Үүнээс харахад ЦАС дангаараа 32,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Маш их мөнгө агаарт цацагдаад алга болчихсон байна.
ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын менежер С.ОЮУНГЭРЭЛ:
-Үртсэн шахмал түлшний үйлдвэрийг Булган аймгийн Халгант багт байгуулахаар 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Гэвч түүхий эдийн нөөцгүй, эдийн засгийн тооцоогүй байж гэрээгээ байгуулчихсан байна. Хүчин чадлыг буруу тооцоолсноор өнөөдөр хүртэл хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Дараа нь шахмат түлшний үйлдвэрийн тендер зарлаад, үйлдвэр байгуулсан ч ашиглах түүхий эд нь техниктэйгээ зөрчилдсөн учраас өнөөдрийн байдлаар зогсонги байдалтай байна. Үүнээс гадна нийтийн тээврийн 400 автобусыг тоноглох ажилд 3 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч 250 автобусыг тоноглоод буцаагаад тоноглолоо авчихсан учраас хуулийн байгууллагад хандаад байна. Дараа нь 14 аж ахуй нэгж 70580 тонн сайжруулсан түлш тараах ёстой байсан ч 22 хувийг нь тараасан.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Агаарын бохирдлын эсрэг 800 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч өнөөдөр ихэнх ажил зогссон, эвдэрсэн, үр дүн гараагүй байна. Та бүхний өгч байгаа жагсаалтаас харахад Байгаль орчин аялал жуулчлалын яам юу хийсэн нь тодорхойгүй байна. Гадаадын зээл тусламжаар олон сая ам.доллар орж ирсэн ч ажил болж чадаагүй. Гэтэл гадныхан яагаад чимээгүй байна вэ. Эсвэл манайхантай хамтраад мөнгө идээд байна уу?
ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын менежер С.ОЮУНГЭРЭЛ:
-Байгаль орчин аялал жуулчлалын яамтай холбоотой зөрчил гарсан. Агаарын бохирдлын хэмжээг дэлхийн стандартаас доогуур тогтоочихсон. Жишээ нь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг стандарт хэмжээнээс 2 дахин доогуур тогтоосон байна.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд 2011-2016 онд 800 тэрбум төгрөг зарцуулсан ч 100 гаруй тэрбум төгрөг нь үр дүнгүй зарцуулагдсан гэж ҮАГ-ын тайланд дурдав. Иймд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг Байнгын хорооны гишүүд хэлж байв.
Холбоотой мэдээ