Монголбанкнаас сар бүр тогтмол зарладаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.10.24/боллоо. Тус хурлаар санхүү эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.
ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ:
Монголбанк олон улсын туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцын хүлээлтийг улирал бүр тооцдог. 2018 оны III улиралд явуулсан түүвэр судалгаагаар иргэд инфляцыг дунджаар 2018 оны эцэст 8.4 хувь, ААН-үүд 4.5 хувь, шинжээчид 8.5 хувьтай байхаар хүлээж байгаа аж. Судалгаанд хамрагдсан иргэдийн 86 хувь, бизнес эрхлэгчдийн 83 хувь 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцын түвшнийг зорилтот түвшин болох 8 хувиас бага байна гэж хүлээлт тавьж байна.
ВАЛЮТЫН ХАНШ:
Валютын ханшийн хүлээлтийн чиглэлийн индекс 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт огцом нэмэгдсэн. 2018 оны III улиралд явуулсан судалгаагаар иргэдийн дунд төгрөгийн ханш ирэх 12 сарын хугацаанд чангарна гэсэн хүлээлт хэвээр байна. Банкууд инфляцын түвшнийг 2018 оны эцэст найман хувь, 2019 оны II улиралд 7.7 хувь байхаар хүлээж байгаа нь зорилтот найманд хувь түвшин байна. Банкууд инфляцын түвшнийг 2018 оны эцэст хамгийн ихдээ 9.8 хувь, 2019 оны II улиралд хамгийн ихдээ есөн хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Банкуудын инфляцын төсөөллийн тархалтаас харахад,инфляц 2018 оны эцэст 8-9 хувийн орчимд байх төлөвтэй.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН болон өрхүүдэд олгох зээлийн хүүгээ бууруулсан бол ирэх гурван сарын хугацаанд зээлийн нөхцөлөө өөрчлөх хандлагагүй байгаа аж.
МОНГОЛБАНКНЫ СУДАЛГАА, СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГАН-ОЧИР:
“Өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН-ийн зээлийн эрэлт (тэр дундаа худалдаа, үйлчилгээний салбарт олгож буй) бага зэрэг нэмэгдсэн бол өрхийн зээлийн эрэлт нэлээд хэмжээгээр өссөн. Ирэх гурван сарын хугацаанд банкуудын хувьд ААН болон өрхийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлт давамгайлж байна. Нийт М2 мөнгөний нийлүүлэлтийн 53.1 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байгаа бол 15.1 хувийг валютын хадгаламж, 15.4 хувийг төгрөгийн харилцах, 12.7 хувийг валютын харилцах, үлдсэн 3.6 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна. Нийт хадгаламжийн хэмжээ 12.2 их наяд төгрөгт хүрснээс 83.2 хувийг иргэдийн хадгаламж, 16.8 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн 19.1 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна” гэлээ.
Тэгвэл банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсч 16.2 их наяд төгрөгт харин иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24 хувиар өсч 8.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 19 хувиар өсч 8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Иргэдийн зээлийн 1.9 хувийг, байгууллагын зээлийн 38.7 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.
- Нийт зээл 2 их наяд төгрөг ( ₮ зээл 12.9 их наяд төгрөг, ам.долларын зээл 3.3 их наяд төгрөг)
- Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 399 тэрбум төгрөг буюу гурван хувиар өсчээ.
- Хэвийн зээл өмнөх сараас 435 тэрбум төгрөгөөр буюу гурван хувиар өссөн.
- Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 27 тэрбум төгрөг буюу гурван хувиар буурчээ.
- Чанаргүй зээл өмнөх сараас 8 тэрбум төгрөг буюу нэг хувиар буурсан байна.
- Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг хувийн байгууллагын зээл, нийт чанаргүй зээлийн 82 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Хөгжлийн банкны 500 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирснээр валют, төлбөрийн тэнцэлд хэрхэн нөлөөлөх вэ?
-Энэ нь Монголбанкны санхүүгийн дансны ашгийг нэмэгдүүлж байгаа. Тийм болохоор төлбөрийн тэнцлийн нийт ашгийг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлнэ. 2018 оны найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл нь 400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан. Тиймээс цаашид валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд урсгал хүлээгдэж байгаа. Энэ урсгал нь санхүүгийн дансны ашгийг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлэхээр байгаа. Оюутолгойн урсгал сар болгон ирж байгаа. Үүний дээр Азийн хөгжлийн банкны урсгал хүлээгдэж байгаа.
-Хэрэглээний зээлийн асуудалд Монголбанк ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд: Ирэх онд хэрэглээний зээл дээр ямар бодлого баримтлах талаар урьдчилсан шийдвэрүүд гарсан байгаа. Зургадугаар сард иргэдэд олгосон хэрэглээний зээлийн өр, авлагын харьцааг хамгийн ихдээ 70 хувь байхаар тогтоосон. Есдүгээр сард ипотекийн зээлээс бусад хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Монголбанкнаас хэрэглээний зээлийг алгуур бууруулах бодлого баримталж байгаа. Ингэхдээ иргэдэд дарамт багатайгаар бууруулна. Нөгөө талаар иргэдийн хэрэглээний зээлийг бууруулах замаар бизнесийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын байр орлого нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг илүү дэмжиж байгаа юм.
-Монгол Улсын олон улс дахь арилжааны банкуудын дансыг хаана гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгөхгүй юу?
– Одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна.
Холбоотой мэдээ