Одоогоор Монгол Улсад 885.6 мянган өрх бий. Судалгаагаар нийт гэр бүлийн 68.4 хувь нь харилцааны маргаантай байдаг байна. Гэр бүл салалтад хүргэдэг олон шалтгааны нэг нь гэр бүлийн маргаан. Сонирхуулахад, Монголд гэр бүл салалт 1970 оныхоос дөрөв дахин нэмэгджээ. Тухайлбал, 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Сонирхолтой нь салсан гэр бүлийн 51.6 хувь нь гэрлээд 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил болсон байх юм. Ингээд салалтаас шалтгаалан өрх толгойлсон аав, ээж нарын тоо нэмэгддэг. Өнгөрсөн жилийн байдлаар Монголд 97499 хүн өрх толгойлон амьдарч байна. Үүний 78.9 хувь нь эмэгтэй, 21.1 хувь нь эрэгтэй аж. Түүнчлэн өрх толгойлсон гэр бүлийн 42 хувь нь хоёроос дээш хүүхэдтэй байгаа нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоог нэмж байна.
Холбогдох байгууллагууд Монголын гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалд судалгаа явуулжээ. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 42970 өрхийг хамруулсан байна. Судалгаагаар гэр бүл салалтад нийгэм, эдийн засгийн байдал, сэтгэл гутрал, стресс зэрэг сэтгэл зүйн байдал, хүчирхийлэл, архидалт, эрүүл мэнд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гэр бүлийн гишүүн нь насан туршдаа асрах шаардлага тулгадаг зэрэг нь нөлөөлж байна. Тухайлбал, судалгаагаар нийт өрхийн 29.6 хувь нь ядууралд өртсөн байна. Стандартын дагуу монгол хүн хоол тэжээлээс өдөрт 2900 ккал авах ёстой байтал ядуу өрхийн гишүүд 1784 ккал авдаг аж.
Түүнчлэн гэрлэлт цуцлалтын улмаас хүүхдийн тэтгэлэг төлөгчдийн 89.1 хувь нь тэтгэлгээ төлдөггүй ажээ.
Мөн судалгаагаар гэр бүлийн харилцаанд анхаарах шаардлагатай гэж үзжээ. Харилцаа хөндийрснөөр хүүхдэдээ тавих анхаарал багасч, гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, салалт бий болох үндэс тавигддаг ажээ.
Монголын гэр бүлийн өнөөгийн байдал ийм байгаа тул гэр бүлийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний дэд бүтцийг буюу гэр бүлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх төвүүд бий болгох, үүнд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс энэ үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ