Ардын засгийн сайдууд албан тушаалын хэрэгт холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Ардын засгийн сайдууд албан тушаалын хэрэгт холбогдлоо

-1,4 тэрбумын сайд нартаа У.Хүрэлсүх ямар хариуцлага хүлээлгэх вэ-

Ардын засгийн сайдууд албан тушаалын хэрэгт холбогдлоо

Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар тендерийн асуудалд холбогдсон сайдуудаасаа болж огцорч байсан бол албан тушаалын хэрэгт холбогдсон сайдуудаасаа болж Ардын засаг огцорч магадгүй болжээ.  Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас олгодог мөнгөнөөс хувийн компанидаа тэрбум, тэрбумаар нь хуваариласан сайд нартайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх чухам яаж тэмцэх нь улс төрийн хүрээний анхаарал татсан сэдэв болоод буй. Учир нь авлигачидтай хатуу тэмцдэг, ард түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд байхыг хүсч байгаагаа чуулганы индэр дээрээс зарлаж байсныг нь дахин сануулахад буруудахгүй болов уу.

УИХ дахь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгөнөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн компанидаа тэрбум гаруй төгрөг авсан нь тэдэнтэй хариуцлага тооцох хамгийн том үндэслэл юм. У.Хүрэлсүхийн танхимын хоёр  сайд, УИХ-ын хоёр гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үү гэх асуудалыг хөндөхөд хүрч байна.  Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулууны "Дорнод гурил" / Хувьцааг 100 хувь эзэмшдэг/
  • УИХ-ын гишүүн Г.Солтаны "Монгол Шаазан" /Хувьцааг 100 хувь эзэмшдэг/
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" /Хувьцааг 100 хувь эзэмшдэг/
  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн "Тээвэр ачлал" ХХК /”Тээвэр ачлал” ХХК-ийн хувьцааны 89,49 хувийг Л.Отгонжаргал эзэмшдэг. Б.Батзориг сайдын эхнэрийг мөн Л.Отгонжаргал гэдэг албан бус мэдээлэл бий/ зэрэг нэр бүхий гишүүдийн хувийн компаниудад  ЖДҮ-ийн сангаас  950-1,4 тэрбум буюу нийт 4,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Хэдийгээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг энэ асуудлыг үгүйсгэж, өөрийг нь гүтгэж байна гэж тайлбарласан ч хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад мэдээллээр хамаарал бүхий компанидаа сангаас зээл олгосон нь тодорхой болоод байгаа билээ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗАХИРАЛ С.ТӨГСБИЛЭГ:

-Тээвэр ачлал” ХХК-иас манай бүрдүүлж ирүүлсэн материалаар бол тус компанийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч болох Д.Баттулга гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Мэдээллийн хэрэгслээр гараад байгаа н.Отгонжаргал гэдэг хүн нь тус компанийг төлөөлж манайтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг хэлье. “Дорнод гурил” компанийн хувьд үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байсан. Уг үүсгэн байгуулагчаас өгсөн итгэмжлэлийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал болон нягтлантай нь холбогдох гэрээг хийсэн. “Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Г.Солтан гэдэг хүн байсан ба мөн итгэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал С.Ахмед гэдэг хүнтэй гэрээ хийсэн болно. “Эпато анарваан” ХХК-ийн тухайд Тус компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэдэг хүн байсан ба гэрээ байгуулахад тавигдах шаардлагын дагуу бид энэ хүнтэй гэрээ хийсэн. Тиймээс хэн нэгэн хүний ах дүү, хамаатан садан, эхнэр нөхөр байлаа гээд бид сонгон шалгаруулалтад оруулахгүй байх, дэмжигдэхгүй байх болон гэрээ хийхгүй байх эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг өгсөн.

/"Тээвэр ачлал" ХХК-ийн албан ёсны сайт дээр хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл/

Б.Батзориг сайдаас бусад нь зээл авсныг ЖДҮ-ийг дэмжих сангийн захирал хэлж буй ч  салбарын сайдтай нь  нэр холбогдоод байгаа  “Тээвэр ачлал” ХХК-ийн албан ёсны вэб хуудаст  нийт хувьцааны 89,49 хувийг Л.Отгонжаргал эзэмшдэг тухай мэдээлэл бичигджээ.  Л.Отгонжаргал гэгчийн  овог, нэр, нас зэрэг мэдээлэл Б.Батзориг сайдын эхнэртэй яг адилхан таарч байна.

Зарим эдийн засагчдын хэлж буйгаар ЖДҮС-аас авсан жилийн нэг хувийн хүүтэй зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, 40 хувийн хүүтэй зээл гарган хүүлж байгааг шүүмжилж эхэллээ. Хэрэвзээ,  Ардын засгийн сайдууд жилийн бага хувийн хүүтэй зээл авч, банк бус санхүүгийн байгууллагаараа дамжин мөнгө угаасан бол бүр том эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байна.

 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгодог зээлийн хүү жилийн гурван хувь.  Энэ жил тус сангийн зээлд харагдсан компаниудын талаарх мэдээллийг http://smefund.gov.mn/news/56/single/139-ээс харна уу. Уг жагсаалтад МАН-ын гишүүдийг компанийн нэрс дурайтал бичигджээ. Гэтэл мянга, мянган жижиг дунд үйлдвэрлэгчид сангийн олгодог зээлэнд хамрагдаж чадахгүй арилжааны өндөр хүүтэй зээлд дарлуулж байгааг Ардын засгийн тэргүүний сонорт хүргэе.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж