Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2015.01.22. Пүрэв гараг/ 16.00 цагт гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлснээр Улсын Их Хурлын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж батлав.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан. Хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр байнгын хороод дээр гарсан саналууд хасагдсан байгааг хэлж, Улсын Их Хурлын мэргэжлийн байгууллагууд, байнгын хороод санал, дүгнэлтээ гаргаж багцлаад оруулж ирсэн саналыг ямар үндэслэлээр хассан талаар тайлбар авахыг хүссэн юм. Жишээ нь зэвсэгт хүчний хөгжлийн сан дээр 5 тэрбум төгрөгийн орлого олох бололцоо байсаар байтал үүнийг яагаад орлого нэмэгдүүлэх санал дээр оруулж ирсэнгүй вэ гэдгийг тэрээр лавласан. Ажлын хэсэг дээр санал гараагүй. Харин хассан зүйл байвал байнгын хороо хариулах байх гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хариултдаа, ажлын хэсгээс дэмжээгүй саналуудыг татна гэж өчигдөр ярьсан. Ажлын хэсгээс дэмжээгүй энэ саналуудыг дэмжсэн саналуудын тоонд оруулж ирээгүй байна. Урьд урьдын төсвүүд ингэж явж ирсэн. Байнгын хорооны хурал дээр намын бүлгүүдийн удирдлагууд бүлгийн гишүүдээс гаргасан байнгын хорооны ажлын хэсгээс дэмжээгүй саналуудыг татаж байна гэсэн мэдэгдэл хийсний дагуу явсан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, хувь гишүүдийн гаргасан саналуудыг бүлгийн удирдлагууд тус тус татаж авсан нь зүйтэй. Гэтэл мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зайлшгүй шаардлагатай салбарын онцлогт тулгуурласан шийдвэрүүдийг байнгын хорооны хуралдаанд гишүүд зуун хувийн саналаар дэмжиж санал, дүгнэлтээ чуулганд оруулж ирж байхад яагаад хасах болов гэдэгт нэлээдгүй бухимдалтай байлаа.
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, орлого, зарлага нэмээгүй цэвэр тохируулгын ийм төрлийн саналууд үлдэх ёстой байсан. Нэг гишүүний тойргийн санал биш учраас салбарын онцлогтой ийм саналууд заавал Төсвийн байнгын хороон дээр хураагдах ёстой. Одоо энэ хэлэлцүүлгийг хийж дуусвал дахиж санал орж ирэх боломжгүй болно гэдгийг анхааруулж, тойргийн биш, хөрөнгө оруулалтыг нэмэх бус саналууд бусад байнгын хороод дээр үлдсэн эсэхийг тодруулан Төсвийн байнгын хороо хоёрдугаар хэлэлцүүлгээ дахин үргэлжүүлж хуралдах ёстой болж байгааг дуулгалаа. Ингэснээр Төсвийн байнгын хороо дахин хуралдахаар болж чуулганы хуралдаан түр завсарлаад байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ