УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөснөөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгаж байна. Тухайлбал, урсгал зардлыг нэмэгдүүлэх хүрээнд дараах саналууд гишүүдийн дэмжлэг хүлээлээ. Үүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум, тэтгэвэр нэмэхэд зориулж 13 тэрбум төгрөгийг тус бүр нэмж суулгахыг гишүүдийн 75-80 хувь дэмжив.
Жирэмсэн эхчүүд болон хөхүүл эхчүүдэд олгох тэтгэмжид зориулж орон нутгийн санг 9.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох зардлыг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг санал гишүүдийн 86-80 хувийн дэмжлэг авлаа. Мөн Гадаад тусламжийн санд 320 сая төгрөг нэмж тусгахыг гишүүдийн 84 нь дэмжээд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ