Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" клуб Норвегийн хөлбөмбөгийн ирээдүй хэмээн яригдах болсон 16 настай Мартин Одегаардыг ойролцоогоор 3 сая еврогоор "Стремсгодсет" клубээс худалдан авчээ. Норвиги залууг Европын маш олон багууд сонирхож, уулзалт хийсэн бөгөөд эцэст нь тэрбээр "Реал Мадрид"-ыг сонгосон бололтой.
Харин цалин хөлсийн хувьд албан бус мэдээллээр "Реал Мадрид"-аас долоо хоногийн 80 мянган фунт стерлинг халааслах бөгөөд өнөөдөр түүнийг албан ёсоор олон нийтэд танилцуулах гэнэ. Тэрбээр "Реал Мадрид"-ын В багт тоглох бөгөөд энэхүү багийг домогт Зинедин Зидан дасгалжуулж байгаа билээ. Мартин Одегаардын хувьд хамгийн залуудаа гэсэн тодотголтой хоёр ч амжилтыг Норвегийн шигшээ баг болон Норвегийн хөлбөмбөгийн лигт тогтоосон юм.
Тэрбээр Норвегийн хөлбөмбөгийн дээд лигт 15 настайдаа тоглож, хамгийн залуу тоглогч болсноос гадна хамгийн залуудаа гоол хийсэн бөгөөд "Стремсгодсет" клубын төлөө 23 тоглолтод оролцож, 5 гоол оруулж, 7 гоолын дамжуулалтыг өгчээ. Мөн Норвегийн шигшээ багийн нэрийн өмнөөс Арабын нэгдсэн Эмират улсын эсрэг тоглож, шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн залуудаа шигшээ багтаа дуудагдаж тоглосон тамирчин болсон юм.
Эх сурвалж: ww.mminfo.mn