"Алдаа гаргавал хариуцлагаа хүлээгээрэй гэж аав захисан"

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

"Алдаа гаргавал хариуцлагаа хүлээгээрэй гэж аав захисан"

Тэрбээр 21 настай бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг

“Хатан эрдэнэ” холбооноос  зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн наадмын ялагч Э.Энхриймаа  эх орноо төлөөлөн “Дэлхийн Мисс 2018”  тэмцээнд оролцохоор болсон билээ. Тэрбээр 21 настай бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг. Түүний хувьд Орос 14-р дунд сургуулийг дүүргэсэн, орос, англи хэлийг сайн  эзэмшсэн аж.  Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2018” тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцохоор болсонд юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа. News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийг мэндийг хүргэе.

-Бага байхдаа ямар мөрөөдөлтэй охин байв?

Бяцхан  охин байхдаа жүжигчин, сэтгэл зүйч, тархины мэс засалч болно гэж мөрөөддөг байлаа.  Сүүлдээ математикаар мэргэшсэн аудитор болохыг сонирхдог болсон. Хүссэн мэргэжлээрээ одоо сурч байна.

-Яагаад мэргэшсэн аудитор болохыг хүссэн юм бэ?

Бага байхад надад  математикийн хичээл илүү сонирхолтой, ойлгоход хялбар санагддаг байсан. Анги дэвших тусам математикийн хичээлдээ улам дурласан.  Есдүгээр ангиасаа Санхүү, эдийн засгийн их  сургуульд /СЭЗИС/   элсэхээр  шийдээд  давтлага авч, хичээж зүтгэсний эцэст зорьсондоо  хүрсэн дээ. Ингээд СЭЗИС-ийн ACCA хөтөлбөр,  олон улсын мэргэшсэн нягтлан бодох  чиглэлээр суралцаж эхэлсэн.  Энэ анги нь надад их таалагдсан. Бүх хичээл нь англи хэлээр ордог. Дээрээс нь мэргэжлээрээ хөрвөх чадвар сайтай учраас аудитор, нябо, санхүүгийн хуулийн мэргэжилтэн гээд аль алинаар нь ажиллах   боломжтой.

-Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион явуулсан  “Монголын сайхан бүсгүй-2018 уралдааны ялагч гэдгээр нь өөрийг чинь хүмүүс мэдэх байх. Дараа нь “Miss World 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон. Тус тэмцээнд хэрхэн оролцох болов?

-"Хатан-Эрдэнэ" холбооноос зохион байгуулсан  уралдааны ялагч болоод хүмүүстэй  өөрийн үзэл бодлоо илүү өргөн хүрээнд хуваалцах боломж байсан. Ийнхүү  дэлхийд өөрийнхөө санаа бодол болон олон зүйлийг хэлмээр санагдсан. Тиймээс Miss World 2018” тэмцээнд монгол эмэгтэйчүүд, эхчүүдийн сэтгэлийн нинжин сайхан, хүч зоригийг өөртөө тээж,  дэлхийн гоо үзэсгэлэнгийн ертөнцөд харуулахыг хичээж байна.

ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЛБАН ЁСООР АРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЭЛСЭН

-Нууц биш бол дэлхий дахинд хэлмээр санагдсан зүйл тань  юу  вэ ?

-“Сайн ээж, сайхан дэлхий” гэдэг уриа   хэлэхийг хүсэж байна.  Өөрөөр хэлбэл, ээжүүд хүүхдүүдэдээ зөв төлөвшил, хүмүүжилтэй болгосноор олон асуудал, бэрхшээлийг цаад утгаараа шийднэ гэсэн санааг танилцуулах видеондоо тусгаж өгсөн. Танилцуулгын видеог цөөн минутад олон зүйлийг илэрхийлэх хэрэгтэй байсан.  Тийм учраас агуулгын хувьд илүү баялаг,  хүний сэтгэлд хүрэхүйц болсон гэж итгэж байгаа. Удахгүй "Дэлхийн мисс"-ийн тэмцээний албан ёсны  цахим  хуудсанд байршуулснаар  үзэх боломжтой болно.

-Ингэхэд тэмцээний бэлтгэлээ хэр базааж байна?

Тэмцээний бэлтгэл албан ёсоор аравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Тэр өдрөөс хойш нарийн төлөвлөгөө,  шахуу цагийн хуваарийн дагуу  нэлээд ачаалалтай ажиллаж байна. Дэлхийн миссийн тэмцээний  нэг сарын хугацаанд оролцогч  бүсгүйчүүд   нүүрээ будах, үсээ гэзгээ янзлах,  гээд  бүх зүйлсийг өөрөө хийнэ. Гоё сайхан харагдах бас авхаалжтай сэргэлэн, оюунлаг, авьяаслаг байхыг шалгасан олон төрлийн тэмцээн уралдаан, ёслолын арга хэмжээ гээд амарч тухлах завгүй байдаг тухай сонссон. Шүүгч нар  хүнтэй харьцах харилцаа, биеэ авч яваа байдал, бүр зочид буудалдаа хэрхэн  эмх цэгцтэй амьдарч байгааг нь хүртэл харж, дүгнэдэг юм байна лээ.  Зөвхөн тайзан дээрх шалгуураар биш бүтэн сарын хугацаанд амьдралых нь дадал  зуршил, оролцож байгаа  тэмцээн уралдааныг дүгнээд энэ бүх оноо нь нийлээд Дэлхийн миссээ шалгаруулдаг. Оролцогчоос асар  өндөр чадварыг  шаардаж байгаа биз?  Тиймээс одоо   мэргэжлийн багш нараасаа сургалт, дадлагыг  аваад явж байна даа.

-“Зорилготой гоо бүсгүй” номинацид дэвшүүлж буй төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Манай хамт олон“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлсэн. Сүрьеэ өвчин нь Монгол Улс төдийгүй  дэлхий нийтийн  тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.  Энэ сэдвээр мэдээлэл цуглуулахад сэтгэл их эмзэлүүлсэн   тоо баримт гарч ирсэн.  Гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байдаг. Халдвар тээсэн арван хүн тутмын нэг нь өвчлөх магадлалтай.  Монгол Улсын хүн амтай харьцуулахад  гурван сая хүний сая гаруй хүмүүс  халдвар тээгч  болж, 100 000 хүн сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн үг л дээ. Манай  Улсад 4000 орчим хүн жил бүр     өвчлөөд 200 гаруй хүн нас бардаг. Монгол Улс сүрьеэ өвчний дарамтай  дэлхийн арван  орны тоонд орсон. Мөн сүрьеэ өвчтэй хүмүүсийн 65 % нь 15-44 насны ид хийж бүтээж, хөдөлмөрлөх насандаа  байгаа залуучууд эзэлдэг тухай мэдээд залуу хүний хувьд өөрийн сэтгэл үнэхээр эмзэглэж,  энэхүү аянаа эхлүүлсэн.

Хүмүүнлэгийн ажлын хүрээнд сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэгэн өрх айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн нь хорвоог орхиж, ээжийнх нь өвчин нь хүндэрч эмнэлэгт  нэг жил гаруй хугацаанд эмчлэгдэж байгаа. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн боловч эхнэр хүүхэд нь орхиж, гэр бүлээ цуцлуулсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болсон. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй зэрэг энэ айлын нөхцөл байдал сүрьеэ өвчтэй бусад олон гэр бүлийн адил сэтгэл шархлуулсан.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХ  ТУСАМ ӨӨРИЙН СУРСАН  ЗҮЙЛ ЧАМЛАЛТТАЙ САНАГДДАГ

-Англи, Орос хэлээр маш сайн ярьдаг гэж сонссон юм байна?

Сурч  эзэмшсэн хэл, чадварыг  тухайн хүн өөрөө дүгнэж чаддаггүй. Харин бусад хүмүүсийн дүгнэлт чухал байх гэж боддог.  Би ямар нэгэн улс орны хэлийг төгс эзэмшсэн ч  сайн гэж итгэлтэй  хэлж чадахгүй.  Яагаад гэхээр эрдэм мэдлэгт  хэзээ  ч төгс төгөлдөр боловсорч чаддаггүй. Илүү ихийг мэдэх  тусам өөрийн сурсан  зүйл чамлалттай санагддаг.

– Өнөөдрийн Э. Энхриймааг  мөрөөдөлтэй зорилготой бүсгүй болж төлөвшихөд гэр бүлийнхэн, ойр тойрны нөлөө их байсан байх. Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

Би таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Манай гэр бүл энгийн л нэг  айл. Миний аав маш мундаг хүн. Мэдээж, охин  үрээ хайрлах агуу хайрыг ааваасаа л мэдэрсэн. Намайг өвдсөн үед миний хажуугаас холддоггүй. Ямар ч ажилтай байсан  бүх юмаа орхиод намайг эдгэх хүртэл хажууд минь байдаг.  Аавын минь хэлсэн үг надад хамгийн  үнэ цэнэтэй. Учир нь даацтай хэлсэн үгийн цаана маш их утга нуугдаж байдаг. Аав надад “Дэлхийн Мисс 2018” тэмцээнд явахаар болсныг мэдээд “Алдаа гаргавал хариуцлагаа хүлээгээрэй” гэж хэлсэн. Хэцүү үедээ аавынхаа мөрийг дэрлээд суухаар амгалан тайван сайхан энерги авдаг. Харин ээж маань надад  “Амьдралдаа аз жаргалтай байгаарай” гэж захидаг.

Та гэр бүл төлөвлөлтийн хувьд ямар бодолтой явдаг вэ. Сүүлийн үед залуус эрт гэрлэхээс татгалзаж 28-32 насандаа гэр бүл зохиох зөв гэдэг болж?

-Цаг нь ирэхээр аяндаа бүтнэ гэж боддог. Тэр болтол өөрийгөө тал бүрээр сайн хөгжүүлээд өмнө нь хийх ёстой ажлуудаа амжуулна.

-Цаашдын зорилгоос тань хуваалцаж болох уу?

Хамгийн ойрын зорилго гэвэл “Дэлхийн мисс 2018” тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж байна. Мэдээж бүхий л хүч чадлаа дайчлан оролцоно.

Ярилцсанд баярлалаа. "Дэлхийн мисс 2018"  тэмцээнд тань амжилт хүсье. 

-Баярлалаа. Дэлхийн миссийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж