Таг болсон хууль ба талаар хөглөрсөн тамхины иш

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Таг болсон хууль ба талаар хөглөрсөн тамхины иш

Сэлбэ гол орчим тамхичдын хөндий болсон талаар бид өмнө нь сурвалжилсан. Уг сурвалжлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. Харин энэ асуудлыг дахин сурвалжиллаа. Бид өчигдөр /2018.10.23/ 18.00 цагийн үед Сэлбэ гол орчимд очсон юм. Ажил, сургууль тарж байсан тул зам дагуу хөл хөдөлгөөн ихтэй байв. Харин тамхичид “бэлчдэг” Сэлбэ голын хөндийд гурван залуу тамхи татаж зогссоныг эс тооцвол хүн цөөхөн байлаа.

Өмнөх сурвалжилгын үеэр Сэлбэ голын хөвөөг даган тамхины иш хөглөрч байсан бол энэ удаад бүгдийг нь цэвэрлэжээ.  Гэхдээ дөнгөж саяхан татаад хаясан бололтой мэр сэр тамхины иш харагдаж байна.   Тэнд тамхи татаж зогссон гурван залуугаас татсан тамхиныхаа ишийг яагаад замбараагүй хаядаг талаар асуусан боловч хариулт өгсөнгүй.

Арслантай гүүрийн хажууд нэгэн эмэгтэй тамхи зараад сууж байна. Оюутан залуус түүнээс тамхи ширхэглэн авч байгаа харагдав. Тамхи зарж суугаа эмэгтэйгээс "Сэлбэ гол орчмын тамхины ишийг хэн, хэзээ цэвэрлэсэн талаар сонирхлоо. Тэрбээр “Нэлээд хэд хоногийн өмнө хэдэн хүмүүс ирээд сурвалжлага бэлтгээд явсан юм. Түүний дараа энэ сургуулиас (Санхүү эдийн засгийн их сургуулийг заав) энэ хавийг цэвэрлэж, тамхи татуулахаа больсон. Сургуулийн ажилтан л юм шиг байна лээ эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирээд оюутнуудаар ишийг нь түүлгэж, цэвэрлүүлсэн. Худалч хүнд гурван шуудай хог гарсан байх шүү. Одоо байсхийгээд л нөгөө хоёр хүн гарч ирж энэ хавьд хүн тамхи татаж байгаа эсэхийг шалгаж байгаа. Намайг эхэндээ эндээс хөөгөөд байсан. Өнөөдөр харин хөөсөнгүй. Гайгүй өнгөрөөсэй гэж бодоод л сууж байна. Ингэж л амьдралаа залгуулдаг хүн шүү дээ” гэлээ. Биднийг ярилцах зуур түүнээс тамхи авсан залуу тамхиа татахаар баруун тийш алхан одов.

Санхүү эдийн засгийн их сургуулийнхан ойр орчноо цэвэрлэсэн ч оюутнууд ахиад л хог хаяад байгаа бололтой.  Тамхины хяналтын тухай хуулиар  сургуулийн орчинд 500 метр дотор тамхи худалдаалах, борлуулахыг хориглосон. Гэвч, амьдрал дээр энэ шийдвэр хэрэгжихгүй хэвээр байна. Сургуулийнх нь үүдэнд тамхи зарж суугаа эмэгтэйг сургуулийн ажилтнууд хөөдөг ч, өнөөх нь тоодоггүй, дахиад л хүрээд ирдэг бололтой.  Мэдээж, үргэлж тэднийг “хөөж” туугаад байх хэцүү, заримдаа ч дуугүй орхичихдог бололтой юм. Харсаар байтал нүдэн дээр татсан тамхиныхаа ишгийг хэнэггүй чулуудах гурван залууг харахад тус сургуулийн оюутнууд бололтой. Мэдээж, хэрэглээ, хэрэгцээ нь байгаа нөхцөлд албан байгууллагууд гаднаа тамхи татах, тамхины иш хаях цэгтэй болох нь оновчтой мэт санагдав.

Санхүү эдийн засгийн их сургуультай хаяа залган оршдог бусад сургууль дээр очиж сонирхлоо. Сургуулийнх нь орчмоор тамхины иш хаа сайгүй хөглөрч харагдана. Хүний хандлага жижиг зүйлээс ч харагддаг гэгчээр СЭЗИС-ийн хувьд асуудалд тун шуурхай хандаж байгаа бол бусад нь "бидэнд хамаагүй" гэсэн маягтай тамхины иш нь сургуулийнх нь үүдээр хөглөрч байв. Зургаас хараад уншигч та тэдэнд дүн тавих биз.  Бид нэгнийхээ сайн чанараас суралцах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж