Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Мексикийн бөх Ромеро Бониллаг 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо.
Б.Шоовдор АНУ, Энэтхэгийн бөхчүүдийг ялсан ч Туркийн Юсилирмакд дийлдэн хүрэл медалийн төлөө барилдах эрхийг аваад байсан юм. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн Бониллаг ялснаар медалийн тавцанд зогслоо.
Б.Шоовдор “Лас-Вегас 2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглож, медальтан болж байна.
Унгарт болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртээд байна. Эрэгтэй 61 кг-д Т.Түвшинтулга, эмэгтэй 59 кг-д Б.Шоовдор нар медалын тавцанд зогссон бол эмэгтэй 72 кг-д О.Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө маргааш барилдахаар шалгарсан. Мөн дахин таван тамирчин барилдана.
ДАШТ-ий хүрэл медальт Баатаржавын Шоовдор энэ жил 28 настай бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Тэрбээр 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр эхлэн хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна.
Б.Шоовдор “Хөх чоно”, “Ганьт” клубүүдэд, 2013-2016 онуудад “Цастын барс” клубт, одоо “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байна. Түүний хувьд 2015 оноос үндэснйи шигшээ багийн тамирчин болжээ.
Холбоотой мэдээ