Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Энэ намрын чуулганы гол сэдэв бол Үндсэн хуулийн шинэчлэлт. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс тогтолцооны гажуудлаа засах хэрэгтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэгт та багтсан. Хуулийн төсөл ямар шатандаа явж байна, УИХ-д хэзээ өргөн барих вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй юм. Ажлыг хэсгийн санал дүгнэлт бэлэн болоход дөхөж байна. Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтэд тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалсан том ажлын хэсэг гарч, нийт ард түмний санал асуулга явагдах учиртай. Ардын Их Хурлаар Үндсэн хуулийг батлахдаа бүх ард түмнээс сонгогдсон 430 депутат баталсан байдаг. Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон. Үндсэн хуулийг баталснаар нийгмийг өөрчилж чадсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь нийгмийг өөрчлөх асуудал давхар яригддаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нь хуулиараа маш ойлгомжтой. Юу нь дутаад байгаа, юу нь өөр байгаа, юуг нь өөрчлөх, юу нь үнэн юм гэдгийг нэг бүрчлэн ард түмнээр шийдүүлдгээрээ бусад хуулиас онцлогтой. Түүнээс биш бусад хууль шиг гишүүдийн өндөр ирцтэй батлах эсвэл дордуулсан долоо шиг хуйвалдааны журмаар Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулах вий гэдэгт эмээж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголд ардчиллыг үгүй хийх, парламентыг ажиллах чадваргүй болгохоор өөрчлөх гэж байна.
-Үндсэн хуулийн шинэчлэлтийн хүрээнд боловсруулж байгаа төслийг та дэмжихгүй байгаа юм байна. Мэдээж, өөрийнхөө байр суурийг ажлын хэсгийнхэндээ хэлсэн байлгүй. Тэд яаж хүлээн авч байна?
-Ажлын хэсэгт би саналаа хэлэх нээлттэй. Болохгүй байгааг нь анхааруулж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд эхний ээлжид дордуулсан долоон заалтыг хүчингүй болгож засах ёстой. 1990 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тухайн үеийн төрийн нэгдүгээр хүн Ж.Батмөнх гуай ажлын хэсгийг нь ахлан ажилласан. Үүний үр дүнд Монгол Улс ардчилсан болсон. 1992 онд ардчилсан улсын хувьд Үндсэн хуулиа баталсан. Тэгэхэд ч төрийн нэгдүгээр хүн П.Очирбат ажлын хэсгээ ахлан ажиллаж, парламент нь хэлэлцэн баталсан юм. Ардчилсан Үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэж, 430 депутатын нэгээс бусад нь дэмжиж, гарын үсэг зурсан. Ингэж байж Үндсэн хууль баталдаг. Өнөөгийн шиг ирц нь өндөр байвал бусад нь хамаагүй гээд ирцдээ хүргэх гэж гарын үсэг зуруулаад явдаг юм биш. Ард түмнээрээ 100 хувь дэмжиж байж явдаг зүйл. Түүнээс биш олонх, цөөнх болоод зарим нь гомдолтой үлдэх эсвэл Ерөнхийлөгчийг тойрч мөн Үндсэн хуулийн Цэцээ алгасаж хийх нь маш бүдүүлэг. Энэ нь Үндсэн хууль биш, Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг юм. Ийм зүйлд санаархсан, оролцсон этгээдийг шийтгэдэг байх заалтыг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна.
–Сүүлийн үед засаглалын хямрал, сандал суудлын хэрүүл гээд муу муухай бүхний гол буруутан нь хүн биш Үндсэн хууль болчихоод байгаа. Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Ардчилсан Үндсэн хуульд ардчиллын гол зарчмуудыг маш сайн тусгаж өгсөн. Тухайлбал, Төрийн тэргүүнээ сонгох эрхийг нь ард түмэнд Үндсэн хуулиар олгосон. Мөн энэ хэрээр эрх, үүргийг нь тодорхой тусгаж өгсөн. Гэвч энэ байдал сүүлийн үед алдагдаж өөрсдөө олон янзын хууль гаргаад Төрийн тэргүүнээ ёолкны мод шиг болгож, сүүлдээ аль нь Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болох нь ойлгомжгүй болгочихсон. Үүнийгээ хэд хэдэн удаа зөрчиж сонгууль явуулж Үндсэн хуулиа зөрчсөн. Мөн УИХ нь өөрийн харьяа байгууллагууд гээд хажуудаа олон байгууллага наачихсан. Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт байгууллагуудыг харьяандаа авч УИХ-ыг хоёрдогч Засгийн газар болгож хувирчихсан. Уг нь энэ нь Үндсэн хуульд огт байхгүй заалт юм. Сүүлд баталсан хуулиудаасаа аль ашигтай заалтуудыг хувааж авдаг байдал нь хуулийн гадуур үйлдэл болж хувирсан. Хууль гэдэг уг нь эд зүйл биш шүү дээ. Үүнээс гадна Үндсэн хуулиар ард түмэн орон нутгийнхаа бие даасан байдлыг бүрдүүлнэ зэрэг ойлгомжтой энэ тогтолцоо руу дэлхийн ихэнх орон явж байгаа. Тэдний зарим нь ухарч, буцаж, будлиж байна. Бидний нэг азтай нь Монгол Улс 1992 онд энэ тогтолцооныхоо суурийг зөв тавьсан явдал юм. Харин азгүй нь 2000 онд үүнийгээ үймүүлчихсэн. УИХ-аар дордуулсан долоогоор ардчиллаа үгүй хийчихсэн.
-Үндсэн хуулийг дордуулсан долоогийн гол заалтад парламентын нууц санал хураалтыг аваад хаячихсан гэж та хэллээ. Харин ч илээр санал хураана гэдэг ардчилал юм биш үү?
-Ил санал хураалт бол ардчилал биш. Ардчиллын хамгийн амин сүнс нь саналаа нууцаар өгөх явдал юм. Тэртээ тэргүй ил байсан ч Засгийн газраа унагааж л байгаа биз дээ. Нууц санал хураалтын ард нийтээрээ ойлголцсон, нийт гишүүдийг дэмжлэгийг жинхэнээсээ авсан, айлгаж, сүрдүүлж, хүчээр бус сэтгэл зүрхний дуудлагаар санал явагддаг юм. Мөн дордуулсан долоогоор Ерөнхийлөгчийнхөө институцийг нааш ч үгүй, цааш ч үгүй болгочихсон. Ерөнхийлөгч эв нэгдлийн баталгаа байж чадахаа больчихсон. Мөн УИХ-ыг маш сулруулсан.
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль өөрчлөхөөс өөр чадамжгүй болчихсон юм уу. Олон хүн ингэж шүүмжилж байна?
-Үнэндээ манай парламентын нэг ч гишүүн Үндсэн хуулиа бүрэн гүйцэд уншаагүй. Нэг ч удаа Үндсэн хуулиа дагаж хууль гаргаж байгаагүй. Жишээ нь, аливаа нэг хууль өргөн барилаа гэхэд хамгийн эхэнд Үндсэн хуулиар тухайн хуулийг зохицуулж байгаа заалтуудыг чухалчлах ёстой л доо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад хууль урган гардаг. Тэгтэл нэг ч хүн Үндсэн хуулиа сөхөж харахгүйгээр өөрсдийнхөө хүссэнээр хууль гаргачихдаг. Үндсэн хуультайгаа авцалдаагүй хуулиуд батлаад байсны уршгаар Цэц дээр хуулиуд унаад байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Хэрэв Үндсэн хуулиа харж, уншсан бол олон асуудал буруу шийдэгдэхгүй байх байсан.
-Монгол ардын нам олонх байхдаа Үндсэн хуулийг шинэчлэн батлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг хүмүүс бий. Таны хувьд олигархийн Үндсэн хууль батлах нь гэж буруутгаад байгаа. Яагаад ?
-Хэрэвзээ Үндсэн хуулийг шинэчлэн баталъя гэвэл 1992 оны зарчмаар явах ёстой. Тэгтэл өнөөдөр тийм байж чадахгүй байна. Хуйвалдааны зарчмаар Монголын төрийн тогтолцоо, бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулах гээд байгаа учраас би эсэргүүцэж байгаа юм.
Авлигажсан,хаалттай, мафижсан тогтолцоо руу орж, ард түмний гэсэн тодотголтой заалтуудыг авчихвал урт настай байж чадахгүй.
2016 оны сонгуулийн үр дүнд бий болсон МАН олонх болонгуутаа Ерөнхийлөгчийн засаглалаа авъя. Өнгөрсөн найман жил ардчилсан нам Ерөнхийлөгчөө авлаа, одоо манай ээлж гээд ажлын хэсэг гаргасан. Яагаад гэвэл тухайн үед МАН намын даргаа Ерөнхийлөгч болно гэж тооцоолж дахин МАН сонгуульд ялагддаггүй болох тэр тогтолцоог Үндсэн хуульд оруулах гэж байсан юм. Гэвч АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон. Тиймээс одоо бүх эрхийг Ерөнхий сайдад, намын даргадаа төвлөрүүлэх тухай санал явж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга нь Ерөнхийлөгч болбол тийш нь бүх эрх мэдлийг өгнө, эсрэгээрээ намын дарга нь Ерөнхий сайд байвал мөн бүх эрх мэдлийг өгнө гэсэн санаа. Энэ байдал гэнэт бий болчихсон зүйл биш. Социализмын үед ч байсан. Ерөнхий сайд гол хүн байж үзлээ. Дараа нь намын дарга, Ерөнхийлөгч ч гол хүн байж үзлээ.
-Та супер Ерөнхийлөгч, супер Ерөнхий сайд хоёулаа Монголын ардчилалд аюултай гэж болгоомжилж байх шиг?
-Тэгэлгүй яахав. Энэ нь Монголыг хараат байлгах, Монголыг хэн нэгэн бүлэглэл удирдах гэсэн оролдлого. Өмнө нь ийм бүлэглэл ЗХУ-д байсан юм. Энэ бүлэглэл Монголыг захирч, дарангуйлж, баялгийг нь дээрэмдэж байсан тогтолцоог өнөөдөр бүлэглэл өөртөө үйлчлүүлж Үндсэн хуульгүй орон болгохыг санаархаж байна. Хэн дуртай нь эцэг хуулиа өөрчлөөд байх юм бол Монгол Улс Үндсэн хуульгүй улс болно. Үндсэн хуульгүй болсноор хууль ёсгүй, дур зоргоороо шийдвэр гаргаж, дуртай даргын шийдвэр Үндсэн хуулиас дээгүүр байх энэ тогтолцоог бий болгож байгаа юм. Монгол Улсыг сүйрүүлэх бодлогыг өнөөгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх гэж байна.
–60 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, гарын үсгээ зурсан. Харин та гарын үсгээ зураагүй нь дээрхтэй холбоотой байх нь ээ?
-Тийм ээ. Би гарын үсгээ зурахгүй.
-Нэг нам олонхоороо гарсан энэ үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн нь зөв. Үгүй бол хэрүүлийн алим болж хувирна гэдгийг зарим судлаач хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ нь тун буруу ойлголт. Үндсэн хууль бол олонх цөөнхийн асуудал огт биш. Өнөөдөр сонгуулийн тогтолцоогоор ард түмний эрхийг хуйвалдаж луйвардаж авчхаад бас Үндсэн хуулийг өөрчлөн дахин өөрсдийгөө эрх мэдэл, баялагт мөнх эзэн суух гэсэн нөхцөлөө хангах тогтолцоо руу явна гэдэг нь өөрөө эргээд л хувьсгал болно.
-Сүүлийн үед төрийн засаглалын өнөөгийн хэлбэрийг өөрчлөх Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай зарим улс төрийн хүчнүүд ярих болсон. Засаглалын хэлбэрийг өөрчлөх нь Үндсэн хуульд хэрхэн тусах вэ?
-Мэдээж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим эрх мэдлийг нь нэмж парламентын засаглалаас хасна гэсэн үг.
-Та тэгээд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна уу, парламентын засаглалыг дэмжиж байна уу?
-Дэлхийн ихэнх улсын засаглалын тогтолцоо нь парламент. Нөгөө талаас бид өнгөрсөн 70 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн засаглалтай байж үзсэн шүү дээ. Үүнээс гарахын тулд бид хувьсгал хийсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын засаглалыг хойш нь ухраах сонирхол тодорхой бүлэглэл байна. Товчхондоо, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмнээс эрх мэдлийг нь булаах гэсэн санаа. Сонгуулийн пропорциональ хувилбар буюу намуудын саналаар УИХ-ыг бүрдүүлдэг тогтолцоог Үндсэн хуульд оруулахыг зориод байгаа юм. Ард түмэн дахин хэзээ ч УИХ-д төлөөллөө сонгохгүйгээр хүчээр нам сонгодог болгуулж, нам нь өөрсдийнхөө хуйвалдсан хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлдэг байж болохгүй.
–Ирэх оны төсөв хэлэлцэж байна. Засгийн газраас хэт “өөдрөг” төсөв орж ирсэн гэдгийг зарим гишүүн хэлж байгаа. Таны хувьд ирэх оны төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийслэлийн утаа эхэллээ. Түгжрэл, ажилгүйдэл, ядуурал энэ бүхэн өнөөдөр төсвийн гадуур орхигдчихсон. Төсөв гэхээр л бизнес байдаг. Хөрөнгө оруулалт нэрийдлээр өөрсдийн тендер, төслүүдэд анхаарал хандуулчихдаг. Гэтэл нийгмийн асуудлуудад хөрөнгө оруулалт тусгагдахгүй байна. Гэр хорооллын айл өрхүүдийн амьжиргааны байдлыг дээшлүүлж, аль болох олон айл өрхүүдийг орон сууцны найман хувийн зээлд хамруулах шаардлагатай байна. Ирэх оны төсөвт гэр хороолол руу чиглэгдсэн бодлого үндсэндээ орж ирээгүй гэж хэлж болно.
-Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн үрэлгэн зардлыг хэмнэе гэдэг саналыг гаргасан. Төсвийг хэмнэх боломж юу байна вэ?
-Ерөнхийлөгчийн санал болгож байгаачлан төрийн байгууллагуудын төсөвт зардлыг 15-20 хувиар шууд хасах ёстой. Ингэснээр тухайн байгууллага зөвхөн шаардлагатай орон тоогоо авч үлдэж, хэрэгтэй ажлаа л хийнэ. Жил бүр төсөвт нь 10 хувь нэмж өгөөд байхаар ямар ч хэрэгцээгүй байсан орон тоогоо нэмээд л, хэрэгтэй хэрэггүй сургалт семинар зохион байгуулж л өнөөх мөнгийг нь үрж дуусгадаг. Тийм учраас агентлагуудын тоог хүчээр буулгаж, дэд сайдууд, 150 орлогч дарга нарыг хүчээр байхгүй болгох хэрэгтэй. Ингэж чадвал төрийн бүтэц гуалиг, үр бүтээмжтэй төрийн тогтолцоо болж хөгжинө. Харамсалтай нь энэ бүхнийг зоригтой хийж чадахгүй байна.
-Танай намын үед ч тэр байсаар л байсан төрийн данхар бүтэц шүү дээ?
-Дан ганц манай намын үе биш. Зарим үед гурван нам гурвуулаа хамтарч байлаа.
-АН-ын бүлэг сүүлийн үед Засгийн газар руу нэлээд баалах болсон. Ер нь АН-ын бүлэг сөрөг хүчин шиг хэр байж чадаж байгаа вэ?
-Засгийн газрын хийж байгаа ажлууд нь нэг бол буруу, дутуу эсвэл огт хийгдэхгүй байна. Үүнийг нь манай намын бүлэг шүүмжилдэг. Сонгогчидтойгоо уулзаад тэдний хэлснийг нь парламентын танхимд дамжуулж хэлдэг хүмүүс, бид. Бидний хэлж байгаа үг, өгүүлбэр бүрийг сонгогчид нь хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.