УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 55.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. Тухайлбал, УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан төсвийн орлого нэмэгдүүлэх хүрээнд “Автобензин, дизелийн түлшний Онцгой албан татварыг 228.000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлье”, “Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналууд олонхийн дэмжлэг хүлээлээ.
Энэ мэтчлэн тодорхой саналууд дэмжлэг хүлээж, дараагийн саналаар санал хураалгах шатанд Батлан хамгаалах салбарын төсвийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураалгаагүй байна гэсэн гомдол гарч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа. Энэ хооронд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбарын төсвийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тухай саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгахаар болов.
Г.ДАРЬ