-“Мартагдахгүй юмсан” тоглолт нэгдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд болно-
Монгол улсын Гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай…” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.
Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уран бүтээлээрээ хамт яваа Зууны манлай хос дуучдын “Мартагдахгүй юмсан” тоглолт энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болох гэж буй. “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ.
Зууны манлай хос дуучид өнөөдөр тоглогдох “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо дараагаар зодог тайлна гэдгээ мөн мэдэгдсэн юм. Тэгвэл түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчдийн “Мартагдахгүй юмсан” тоглолтын тасалбар хэдийнэ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр маргааш дахин тоглохоор болсон ч мөн адил тасалбар нь дууссан байна. Ийнхүү эрхэм дуучид маань үзэгч түмнээ хүндэтгэж дахин нэг өдөр нэмж тоглохоор болжээ. Ингээд зууны манлай хос дуучин Гавьяат жүжичин, дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт нэгдүгээр сарын 22, 23, 24-ны өдрүүдэд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө тоглогдохоор болжээ.
Зодог тайлахаа мэдэгдсэн хос дуучдын тоглолтын тасалбар чамгүй эрэлттэй байгаа бөгөөд үзэгчдийн хүсэлтээр тоглолтынхоо өдрүүдийг сунгахад хүрсэн гэдгээ уран бүтээлчид хэлж байсан юм.
Э.ТЭКҮ