Анагаах ухааны салбарт шуугиан дэгдээсэн нээлтүүд

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Анагаах ухааны салбарт шуугиан дэгдээсэн нээлтүүд

Техник технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед анагаах ухааны салбарт ч олон гайхалтай нээлтүүд хийгдэж байна. Элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинуудыг бүтээж, амжилттай эмчлэх үр дүнтэй эмчилгээ болон нөхөн сэргээх аргууд, өмнө нь боломжгүй мэт яригддаг байсан зүйлсийг бодит амьдрал болгосон гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байна.

  1. Робот мэс засалч

Мэс засал хийж буй эмч нар удаан хугацаанд тасралтгүй ажиллах үед гар чичрэх, нүд бүрэлзэх, анхаарал сарних зэрэг физиологийн олон бэрхшээл гардаг ба үүнээс шалтгаалан нарийн мэс заслын үед алдаа гарах магадлал багагүй байдаг байна. Үүнийг шийдэх үүднээс мэс засал хийдэг роботыг ашиглах туршилт хийгдэж эхэлжээ. Робот эмчийг тархины болон хавдрын мэс засалд ашиглах нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна.

Учир нь хавдрын мэс засал хийлгэх үед хавдартай хэсгийг дутуу авах, үсэрхийлсэн хэсгийг мэдэлгүй үлдээх зэрэг тохиолдол их гардаг ба робот эмч нь үүнийг хагалгаа хийх явцдаа өөрөө бүрэн тодорхойлж, хавдрын эс халдварласан бүх хэсгүүдийг бүрэн авах чадвартай гэдгээрээ давуу талтай аж.


  1. Биед суулгах бичил хянагч

Байнгын эмчийн хяналтанд байх шаардлага бүхий өвчтнүүдийг биеийн аль нэг хэсэгт арьсан дор нь жижиг хянагч чип суулгадаг болох нь. Энэхүү чип нь тухайн хүний биеийн бүхий л амин чухал үзүүлэлтүүдийг хянахаас гадна байнгын интернэтэд холбогдон эмч зайнаас өвчтөнөө хянах боломжийг олгох юм байна.

Мөн мартамхай хүмүүс цагийн хуваарийн дагуу эм бэлдмэлээ уусан эсэхийг хянагч мэдээлж байх ба энэ нь эмээ уулгүй таслах, давхардуулж уух эрсдлийг бууруулна. Мөн өдрийн 24 цагийн турш өвчтний биеийн байдлыг хянаж, эрсдэлтэй тохиолдол бүрт хариуцагч эмч, түргэн тусламж руу автоматаар мэдээлэл илгээх юм. Ингэснээр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, амь насыг аврах боломжтой болно гэж үзэж байна.


  1. Хиймэл цус

Цус алдалтаас үүдэлтэйгээр амь насаа алдах тохиолдол элбэг тохиолддог байна. Үүнийг донорын цусаар шийдвэрлэхийг хичээдэг ч дэлхий бүхий л оронд донорын цусны хангалттай нөөц бүрдэж чадахгүй, үргэлж дутагдалтай байдаг аж. Мөн хүн бүрийн дархлааны тогтолцооноос хамаарч хэдий ижил бүлгийн цус сэлбэсэн ч ноцтой хүндрэлүүд гарах нь элбэг байдаг байна.

Тиймээс эрдэмтэд үүнийг шийдэх бүх хүнд хийхэд таардаг 0 бүлгийн цусны улаан бөөмийг бүтээж чаджээ. Эрдэмтэд энэхүү нээлтэн дээрээ тулгуурлан цусыг хиймлээр үйлдвэрлэх аргыг судалж эхлээд байна. Тэдний судалгааны ажил амжилттай дуусвал донорын шаардлагагүйгээр цусыг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болох юм.


  1. Лабораторид ургуулсан хиймэл, ухаалаг эрхтнүүд

Массачусеттсын Технологийн их сургуулийн Биологийн анагаах ухааны инженер профессор Роберт Лангерс хүний эд эсээс дээж аван, шаардлагатай байгаа эд эрхтнийг лабораторид ургуулж, түүнд бичил мэдрэгчийг суулгаснаар “ухаалаг” болгож болно хэмээн мэдэгджээ.

Хүний эд эрхтнийг лабораторийн аргаар, хиймлээр гарган авах нь цоо шинэ зүйл биш бөгөөд хүний арьс, үтрээ, хамар болон чихийг амжилттай ургуулан хүнд шилжүүлэн суулгаж эхлээд байгаа билээ. Хүний биед хиймэл эд, эрхтэн суулгах үед дархлалын систем хүчтэй ажиллан гадны биетыг эсэргүүцэн устгах ажиллагааг идэвхитэй явуулдаг байна. Тиймээс дархлалыг дарангуйлах эм бэлдмэл байнга хэрэглэх шаардлага гардаг. Үүний нөлөөгөөр өөр бусад өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй нүүр тулдаг.

Энэхүү бэрхшээлийг үгүй хийн хүний дархлалын системд өөрийн эд эрхтэн шиг танигдах материалаар хиймэл эд эрхтнийг ургуулах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа тухай профессор Роберт Лангерс онцолжээ. Тиймээс үүнийг шийдэх шинэ материал гаргаж авах дээр эрдэмтэд түлхүү анхааран ажиллаж эхэлсэн байна.

Ойрын хэдэн жилдээ энэ ажил хийгдэж дуусан ухаалаг хэрнээ хиймэл эд эрхтнүүд анагаах ухааны практикт өргөн хэрэглэгдэж эхлэх боломжтой аж.


  1. Бионик эрхтнүүд

Энэ нь хиймэл эрхтэн ба металл болон хуванцар материалаар хийгддэгээрээ ларориторид ургуулсан эд эрхтнээс ялгарна. Одоогийн бидний эмнэлгийн практикь өргөн ашиглаж буй хиймэл хөл, гарыг илүү боловсронгуй, яг л өөрийн мэт ажиллах нарийн мэдрэмжтэй болгон хөгжүүлж байгаа юм. Жишээ нь бионик гар нь бүхий л хуруугаа тус тусад нь удирдах, жижиг хэмжээний зүйлсийг ч чимхэж барьж чадах гэх мэт нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай болсоор байна.


  1. Ууц нурууны саа өвчнийг эмчилнэ

Нурууны гэмтэл бол хамгийн хүнд өвчний нэг. Биеийн бүх хэсгийн мэдрэл нурууны нугасаар холбогддог, Тиймээс түүний гэмтэл нь нурууг төдийгүй хүний биеийг бүхэлд нь хөдөлгөөнгүй болгох эрсдэлтэй.

Ууц нуруунд өгдөг цахилгаан цочролын гүйцэтгэх үүргийн талаарх шинэлэг нээлт нурууны нугасны хүнд гэмтэл аван хэвтэрт байгаа хүмүүст дахин бие даан явж чадах боломжийг олгож байна.

Эрдэмтэд дээрх гэмтэл авснаас босч явж чадахаа больсон өвчтнүүдэд сайн дурын үндсэн дээр туршилт хийн тэдний нугасанд цахилгаанаар цочрол өгсний дараа биеийнхээ бусад хэсгийг мэдэрч эхэлсэн байна. Цахилгаан цочролыг уламжлалт эмчилгээний гимнастиктай хослуулсан нь илүү сайн үр дүн өгсөн байна. Энэ нь дэлхийн олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа юм.


  1. Залуу насыг хадгална

Эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэргэжилтнүүдийн араас замнахдаа, хөгшрөлтийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг химийн бодисыг залуу хүмүүсийн цуснаас олжээ. Шинжээчдийн гурван бие даасан хэсэг туршилтыг зэрэг хийсэн байна. Ой санамж, сэтгэцийн үйл ажиллагаа, булчингийн хүч, тэсвэр хатуужлыг сайжруулахад уг бодис нөлөөлдгийг судалгааны явцад тогтоожээ.

Хөгшрөлтийг буцаахад тусладаг тодорхой бодисыг гаргаж авсан гэж хоёр хэсгийнхэн нотлож байна.Одоогоор амьтан дээр туршилт хийгээд байгаа ба ойрын жилүүдэд хүн дээр туршилт хийснээр бодит үр дүн нь гарах юм байна.


  1. Цус харвалтыг эмчлэх

Цус харвах нь аймшигтай өвчин бөгөөд байнга шахуу үхэлд хүргэдэг. Харин цус харвасан хүн амьд гарсан бол, ихэнхдээ хөдөлмөрийн чадвараа алддаг. Энэ нь тархины зарим нэг эд эс үхжиснээс үүдэлтэй байдаг байна.

Өнөөдөр эрдэмтэд эмчилгээний шинэ арга олсон бөгөөд тодруулвал өвчтний тархинд эрүүл эс суулгаж өгөх арга юм. Харвалтын улмаас хөл, гараа хөдөлгөж чадахаа больсон өвчтнүүдэд уг туршилтыг хийхэд дөрвөн мөчөө дахин хөдөлгөж чадсан байна.

Энэ нь цус харвасан олон сая хүний хувьд итгэл найдвар төрүүлж эхлээд байгаа юм.

Н.ЦЭНД

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж