УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Авто бензин, түлшний Онцгой албан татварын орлогыг 228.000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, “Цалин нэмэхтэй холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм.
Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Б.Цогтгэрэл “Ийм юм батлаад сууж байдаг Архангайн Болор ичих хэрэгтэй” гэж твитер хуудсаараа дамжуулан жиргээд байна. УИХ-ын гишүүн Б.Болор нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга юм.
Дэмжихгүй байгаа шалтгаанаа тэрээр “Авто бензин, түлшний ОАТ-ыг нэмснээр одоогийн ханш хэвээр хадгалагдана гэсэн үг. Энэ нь эргээд голлох бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө” гэж үзэж байна. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан, мөн УИХ-аас ОАТ-ыг төгрөгөөр тооцож авдаг болох асуудлыг шийдэх шатанд яваа юм. Ийм үед нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах ОАТ-ын орлогыг нэмэх нь эргээд үнэ буурахгүй байх суурь шалтгаан болно” гэж тайлбарлаж байна.
Харин Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ гаргасан нөхцөлд дайчилгааны замаар татвар авах ажиллагаа өрнөнө гэж үзэж байна.
Одоо УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Энэ үеэр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн зарчмын зөрүүтэй бүхий л саналаар гишүүдээр санал хураалгах ёстой. Энэ үед дээрх санал дахин дэмжлэг хүлээвэл биежиж, батлагдан, хэрэгжих юм.
Г.НАРАН