Сонгуулийн хурууны хээ авах зориулалттай компьютеруудыг акталжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хурууны хээ авах зориулалттай компьютеруудыг акталжээ

Сонгуулийн хурууны хээ авах зориулалттай компьютеруудыг акталжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2018.10.23/ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёрдох хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

 УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Орлого нэмэгдүүлэх боломж бий юу. Төрийн өмчит аж ахуй нэгжүүд олон байгаа. Тэдний дийлэнх нь алдагдалтай ажилладаг. Энэ аж ахуй нэгжүүдийг хэрхэх талаар ямар бодлого барьж байна вэ. Цэгцтэй ажиллуулбал ядаж зарлага тал нь бага гарах юм  биш үү.

Хоёрдугаарт, засаглалын асуудал. Алдагдалтай аж ахуй нэгжүүдийн ТУЗ-д нь манай төрийн албан хаагчид бий. Тэдний дотор тухайн салбартаа нэг өдөр ч гэсэн ажиллаж байсан туршлага байхгүй. Аж ахуй нэгж ажиллуулж  үзээгүй хүмүүсийг ТУЗ-д байлгаад  алдагдалтай ажиллуулаад байдаг. Ингэж ажилласных нь төлөө өөр компанийн ТУЗ-д ороод яваад байдаг байдлыг хэзээ зогсоох вэ?.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

2016 оны байдлаар төрийн өмчийн аж ахуй нэгжүүд 400 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан. 2007 оны жил эцсийн байдлаар 840 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүн дотроо уул уурхайн компаниудын ногдол ашгаас 300 тэрбум төгрөгөөр Ирээдүйн өв санг бүрдүүлж байгаа. Энэ оны жилийн эцсийн байдлаар 1 их наяд  300  тэрбум  төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцоолж байгаа. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг  голдуу салбарын яамд, холбогдох газруудын төлөөлөлтэйгөөр бүрдүүлдэг хуультай.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

2019 оны төсөвт Ерөнхий сайдын багц  өмнөх онтой харьцуулахад 90.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний ихэнх нь  хөрөнгийн зардалд зарцуулагдахаар  байна. Бид контор саванд бага зардал гаргая гэж ярьж байгаа шүү дээ. Хөрөнгийн зардал гэдэг үндсэндээ энэ л байх гэж би таамаглаж байна. Конторын зардалд 100 тэрбум гаруй төгрөг төсөвлөж байгаа юм бол хүүхдийн  мөнгөний 27 тэрбум төгрөгийг өгчихмөөр байгаа юм. ОУВС яагаад  контор сав барихад  зарцуулах 100 тэрбум төгрөгийг зөвшөөрдөг юм бэ. Үүнд ямар учир шалгаан байна вэ.

Нөгөөтэйгөөр Ерөнхийлөгчийн  багцыг өнгөрсөн онынхтой харьцуулахад 616 сая төгрөгөөр хассан байгаа юм. Үүндээ тайлбар хийнэ үү. Гуравдугаарт  СЕХ-ны 3000 ширхэг  хурууны хээ авдаг компьютерийг бүгдийг нь актлаад  орон нутагт тараасан байна. Хурууны хээ авдаг компьютер бол байнгын ашиглаатай байж болохгүй баймаар юм. Сонгуультай холбоотой хурууны хээний асуудлыг бушуухан нэг тийш нь болгоё гэсэн санаатайгаар хөдөө орон нутагт тараачихсан юм биш биз дээ. Дараагийн сонгууль болоход нэг ч компьютер байхгүй, хөрөнгийн асуудлыг нь шийдье гэхээр энэ жилийн төсөвт ороогүй хасаад хаячихсан. Сонгууль хийгүй гэж төлөвлөж байгаа юм уу. Эсвэл хурууны хээгүйгээр хэн дуртай нь очоод санал өгдөг болгоё  гэж байгаа юм уу. Нэгэнт тогтсон энэ зөв жишгийг яагаад устгаад байгаа юм бэ. Хэний шийдвэрээр устгах гэсэн юм бэ?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ерөнхий сайдын багц дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг нь үнэн. Учир шалтгаан нь АН-ын бий болгосон концесстой холбоотой. 2.4 их наяд төгрөгийн концессыг та бүгд 2016 оны сонгуулийн дараа бидэнд уламжлуулж өгсөн. Энэ мөнгийг чинь бид төлөөд явж байгаа. Та бүгдийн байгуулсан мөнгө шүү. Улс орон даяар  хаа хамаагүй концессууд байгуулсан. Үүний төлбөрүүд нь Үндэсний хөгжлийн газар гээд Ерөнхий сайдын багцад орсон байгаа. Хоёрдугаарт нь нэг удаагийн засваруудыг хассан. Жил бүр засвар хийгээд байхгүй шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

СЕХ-ны компьютерүүд элэгдэлд ороод ашиглагдахгүй УБЕГ-ын агуулахад байсан. Хурууны хээтэй компьютер гэж байдаггүй юм. Энэ тухай ойлголтын зөрүү байна. Хурууны хээ уншдаг төхөөрөмж нь тусдаа. Техник технологи өдрөөр бус жилээр өөрчлөгдөж байна. 2010-аад оны үед гарсан компьютерүүд ашиглагдахгүй агуулахад байсан учраас бүх багийн дарга нарт өгсөн. Уг төсвийг 2020 оны төсөвт суулгаж  сонгуулийн өмнө шинэ компьютерийг тусгаж журмаараа авч ашиглаж болно гэж үзэж байгаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

Эдгээр компьютер хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан. Хуулиараа УБЕГ хариуцдаг. 2012 онд нийтдээ 2946 ширхэг компьютер авсан. Ингээд зургаан удаагийн сонгуульд эдгээр компьютерийг ашигласан. Эдгээр компьютер хурууны хээг уншиж мэдээллийг уншдаг, улмаар мэдээллийн сандаа хадгалдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу автоматжуулсан системийн бүрэлдэхүүн хэсэг нь гэж  үздэг. Тийм учраас Тагнуулын Ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтад байдаг техник хэрэгсэл. Уг компьютерүүдийг акталж  тарааж байна гэсэн мэдээллийг авч ТЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж хадгалалт, хамгаалалтыг нь үзэхэд бүх компьютерийг тарааж дуусгасан байсан. Ц.Нямдорж сайдын харьяанд байдаг агентлагийн хөрөнгө. Үүнийгээ нөхөн бүрдүүлэх арга хэмжээг авч өгнө үү гэсэн албан тоот бичгийг Ц.Нямдорж сайдад хүргүүлсэн. Мөн Сангийн сайдын нэр дээр албан тоот явуулсан ч боломжгүй гэдэг хариу ирсэн. Бид 2019 онд үүний төсөв хөрөнгийг нь бүрдүүлэхгүй бол 2020 онд амжихгүй. 2020 оны сонгуулийн өмнө техник төхөөрөмжийг шалган туршиж баталгаажуулах ажлууд хийдэг. Тиймээс 2019 оны төсөвтөө тусгах шаардлагатай байна. Хууль зүйн сайдын 2019 оны төсвийн төсөлд 11.5 тэрбум төгрөгийг тусгаж хүргүүлсэн боловч хасагдсан.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд зарчмын санал гаргаж  сонгуулийн хурууны хээ авах зориулалттай компьютерийг худалдаж авахад шаардлагатай 7 тэрбум төгрөгийг нийт төсвийн урсгал зардлын нэмэгдлээс гаргахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёрдох хэлэлцүүлгийг баталъя гэсэн горимын санал 86 хувиар дэмжигдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж