ХЗБХ: Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 23 минутад эхэллээ. Эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төслийн талаар танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд 440.2 тэрбум төгрөгийн хүрээнд ирэх оны төсвөө төлөвлөх чиглэл авчээ. Энэ хүрээнд Засгийн газар, Сангийн яамны байр суурийг харгалзан үзээд нийт 493.1 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг хянаж, батлагдсан төсвөөс 66 тэрбум төгрөгөөс нэмж төсөвлөн санал оруулж байгаа гэв. Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 39 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 508 сая төгрөг, хангамж бараа материалын зардалд 209 сая төгрөг, норматив зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр, эд хогшлын урсгал зардал -568 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил хөдөлмөрийн төлбөр хураамж 4 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 2.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн гэв. Урсгал шилжүүлэг 18 тэрбум төгрөг, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардал 36 тэрбум төгрөг төлөвлөжээ. Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль сахиулах их сургууль, яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмчийн газрын төсөв багцаараа энэ хүрээнд хөндөгдөж буйг тэрбээр онцоллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх танилцуулгад Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг УИХ-ын харьяа байгууллагын төсөв яригдаагүй дурдаад энэ талаар тодруулах зүйлсийг хуралдаанд оролцож буй холбогдох албан тушаалтнуудаас авч болно гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал, Л.Энхболд, Ж.Ганбаатар нар төслийн танилцуулгын хүрээнд асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм.

УИХ-аар Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цахим хэлбэрт шилжүүлэн шуурхай болгох хуулийн зохицуулалтыг баталсан. Харин хуулийн хэрэгжилтийг хангах төсөв санхүүг 2019 оны төсвийн төсөлд тусгасан эсэхийг гишүүд тодруулсан юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулах ажлын төсвийн талаар Ц.Нямдорж сайд тайлбар өгөв. Салбарын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, зарим чиглэлээр идэвхжүүлэхэд төсөв, санхүүжилтийн шаардлага их байгаа ч боломжид тулгуурлан төлөвлөлт хийсэн. Бүртгэлийн чиглэлээрх шаардлагатай хөрөнгө оруулалт, камержуулалт зэрэг зарим ажлыг гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр холбогдох яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа гэв.

Монгол Улс бие даасан төрийн мэдээлэл солилцооны системтэй болох, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хур” төрийн мэдээлэл солилцооны системийг хөгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бүхий л төрлийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх “Дан” системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Цахим бодлогын түр хороо эдгээрийн үйл ажиллагаатай танилцахад дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын дутагдалтай байдлаас болж төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хүндрэлтэй болж байгааг Н.Учрал гишүүн хэллээ. Төр бүртгэлийн ажлаа цахимд хөрвүүлж чадахгүй удаашрах хэрээр мэдээллийн аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсэх үр дагавартайг тэрбээр хэлж байсан юм. Мөн төсвийн төлөвлөлт дээр шүүмжлэлтэй хандаж буйгаа тэрбээр илэрхийлж байв. Салбарын сайд Ц.Нямдорж төрийн үйлчилгээний цахим шилжилтийн дэд бүтэц, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хөндөх үеэр “2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 11 тэрбум төгрөгийн зардлыг зайлшгүй тусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр 2013 оноос хойш хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд салбарыг чадавхжуулахад төсөв санхүүжилтийн шаардлага бий гэдгийг хэлэв.

Хүний эрхийн үндэсний комисс 1.127 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөсөн ч төсөлд 989 сая төгрөгөөр тусган томилолтын зардлыг тэглэсэн асуудлыг  Ж.Бямбадорж дарга хэллээ. Энэ хүрээнд тус байгууллагын орон нутаг дахь болон гадаад бодлогын асуудал бүрэн хумигдаж байгаа гэв. АТГ-ын орон тооны дутагдал, томилолтын зардалтай холбоотой Л.Энхболд гишүүний тодруулгад ажлын хэсгээс хариулт өглөө. 2019 оны төсөлд орон нутгийн томилолтын зардалд 186.3 сая төгрөгийг төлөвлөсөн бөгөөд одоогоор мөрдөгчийн 50 орон тоо нэн шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн. Төсвийн төслийн хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг салбар бүртээ анхаарах шаардлагатай бөгөөд хууль зүйн салбарынхан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхад анхаарах бололцоо бий гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн  илэрхийллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим асуудлаар санал хэллээ. Тухайлбал, тэтгэвэртээ гарч буй албан хаагчдын нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн цэрэг, цагдаа, АТГ гээд салбарын бүх байгууллага дахь орон тооны дутагдалтай асуудлыг нэгтгэн шийдэх, мөн ирэх оны төсвөөс сум орон нутаг дахь цагдаагийн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай унааг шийдэх асуудлыг холбогдох албан тушаалтнууд анхаарах зэргийг хэллээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсов. Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг баталсантай холбогдуулан УЕПГазраас холбогдох заавар, журмуудыг боловсруулан баталж мөрдүүлээд байгаа талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа. Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнг шинээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд гэмт хэргийн өсөлт, бууралтын шалтгааныг судлах, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл шүүхээс өөрчлөгдсөн шалтгаан, Монгол Улсын хүн амын амиа хорлох тохиолдлын суурь судалгааг хийжээ.

Мөн онд гадаад улсуудад эрх зүйн туслалцааны 18 хүсэлт хүргүүлсний 4-ийнх нь хариу иржээ. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн 18 хүсэлтээс 17-г биелүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хүлээн авсан болон илгээсэн хүсэлтүүд нь авлига, албан тушаал, бусдыг залилан мэхлэх, цахим халдлагад өртсөний улмаас гадаад улсад их хэмжээгээр мөнгө шилжүүлэн хохирсон, бусдын амь насыг хохироосон хэргүүд зонхилж байгаа гэв. Улсын хэмжээнд тодорхой төрлийн зарим гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг шалган судалж, түүний мөрөөр зохион байгуулсан ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа.

Үргэлжлүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын талаар танилцуулав. 2017 оны эхний хагас жилд прокурорын байгууллагын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 216 шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн нийт 34103 материал хянаж, 108 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 256 шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 163 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 117 шаардлага бичиж, нийт 47 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэн 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойших хугацаанд эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 533341-ийг хүлээн авч бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан бөгөөд 3.9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 93.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0.2-ийг нь шалгаж байгаа аж. Улсын хэмжээнд нийт 11877 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 14.2 хувийг хэрэгсэхгүй болгож, 64.5 хувьд нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бөгөөд 2767 хэрэгт албадлагын арга хэмжээ авахуулжээ. Зөрчлийн улмаас иргэнд 2.5 тэрбум, хуулийн этгээдэд 2.4 тэрбум, төрд 200 сая төгрөг, нийтдээ 5.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Иргэнд учирсан хохирлын 60.7 хувь, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8 хувь, төрд учирсан хохирлын 46 хувийг тус тус нөхөн төлүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд тавих хяналтын хүрээнд хийсэн ажлын талаар танилцууллаа. 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 45177 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж 31.5 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 63.5 хувьд нь харин эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 2195 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй гарчээ. 2018 оны III улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 58437 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьснаас 60.5 хувьд нь мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолтой танилцаж, эрүүгийн хэргийн дугаар олгож, 30.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. 1.8 хувьд нь шууд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна. Мөн тэрбээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавьсан хяналтын ажлын талаарх тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Энхболд, О.Батнасан, Ш.Раднаасэд нар зарим зүйлийг тодруулж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас хариулт авсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж