Мартагдсан зохиолчидтой танилцъя

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Мартагдсан зохиолчидтой танилцъя

 

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” үзэсгэлэн “Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.

Эл гэрэл зургийн үзэсгэлэн нь “12” төслийн хүрээнд хийгдэж буй анхны үзэсгэлэн аж. Үзэсгэлэнгийн үеэр Монголын үе үеийн алдарт зохиолчид өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд зочидтой гэрэл зургаа татуулж байсан юм.

Бид олон кино жүжигчдийг сайн мэддэг хэдий ч өөрсдийнхөө бахархал болсон уран зохиолчдыг таних нь ховор. Тэгвэл уг үзэсгэлэнд монголын уран зохиолын салбарын олон алдартай уран бүтээлчдийн хөрөг тавигдсан байлаа.


Нээлтийн үеэр “12” төслийн санаачлагч Ө.Баттайвантай ярилцлаа.  

-Үзэсгэлэнгийн зорилго нийгмийн аль бүлэг рүү хандсан бэ?. Утга зохиолын салбаруудын баатруудыг сонгон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах болсон шалтгаан юу байсан бэ?

-Энэ онд Монгол улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. 80 жилийн ойн хүрээнд олон үзэсгэлэнгүүд зохион байгуулагдана. Хамгийн эхний арга хэмжээ бол төсөл “12” маань болж байна. Бид чинь аль ч дэлхийн хүчтэй улс гүрэнтэй адил өөрсдийн гэсэн омогших, бахархах бахархалтай хүмүүс юм шүү дээ. Цаг хугацааны эрхэнд Монгол улсынхаа бахархал болсон хүмүүсийг мартах хандлага мэдрэгдэж байна л даа. Үндэснийхээ бахархал болсон хүмүүсийг бид мартана гэдэг бол өөрсдийн гэсэн хүчгүй болж байгаагийн илрэл юм. Харин мартагдсан хүчийг сэргээхийн тулд, эргэн сануулахын тулд өнөөдрийнхөө утга зохиолын баатруудын зургаар үзэсгэлэн дэлгэж байна. Монголчууд оюуны маш их хүчтэй хүмүүс шүү дээ. Манай нийгмийн аль ч салбарт оюуны бахархал болсон хүмүүс бий. Эхнийхээ үзэсгэлэнгийн бахархал болсон хүмүүсээр утга зохиолын салбарын уран бүтээлчдийг онцолсон юм.

-Хичнээн уран бүтээлчдийн хөрөг “12” үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа вэ?

-Утга зохиолын манлай болсон 19 хүний зураг тавигдсан байгаа. Эдгээр уран бүтээлчид маань бид нарын дунд амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүсийн ихэнхийг ард түмэн мэднэ. Мөн хүмүүст танигдаагүй алдартнууд ч байна. Тиймээс эдгээр хүмүүсийг ард түмэндээ таниулахын тулд үзэсгэлэнгээ дэлгэлээ. Одоо харж байгаачлан үзэсгэлэнд хөрөг зураг нь байгаа бүх уран бүтээлчид бүгд ирчихсэн байна. Цаашдаа уг үзэсгэлэн маань орон нутгуудаар аялах болно. Бид нар Солонгос киноны баатруудаас гадна өөрсдийн гэсэн сэхээтнүүд, бахархал болсон уран бүтээлчид байдаг юм шүү гэдгийг залуу үеийнхэндээ сануулах зорилготой гэж хэлж болно

-Хөрөг зурагт утга зохиолын баатрууд илүү сонгогджээ. Дараагийн удаад ямар салбарын бахархал болсон хүмүүсийн хөрөг зураг дэлгэгдэх вэ?

-Шинжлэх ухааны салбар байж ч болох юм. Ер нь цаашдаа оюуны уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг сонгон ажиллана. Сүүлдээ урлагийн салбарын уран бүтээлчдийн хөрөг зургаар үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь оюуны уран бүтээл туурвидаг хүмүүсийг хүн тэр болгон таньдаггүй. Уран бүтээлчдийн хувьд ч ихэнхдээ л далд байдаг учраас онцолж байгаа. Манайхаас өөр Монгол туургатан улс үндэстэн өөрсдийнхөө зохиолчдыг страдын дуучдаас илүү таньдаг юм байна ш дээ. Бага сургуулийн хүүхдүүд хүртэл зохиолчдоо маш сайн таньдаг байх жишээтэй. Тува, Өвөр Монгол зэрэг улсын ард түмэн өөрсдийнхөө зохиолчдыг маш сайн мэддэг юм байна лээ.

-Зургийг хэвлэсэн байдал нь сонирхол татлаа л даа. Ганддаггүй хуулган дээр хэвлэж зохиолчдын хөргийг үзэгчдэд хүргэсэн байна. Ер нь фото зургийг үзэсгэлэнгийн стандартад тааруулж хэвлэхэд хэр бэрхшээл тулгардаг вэ?

-Зургийг “Нар мандах” гэдэг газар хэвлэлийн газар хэвлүүлсэн. Ерөнхийдөө 100 жил хадгалахгүй юм аа гэхэд 10 жил бол шинээрээ байна. (инээв.) Хэвлэлийн хувьд хүний хөрөг зураг хэвлэхэд хэцүү байлаа. Байгалийн өнгийг хэвлэхэд өнгө нь тод ялгарах шаардлага тийм ч их байдаггүй учраас зүгээр хэвлэчихэж болж байгаа юм. Харин хүний нүүрний өнгийг ялгарч гаргахад хүндрэлтэй. Хүний нүүрний өнгө гэдэг чинь өөрөө их нарийн ажиллагаа шаарддаг. Жишээ нь нэг хүний нүүрний өнгө ногоон, шаргал туяатай болчихвол хэцүү шүү дээ. Цаашдаа илүү сайн хэвлэлийн өндөр түвшинд хэвлүүлэхийг зорино.


Ардын уран зохилч Ш.Дулмаатай цөөн хором саатлаа.  

Хөрөг зургийн үзэсгэлэнгийн тухайд төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл их өндөр байна. Зохиолч биднийг ер нь ард түмэн маань мартах талруугаа орж байна. Биднийг эргэн санаж, сэргээж хөдөөгийн ард түмэнд хүргэнэ гэдэгт маш их баярлаж байна. Шинжлэх ухааны салбарын, ардын боловсролын, урлагийн сайчуудыг нийгэмд таниулж байгаа нь их таалагдлаа. Ер нь цаг хугацаа өнгөрөхөд эдгээр зургууд олдошгүй ховор л зураг болно доо. Хүмүүсийн амьд мэнд байхад нь зургийг нь авч хүмүүст таниулж байгаа нь авууштай юм даа. Бид нарт хэчнээн олон сайхан найзууд байсан бэ?…Д.Пүрэвдорж, С.Дашдооров, М.Цэдэндорж, Б.Явуу багш, Ц.Гайтав, Ц.Дамдинсүрэн багш, П.Хорлоо, Ч.Лхамсүрэн гуай зэрэг хэчнээн олон агуу зохиолчид бидний дунд байв. Тэгэхээр зохиолчдыг амьд байхад нь зургийг нь авч алдаршуулна гэдэг маш чухал. Хийвэл зохих чухал ажлуудын нэг юм шүү дээ. “12” төслийг санаачлагч хүүхдүүддээ би их баярлаж байна.

-Таны “Хүүгийн эцэгт бичсэн захидал” гээд олон бүтээлийг ард түмэн сайн мэднэ. Уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Зохиолч бидний бичсэн уран бүтээлийг гололгүй уншиж сэтгэлдээ гэрэл гэгээ авч байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Хамгийн жижиг дөрвөн мөрт хүртэл хүний сэтгэлд гэрэл гийгүүлдэг агуу зүйл юм шүү дээ. Ер нь зохиолчдын маань 500 ширхэг ном энэ их өргөн уудам оронд чинь хаана нь ч хүрэлгүй дуусдаг. Тийм учраас энэ төсөл нийт ард иргэдэд маш чухал зүйл юм. Цаашдаа энэ зургуудыг сургуулиудын номын санд өгвөл их сайхан дурсамж болж үлдэнэ дээ. Сургуулийн номын сангуудад манай дээд үеийн алдарт уран бүтээлчдийн зураг маш ховор. Тиймээс тэнд зургуудыг тавих юм бол олдошгүй эрдэнэс болно доо.

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж