УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.11.23/ ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус намын бүлгийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 оны төсөвт тусгагдсан гэр хорооллын айлуудын янданд суурилуулах яндангийн шүүлтүүрийн асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодруулахад “54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр тавих эсэх асуудлаар бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Өнөөдөр бүлэг хуралдаж энэ асуудлыг эцэслэнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.
МАН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс гэр хорооллын айлуудын янданд тавих шүүлтүүрийг эсэргүүцэж, төсвөөс хасах ёстой гэж үзэж байгаа бол зарим гишүүдийн зүгээс дэмжиж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлаар бүлэг нэгдсэн байр сууриа гаргах шаардлагатай учраас хуралдаж, эцэслэх гэнэ. Одоогоор бүлгийн хурлын цаг товлогдоогүй байна. Ямартай ч 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр тавих эсэх нь МАН-ын бүлгээс хамаарах нь ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ