Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар гадаадын компаниас зөвлөгөө авахад зориулж 2015 оны төсөвт 17 тэрбум төгрөг суулгасан гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн нь олны анхаарал татаад байна. Эдийн засаг маш их хүндэрсэн энэ үед гадаадын компанид их хэмжээний мөнгө төлж зөвлөгөө авах нь бодитой эсэх талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бичиг байна. Энд бичсэнээр Америкийн “Пэнтер лоу” гэдэг компаниас “Эрдэнэс-Оюу толгой” төсөл дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авна гэж 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан байна. Үүнээс 455 саяыг нь 2014 онд санхүүжүүлчихсaн байна. Ингээд үлдэж байгаа 17 тэрбум 45 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгахаар оруулж ирсэн” гэх хариулт өглөө.
С.Ганбаатар гишүүний хувьд Монгол Улс өөрсдийн эрдэмтдээ мөнгө төлдөггүй хэрнээ Америкийн фермд 17 тэрбум төгрөг төлнө гэдэг байж болзошгүй зүйл хэмээн эсэргүүцэж байгаа аж. Түүний өгсөн мэдээллээр Засгийн газар Америкийн “Пэнтер лоу” фермтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа ч хэн, хэзээ гэрээ байгуулсан нь тодорхойгүй байгаа аж. Тэрбээр энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд тавихаа мэдэгдлээ.
С.ОТГОН