МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бодлогын хүрээнд эдийн засгийн үр ашигтай байдлыг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлж, бизнесийн орчинг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хэмээлээ.
Үүний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлага 11. 5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцлоо хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, ШУА-ийн, Сүрьеэгийн эмнэлгийн, АШУҮИС-ийн байрыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх, утаатай тэмцэхийн тулд гэр хорооллыг барилгажуулах, гэр хорооллын хашаандаа стандартад нийцсэн байшин барин амьдарч буй хүмүүсийг ипотекийн зээлд хамруулах асуудлыг төсөвт тусгасан эсэх талаар тодруулсан.
Мөн ЕБС-ын үдийн цайг үдийн хоол болгож буйтай холбогдуулан сургуулиудад Хоол зүйч ажиллах орон тооны асуудал гарч ирж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын нэгнээс энэ асуудлыг үе шаттай шийдэхээр хуульд тусгасан. Үүнийг төсөвт тусгасан эсэх талаар, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ахмадын эмнэлгийн санхүүжилт ирэх оны төсөвт багтсан эсэхийг тодруулсан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сүрьеэгийн эмнэлэг, ШУА-ийн байрны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг дээр ярилцаж байгаа гэлээ. Санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн санал олон ирсэн ч бүгдийг төсөвт багтааж чадаагүй гэдгийг Сангийн сайд дурдаад Хан-Уул дүүрэгт баригдаж буй ахмадын эмнэлгийн хувьд 2019 онд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан гэлээ. Барилгын ажил шүүхийн маргаанаас үүдэн удааширсан учир санхүүжилтийг багасгаад тавьсан, тэрхүү маргаан шийдэгдээд ажил жигдрэхээр санхүүжилтийг нэмж шийдээд явах боломж бий гэлээ.
Орон сууцны зээлийг гурван эх үүсвэрээс олгож байгаа гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариулсан. Тэрхүү гурван эх үүсвэрийн нэг нь улсын төсөв бөгөөд ирэх онд 115 тэрбум төгрөг суулгасан аж. Улсын төсвөөс олгох ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулж, Сангийн яамнаас санал аваад явж байгааг Х.Баделхан сайд онцлоод энэ журамд 115 тэрбум төгрөгийг хэрхэн олгох талаар тусгаснаас гадна гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууцанд орсон иргэдэд болоод стандартын шаардлага хангасан амины орон сууц барьсан хүмүүст ипотекийн зээл олгохоор тусгасан гэлээ.
Асуулт хариултын дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
УИХ-аар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиуд нь нийгмийн даатгалын сангийн зарлагыг 2019 онд 81.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үр дагавартай байгаа аж. Энэ нь сүүлийн жилүүдэд алдагдал нь байнга нэмэгдэж байгаа тэтгэврийн даатгалын сангийн зарлага болон сангийн алдагдлыг нөхөх зорилготой улсын төсвөөс олгох татаасыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр байгаа тул дээрх хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж 2020 оноос хэрэгжиж эхлэхээр тооцон, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Түүнчлэн өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах, төсвийн төвлөрөлийг сааруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтын зардал болон орон нутгийн музей, соёлын төв, номын сан, театр, биеийн тамир спортын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгийг орон нутгийн суурь зарлагад нэмж тусгах, политехникийн коллежийн өөрийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тооцсон хэрэгтэй холбогдуулан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтсон.
Түүнчлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс асуулт асууж, санал хэлээгүй болно. Тиймээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.