УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2018.10.23/ хуралдлаа. Хуралдаанаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.
Үүний дараа Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Монгол Улсад 2018 онд 84,6 сая толгой мал намаржиж байна. Жилийн эцсийн мал тооллогыг аймаг, сумдын удирдлагуудтай хамтарч хийхээр төлөвлөж байна. Хадлан тэжээлийн нөөц хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа. Өлийн цагаан оготоно, царцаатай тэмцэх ажилд нийт 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэснээр 750 мянган га талбайг эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Үүнээс гадна 140 гаруй худаг гаргаж, аймаг орон нутагт хүлээлгэж өгсөн. Улаан буудайн ургац хураалт 75,3 хувьтай, төмс хүнсний ногоо үндсэндээ хурааж дууссан” гэв. Ургац хураалтын талаарх мэдээллийг https://news.mn/r/2019586/ дарж уншина уу.
Эцэст нь аравдугаар сарын сүүлээр цас орох төлөвтэй байгаа тул ургац хураалтыг аравдугаар сарын 25-нд дуусгах төлөвлөгөөтэй байна гэв.
Б.Батзориг сайд мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Энхбаяр нар оготоно, царцаатай тэмцэх ажил үр дүнтэй байсныг тодруулсан юм. Ингэхэд 750 га талбайг эргэлтэд оруулах боломжтой болсон гэж байлаа.
Үүний дараа Агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-ын болон Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийв.
Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах гол ажил бол цахилгааны шөнийн тариф хөнгөлөх юм. Нийслэлийн гэр хорооллын 117 мянган өрхөд 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл 5,9 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгсөн. Дээрх өрх айлын 15,2 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна. Ирэх онд утааг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсөн. Тухайлбал, сайжруулсан түлш үйлдвэрлэх бэлтгэл ажилд 54,7 тэрбум төгрөг, төсөвт шөнийн тариф хөнгөлөлтөд 16,4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын уурын зууханд тортог шүүгч тавихаар ирэх оны төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөөд хэлэлцүүлж байна” гэв.
Холбоотой мэдээ