Дижитал технологи мэдээлэл богино хугацаанд тархах боломж олгож байна | News.MN

Дижитал технологи мэдээлэл богино хугацаанд тархах боломж олгож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Дижитал технологи мэдээлэл богино хугацаанд тархах боломж олгож байна

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс өнөөдөр /2018.10.23/ “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг "Шангри Ла"-д зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус форум “Мэргэжлийн сэтгүүлзүй ба дижитал эрин үе”  сэдвийг хамарсан юм.

Тус форумд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож салбарынхаа өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон улсын сайн туршлагын талаар санал бодлоо солилцлоо.

Форумд оролцогчид хэрэглэгч өөрөө мэдээллийг бүтээгч, хүлээн авагч, дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болсноор мэргэжлийн сэтгүүл зүйн чанар, ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөх болсныг онцлов. Түүнчлэн мэдээллийн  талбарт иргэдийн оролцоо нэмэгдэж мэргэжлийн  сэтггүүл зүй ба нийгмийн мэдээллийн сүлжээний зааг ялгаа бүдгэрч байна.  Учир нь цахим орчинд хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас хүн ёсны харилцаанаас давж  дур зоргоор авирлах болсон.  Үүнийг дагаад хүний нэр төрийг гутаан доромжлох, хувийн орой зай, хувь хүний нууцад халдах худал мэдээлэл  тараах хэн нэгэн эсхүл бүлэг хүн рүү зорилготойгоор сөрөг хандлага түгээх зэрэг олон муу үр дагавар бий болгож улмаар үзэн ядалт руу түлхэж байна” гэсэн асуудал хөндлөө.

"ЁС БУС ХЭЛЛЭГИЙН ХАРИУЦЛАГЫГ  РЕДАКЦИ ХҮЛЭЭХГҮЙ ГЭДЭГ НЬ БУРУУ"

Форумын үеэр “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг, контент, анализын судалгааг”  танилцууллаа. Судалгааг судлаач Д.Мөнхчимэг, Ц.Чимэддондог  нар Холбооны бүгд найрамдах  Герман улсын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Судалгааг хийхдээ 2017 оны долдугаар сарын 1-нээс 2018 оны  долдугаар сарын 28-н хүртэлх нэг жилийн хугацаанд  43 сайтын мэдээлэл болон сэтгэгдлийн хэсгийг судалгаанд хамруулсан байна.

Тэгвэл судалгааны дүгнэлт хэсгээс харахад сэтгүүлч болон уншигчид  аль аль нь цахим орчинд бичвэр үлдээхдээ үзэн ядах үг хэллэгийг ашиглаж байна гэжээ.  Гэхдээ сэтгүүлчийн бүтээлээс илүү сэтгэгдлийн хэсэгт уншигчдын оруулсан бичвэрт үзэн ядах үг хэллэг, доромж үг зонхилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, үзэн ядах үг хэллэгийн 30 хувийг сэтгүүлч бүтээлдээ бичсэн бол  70 хувийг уншигчид сэтгэгдлийн хэсэгт үлдээжээ. Сэтгүүлчид нэр бүхий  тодорхой албан тушаалтны тухай бичихдээ мөн  хүмүүсийн нийгмийн гарал угсаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар  доромж үг, үзэн ядах үг хэллэг илүү ашиглаж  байгааг дурдсан байна.

Тухайлбал, “хужаа”, “орк”,” гомо” “луйварчин”  гэх мэт үзэн ядах үг хэллэг цөөнгүй хэрэглэж байна гэжээ.  "Хамгийн гол нь сэтгүүлчийн үзэн ядах үг хэллэг бүхий бүтээл нь  олон нийтийн зүгээс хариу утга агуулга бүхий мөн тийм хэллэгийг төрүүлэхэд өдөөж байна. Тиймээс сэтгэгдлийн  хэсэгт  ёс бус хэллэгийн хариуцлагыг   редакци хүлээхгүй гэдэг нь буруу.  Редакци нь сэтгэгдлийг байнга ажиглаж оролцож байх ёстой. Тухайлбал,  илт үзэн ядах  үг хэллэгийг  нийтэд тарааж өдөөн турхиралт болохоос урьтаж шууд  устгаж байх, эмзэг сэдвээр жишээлбэл нийгмийн цөөнх хэмээн нэрлэгддэг бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүстэй хийсэн ярилцлага бэлгийн хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл зэрэг хүний эрх, гэмт хэрэгтэй холбоотой бүтээлийн дор сэтгэгдэл оруулахгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй" хэмээн судалгаанд дурджээ.

ЭЕРЭГ ХАНДЛАГА,  ЗӨВ ҮГ ХЭЛЛЭГИЙГ  ТҮГЭЭХ НЬ  СЭТГҮҮЛЧЭЭС ЭХЭЛНЭ

Хэвлэл мэдээллийн  зөвлөлийн /ХМЗ/  гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа

Форумаар чухал асуудлыг хөндөн ярилцлаа. Судалгаанд цахим орчинд сэтгүүлч болон уншигчдын аль аль нь  үзэн ядах үг хэллэгийг ашиглаж байна. Тэр  дундаа сэтгүүлчид өөрсдөө   үзэн ядах үг хэллэгийг түгээн дэлгэрүүлээд байна гэж судалгаанд бичжээ. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

 -Бид энэ сэдвийг гаргаж  ирж хэлэлцэхийн тулд бодитой тоо баримт жишээнүүдийг цуглуулсан. Бодит жишээнүүдийг цуглуулж  явахад иргэдээс  гадна сэтгүүлчидтэй холбоотой тоо баримтуудыг мөн   олж гаргасан. Үүнээс харахад  сэтгүүлчид асар  их мэдээллийн далайд олон тооны хэрэглэгчидтэй  шууд холбогдоод ирэхийн цагт өөрийн мэргэжлийн ёс зүйн зарчим,  ёс зүйн чиг үүргээ умартах хандлага ажиглагдаж байна.

Мэргэжлийн сэтгүүлчид  жирийн иргэдээс хамгийн түрүүнд  мэргэжлийн ёс зүйгээрээ  л ялгарах ёстой.  Монголын сэтгүүлчдийн дагаж мөрддөг “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” гэж есөн бүлэг  23 заалт байдаг.  Ёс зүйн зарчмаа мөрдөж явахад  нийгэмд соён гэгээрүүлэх үүргээ, нийгмийн өмнө түүчээлэх үүргээ биелүүлж чадна гэж харж байна.  Аливаа улс орны онцлогоос  шалтгаалаад үзэн ядах үг хэллэг янз бүрийн байдлаар илэрдэг. Харин Монгол Улсын  хувьд  эрхэлж байгаа албан тушаал, нийгмийн гарал байдалтай нь холбогдуулж үзэн ядах үг хэллэг буюу ялгаварлан гадуурхах хэллэгийг  хэрэглэж байна. Тухайлбал,  өмнөд хөршийн  тухай, эсвэл бэлгийн цөөнх, үндэстэн цөөнх ястны тухай бичихдээ хэвшмэл хандлага маш ихтэй. Сэтгүүлчид бичвэртээ  ийм  үг хэллэг хэрэглэж байна гэдэг нь  цаашлаад нийгмийн сүлжээнийхэн дагаад давалгаалаад явах суурь хөрс нь болж байна гэсэн үг.

Мөн  цахим орчинд сэтгүүлчдээс илүү иргэдийн үзэн ядах үг хэллэгийг хуваалцаж байгаа   процент нь их өндөр гарсан. Хуваалцаж байна гэдэг нь дижитал технологи бид нарт  мэдээллийг асар богино хугацаанд тархах боломжийг өгсөн. Харин бид буруугаар ашиглаад байна. Нийгэмдээ эерэг хандлага зөв үг хэллэгийг  түгээх нь  сэтгүүлчдээс эхлээд иргэдэд хүртэл  хамаарна.

-Сэтгүүлчийн бичсэн мэдээллийн доорх бусдыг гүтгэн гүжирдсэн, доромжилсон сэтгэгдлийг тухайн редакц  устгаж болно. Харин  цахим хуудсанд  бол ямар нэгэн зохицуулалт байхгүй байдаг?.

Өнөөдрийн форумаас цахим сайтууд нийгмийн сүлжээтэй харьцахдаа дагаж мөрдөх шинэ дүрэм журамтай байя, ёс зүйн кодын дор байх дүрэм журмыг санал болгоно.  Цахим  хуудсанд  бол ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас судалгааны багийнхан “Hate Speech” гэдэг үгийг түүж фейсбүүк компани руу  тайлангаа  явуулсан.  Үр дүнг нь хэд хоногийн дараа харах байх. Фейсбүүк компани энэ  асуудал дээр хариуцлага хүлээж   байгаа эсэх нь   харагдана.  Редакцуудыг коммент  хэсэг нь тухайн сайтын, нэг талбар. Үүн дээр бас  хяналт тавих хэрэгтэй байна. Сэтгүүлч өөрөө  алдаагүй бичвэрээ бичсэн ч коммент хэсэгт хэрэглэгч нар орж ирээд үзэн ядах үг хэллэгийг их тарааж байна.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан сүүлийн үеийн статистик тоо баримтаас харахад гомдлын тоо жилээс жилд өссөөр байна. Тухайлбал, 2018 оны аравдугаар  сарын байдлаар нийт хүлээн авсан гомдлын  тоо 86 байгаа нь өмнөх жилүүдтэй  харьцуулахад тасралтгүй өссөн дүн аж. Нийт  гомдлын 85 хувь нь сонин, сэтгүүл болон мэдээллийн цахим сайтуудад 15 хувь нь телевизүүдэд хаяглагджээ. Ингэхдээ төрийн албан хаагчдаас хамгийн  олон удаа гомдол ирүүлсэн байна. Судалгаанаас харахад сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг ёс зүйн алдааны эхний  гуравт мэдээллийг нягталж шалгадаггүй, олон эх сурвалжаар баталгаажуулаагүй, хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаггүй байдал зэрэг оржээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРЧИН ИХ  ТҮВЭГТЭЙ БАЙНА

Хүмүүнлэгийн их сургуулийн мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн захирал  Д.Дагиймаа

-Сэтгүүлчид өөрсдөө цахим  хуудаснаа хувийн бодлоо бичдэг. Энэ нь ер нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Дэлхийн тэргүүлэх орны хэвлэл мэдээллүүд үүнийг  шийдсэн. Хэрхэн шийдсэн бэ гэхээр сэтгүүлч нь тухайн байгууллагыг төлөөлдөг хүн гэж үздэг. Тийм ч учраас сэтгүүлчийн   өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлж байгаа ч гэсэн хэт нэг талыг барьж илэрхийлэх хэн нэгэн улстөрчийг дэмжих, улс төрийн үзэл бодлоо  илэрхийлэх гэдэг нь   хориотой.  Тухайн байгууллага өөрийнхөө  дүрмийг гаргасан байгаа. Тэр дүрэмд заасан тодорхой заалтууд байдаг. Харин иргэн сэтгүүлчийг хувь хүн гэхээсээ илүү тухайн байгууллагыг төлөөлж байна л гэж хардаг. Хувь хүн гэдэг үүднээс хардаггүй. Тэрийг л анхаарч  хэвшүүлэх хэрэгтэй. Зарим нь өөрийнхөө ёс зүйн дүрэмд нэмэлтээр оруулах ёстой.

-Тэгвэл сэтгүүлчийн ёс зүй хаанаа доголдоод байна вэ. Их, дээд сургуульд нь энэ талын хичээл ордог ч мэдээнд өөрийнх нь үзэл бодол орох зэрэг алдаа гарч байна. 

-Сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнуудын суурь тийм ч  муугүй байдаг. Яг хэвлэл мэдээллийн байгууллагууд руу орж ажиллаад гурван жилийн дараа тэр хүн  танигдахаа больчихдог. Би тэндээс юу хардаг вэ? гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагын орчин их  түвэгтэй байна  гэдгийг анзаарсан.

– Цаашдаа ер нь яавал дээр вэ?

-Энэ удаагийн форум  "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе"  сэдэв дор явагдаж байна.  Тэгэхээр  технологи бидэнд  юу авчрав гэхээр  бид нарт хуурамч мэдээлэл, бүр цаашилбал ардчилалд хүртэл заналхийлэх ийм хэмжээнд хүрчихлээ. Бидний ойлгож байгаагаар хүн болгон өөрсдийгөө сэтгүүлч гэж ойлгодог болж.  Энэ нь гэхдээ тийм биш. Хүмүүс мэдээлэл  түгээж байгаагаас биш мэдээллийг бүтээж байгаа хүмүүс ердөө ч биш.  Олон улсын судлаачид харин ч энэ  цаг үе  дор тун удахгүй уншигч  олон нийт чанартай сэтгүүлзүй, чанартай мэдээллийн үнэ цэнийг илүү ойлгох болно гэж дүгнэсэн. Тэгэхээр бид  нар яах ёстой вэ?  Цахим орчинд мэдээлэл түгээж байгаа сайн  дурын хүмүүсээс ялгарахын тулд сэтгүүлчид өмнөхөөсөө илүү хичээх хэрэгтэй.

Дэлхийн тэргүүний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд BBC, CNN байгууллагууд хэрэглэгчийн төлөө өрсөлдөж, сошиал ертөнцөд цоо шинэ онцгой контент үйлдвэрлэхийн төлөө өрсөлдөж байна. Бид нар ч  гэсэн тэр замаар л явах ёстой. Гэтэл өнөөдөр манайд байдал ямар байна вэ гэхээр жирийн хүмүүсээс заримдаа сэтгүүлч ялгарахаа больсон нь  харамсалтай. Энэ байдал мэдээж засрах байх. Ингэхийн тулд хүлээн авагчдадаа мэдээллийн  боловсрол олгох замаар шийдэх ёстой гэж  харж байна.

БИД  МЭРГЭЖЛИЙН ЧАНАРТАЙ БҮТЭЭЛЭЭРЭЭ Л   ОРШИН ТОГТНОЖ АМЬДАРНА

Монголын үндэсний олон нийтийн  радио телевизийн  гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Оюунчимэг

– Форум дээр яригдаж байгаа зүйлсийг сонсоход сэтгүүлчид мэргэжлийн түвшинд  өөрсдөө эрүүлжих ёстой гэж ярьж байна . Энэ талаарх таны бодол?

Өнөөдөр сэтгүүлчид ялангуяа мэргэжлийн сэтгүүлчид нэг зүйлийг ухаарах цаг болсон. Учир нь өнөөдөр дижитал орчин сүүлийн арав  гаруй жил сэтггүүлзүйн дүрэм, чанар, мэргэжлийн хариуцлага гэхчлэн  олон талт байдлууд дээр маш их нөлөөллөө үзүүлж эхэлсэн.  Монгол Улсын хувд Азидаа фейсбүүк хэрэглэгчдийнхээ тоогоор топ арван улсын тоонд багтдаг.  Тэгэхээр хүн амын 98 хувь нь  цахим орчинд байна гэсэн үг.  Ялангуяа мэргэжлийн сэтгүүлчид хаана өөрсдийнхөө ажил үүргийг гүйцэтгэх ёстой вэ гэхээр  бидний үзэгч, уншигч  хаана байна бид тэнд   л сэтгүүлзүйн ажил үүргээ гүйцэтгэх ёстой.  Аливаа  улс орны үндэстний ардчиллыг бэхжүүлэх үнэт зүйлсийг хамгаалах асуудал бол тухайн улс орны олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг телевизүүдэд хамгийн их үүрэг хариуцлага нь оногддог. Олон нийтийн телевиз нь улс орныхоо ардчиллыг хамгаалах ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх чиглэл  дээр манлайллын үүрэгтэй байх ёстой.

Өнөөдөр сэтгүүлчид монголын нийт үзэгчид ард түмэнд оюуны талхыг өдөр болгон үйлдвэрлэж байна. Гэхдээ сэтгүүлчдийн хийж байгаа   талхыг иргэд  амтархан идэж байна уу, аль эсвэл зүгээр өглөөний цайнд талх идэх ёстой гэдэг бодлоор авч   идэж байна уу  гэх  чанарын асуудал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  цахим  орчин сэтгүүл зүйд хувьсгал болон  орж ирж байгаа энэ  тохиолдолд мэргэжлийн сэтгүүлчдээс мэргэжлийн хариуцлага  шаардаж байна.  Хүн бүхэн бичигч, хүн бүхэн контент үйлдвэрлэж байгаа энэ нөхцөлд  бид  мэргэжлийн чанартай бүтээлээрээ л   оршин тогтнож амьдарна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-23 202.179.26.25

Сэтгэгдлийг хаа. Ажилгүй коммунистууд үзэн ядалтаа хаа сайгүй бичиж байна. Мэдлэг боловсрол муутайгаа мэдэхгүй байж их мэдэгч шиг бурж байх юм. CNN, BBC хаасан байсан. Та нар ч хаа.

Avatar

Зочин 2018-10-23 202.131.245.243

Сэтгүүлч гэдэг чинь угаасаа баячуудын угаадсаар хооллодог хөлсний бууны нохой л гэсэн үг шүү дээ.

Avatar

Зочин 2018-10-23 66.181.169.66

хамгийн буруу юм бол сэтгүүлч хэн нэгэн хүний тухай бичих буюу тв мэдээ бэлтгэхдээ тухайн мэдээний үнэн худлыг ялгадаггүйгээс болж тухайн хүн, байгууллагын нэр хүнд ажил амьдралд учруулсан хохирлыг хуулийн байгууллага тогтоож, арга хэмжээ авч чаддаггүйд байгаа юм. Сэтгүүлч хүн л гэж хүн гүтгэж доромжилж байх ёстой мэт ойлголт байна

Avatar

Зочин 2018-10-23 202.72.245.209

ЁО ЁО ЁСТОЙ ЧАНАРГҮЙ ГАРЧИГААРАА БҮГДИЙГ ГУТААН ҮГҮЙСГЭЛЭЭДЭЙ АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ АЛГА БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2018-10-23 66.181.166.134

сайт хооронд, бие биенээсээ мэдээгээ тэр чигээр нь хуулж тавих аа болчих. Бас хэтэрхий хямд өртөгөөр цалингаа бодуулж ажиллахаа больчих

Avatar

Зочин 2018-10-23 203.91.115.249

Мэдээллийг нягталж шалгаж байж тавина гэвэл амжихгүй байлгүй дээ. Ямар хурдтай тархаж байгаа билээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж