Гүн харанхуйд шөнийн бороо адил
Гал шаргал навчис шаргинхан эргэлдэж
Наран жараахай тэнгэрт түмээр сүрэглэн
Намиран далласаар хөвөлзөнө
Шөнийн борооны нэгэн дусал навч
Шүүдэр нулимстай гар дээр минь эргэлдэхэд
Алган дээрээсээ би зөөлхөн үлээж Алсад нис дээ! гэж шивнэхэд нулимс цийлэлзэнэ
хэмээн яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ шүлэглэсэн нь бий. Баяр жаргал, гуниг хослуулсан намрын улирал хүн бүхэнд ямар өнгөөр буудгийг мэдэхгүй. Нүцгэрч хоцрох модод, газарт хөглөрөх навчис, хүйтэн бороо, шаргал нарыг хараад нэг хэсэг нь үзэг цаас нийлүүлж суухад нөгөө хэсэг нь сэтгэлд буусан өнгөө бийрээр амилуулж байдаг. Залуу уран бүтээлч Н.Ганцогт, Х.Хангаймөрөн, Ш.Ерсин нарын хамтарсан “Намар” үзэсгэлэн өчигдрөөс /2018.10.22/ Norphei уран зургийн галлерейд нээгдлээ. Энэ сарыг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгээс танд намрын тухай ямар нэгэн бодрол төрөх болов уу. Үзэсгэлэнд нийт 27 бүтээл дэлгэгдсэн ба намрын улирал амьдралын хамгийн олон өнгийг илэрхийлж байдаг тухай уран бүтээлчид хэлж байв.