Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй. Түүний дурсгалд зориулан гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлыг Энэтхэг хэлээр дуулсан байна. Ингэхдээ ардын урлагийн "Жонон" хамтлагтай хамтарчээ. Эл уран бүтээлийг дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн тоонд зүй ёсоор багтдаг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа жиргэж олон нийтэд түгээсэн байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд идэвхитэйгээрээ алдартай юм.
Хөгжим сонирхогчдын анхаарлыг татаад буй эл уран бүтээлийн талаар Жонон хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргилоос тодруулсан юм. Тэрбээр “Бид гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэй хамтарч өнгөрсөн есдүгээр сард “Вайжнава Жана Тө” залбирлыг уран бүтээл болгосон юм. Энэ дууг Монгол Улсаа төлөөлөн Энэтхэгт олон улсын хөгжмийн наадамд зориулан туурвисан нь бусдаас дээгүүр байрт жагсаж байгаа юм билээ. Манай хамтлагийн хувьд Симфони Жонон нэртэй шинэ цомог гаргахаар ажиллаж байна” гэлээ.
Холбоотой мэдээ