Цайны дээж өргөх ёсон

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Цайны дээж өргөх ёсон

Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай билээ. Өглөө цайгаа чанаад эхлээд Бурхан шүтээндээ дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь Бурханы шашинтан хэн боловч "… юу идсэн, юу уусныхаа дээжээр Чухаг дээд гурвыг тахиж байх” гэсэн сургаал мөрдлөгийн ёс юм. Цайныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил, цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир дээдийн эд бүрдсэн тул бор, сүүтэй аль нь ч болох юм. Зарим нутагт тооноороо өргөх нь мөн л тэнгэр, нар, cap, газар, лус, хангай дэлхий уугуул нутаг усны эздэд зориулан ган зуд, аадар бороо, мөндөр, хяруу, гал түймэр, усны үер зэрэг байгалийн аюул хүн малын эмгэг өвчин, ад зэтгэр, гарз, барцад саад бүгдийг гаргахгүйг сахин хамгаалж ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч байгаа зан үйл юм. Ер нь цай бол монгол хүний идээний дээж мөн.

Монгол бүсгүйчүүд малынхаа сүүг есөн нүхтэй цацлаар гэрээ нар зөв гурван удаа тойрч дээжээ өргөдөг нь мөн л бурхан шүтээн, газар дэлхий, тэнгэр, нар, сарандаа тахил өргөн даатгаж байна гэж үздэг.

Эх сурвалж: buddha.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж