&#34Гацууртыг ашиглах шийдвэр дэлхийн зах зээлд эерэг дохио болно&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

&#34Гацууртыг ашиглах шийдвэр дэлхийн зах зээлд эерэг дохио болно&#34

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбаттай ярилцлаа.

-УИХ өрийн дээд хязгаарыг энэ оны төвшинд нь баталчихлаа. Ингэснээр Засгийн газар гадаадаас зээл авах, аж ахуйн нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх боломжгүй болчихлоо. Одоо Засгийн газар ямар байдлаар ажиллах ёстой вэ?

-УИХ нээлд нухацтай хэлэлцмэний эцэст өрийн таазыг 58.3 хувиар тогтоож баталлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар цаашил зээл аваад хэрэггүй гэсэн чиглэл өглөө. Зээлийн баталгаа гаргах ч хэрэггүй гэсэн үг. Засгийн газрын санхүүгийн чадварыг сулруулсан шийдвэр боллоо. Гэхдээ би хувьдаа үүнийг тийм ч муу шийдвэр гэж үзэхгүй байгаа. Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг зөвхөн хувийн салбар санхүүжүүлэхээр боллоо гэдэг сайн мессежийг зах руу өгч байгаа юм. Ихэнх төслүүдэд Засгийн газар оролцоод байгаа шүү дээ. Энэ бол сайн практик биш л дээ. Жишээ нь, манай хувийн компани төмөр зам тавьж байхад нь Засгийн газар оролцдог. Мөн Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд ихэнх уул уурхайн төслүүдэд Засгийн газар заавал оролцож байна. Уг нь засгийн хамгийн сайн орлого олох эх үүсвэр нь татварын зөв тогтолцоо байх ёстой. Энэ нь компани болгоны “гарыг нь мушгиад” аваад бай гэсэн үг биш шүү дээ. Бүх аж ахуйн нэгжүүдээс өөрт нь таарсан татвар авдаг тогтолцоо л байх ёстой. Том нь ихийг төлдөг, жижиг нь багыг төлдөг байх нь зөв. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхэд манай дотоод засаглал том саад болдог. Одоо өөрсдөө гадаадаас зээл авах боломжгүй болсон учраас үүн дээр дорвитой томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалт хийе гэхээр яам, Тамгын газрууд саад хийдэг байдлыг засч залруулдах хэрэгтэй. Зөвшөөрөлтэй холбоотой л гэхэд олон шат дамжлаг бий. Эдгээрийг цөөлөх хэрэгтэй. Гадаадын банк санхүүгийн байгууллагуудын ярьж байгаар манай төрийн байгууллагууд гарын үсэг зурах гэж, зөвшөөрөл олгох гэж шан харамж харж, бидний ярьдгаар авлига өгөхийг нь хүлээж байгаал төслүүдийг нь хойшлуулчихдаг муухай зуршилтай. Үүнийгээ арилгах хэрэгтэй. Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх ёстой л гэсэн үг. Таатай сайхан газар мөнгө орж ирж л таарна. Ингэхгүй урьдын шигээ өөрөө зээл аваад ашигтай, ашиггүй баахан төслүүдэд мөнгө хийгээд өрийг нэмэгдүүлээд олон улсын зах зээл дээр Засгийн газрын нэр хүндийг унагахын оронд хувийн салбараа дэмжиж ажилласан нь дээр.

-Ерөнхий сайд өрийн таазыг нэмэгдүүлж байж л эдийн засгаа сайжруулах юм шиг яриад байлаа шүү дээ. Ер нь өр тавихаас өөрөөр эдийн засгаа тэлэх хичнээн арга зам байна вэ?

-Олон арга зам, боломж бий. Жишээ нь, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлах бол хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох нэг алхам. Хэрэв Засгийн газар зах руу гарахгүй гэвэл хувийн салбар мөнгө татаж чаддаг байх хэрэгтэй. Уул уурхай, банкны салбар нь мөнгө татдаг байх хэрэгтэй.

-Япон улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийг УИХ хаалттай хэлэлцээд эхэллээ. Та өмнөх засгийн үед Монголын талаас энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд товчхон мэдээлэл өгөх боломжтой юу?

-Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар бидэнд Японы зах зээл, япончуудад манай зах зээлд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, бидэнд 130 сая хүн амтай, худалдан авах чадвар сайтай зах зээл нээгдэнэ. Манай экспортод гаргах бараа бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар сайтай байвал худалдаж аваад л байна гэсэн үг. Одоо бол манай бараа бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадвар муутай байна. Япон улс манайхаас авах бараа гэвэл ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн байгалийн цэвэр бүтээгдэхүүн байж болно. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн нь Японы стандартыг хангахгүй байгаа. Тиймээс Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар тэр стантартыг хангахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрүүдэд япончууд хөрөнгө оруулалт хийнэ гэж үзэж байгаа. Гэрээнд гарын үсэг зураад л байх зүйл болчихно гэсэн ойлголт байхгүй. Хамтарч ажиллана, судалгаа хийнэ, төслүүдээ хэрэгжүүлнэ гээд олон процесс явагдсаны дараа өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарна. Японы зах зээл дээр гараад зарагдаж байвал дэлхийд гологдохгүй гэсэн үг.

-Үр дүнгээ тийм ч хурдан хугацаанд өгөх гэрээ биш гэсэн үг үү?

-Чөлөөт худалдааны гэрээ гэж сонсогдож байгаа боловч шууд худалдаа хийх гэрээ биш. Өнөөдөр шууд худалдаа хийе гэхээр манайхаас авах юм алга. Япончууд Монголд ирж түүхий мах, төмс, эсвэл эсгийн углааш авахгүй ш дээ. Тиймээс эхлээд Японы зах зээлд гологдохгүй бараа үйлдвэрлэх нь чухал байна.

-Засгийн газар УИХ зээл авах боломж олгосонгүй гээд гараа хумхиж суухаа илүү хувийн хэвшлээ дэмжиж ажиллах ёстой гэсэн үг үү. Гадаадаас томоохон зээл авч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөх боломж хаагдчихсан шүү дээ. Тиймээс хувийн хэвшлийнхэнд баталгаа шаардахгүйгээр өөрсдийн хөрөнгөөрөө томоохон хөрөнгө оруулалт хийх чадамж бий болов уу?

-Хувийн хэвшилд асар их боломж бий. Манай уул урхайн төслүүд дэлхийн ямар ч компанид гологдохгүй өрсөлдөх чадвартай. Харин бид өөрсдөө үнэтэй баялаг болохоос нь өмнө шороо байхад нь харамлаад гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахгүй байна. Гадаадын компани хайгууль хийгээд их хэмжээний нөөц олох юм бол бидэнд мэдээлээд, зөвшөөрөл аваад, тохиролцоод цааш нь хөгжүүлж ашиглана шүү дээ. Олонгуутай сэмээрхэн халааслаад аваад явчихдаг өөрсдийнхөө ахуй амьдрал шиг санаад байх юм. Олон улсын уул уурхайн бизнес гэдэг чинь тийм биш шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт чөлөөтэй, уул уурхайн салбар нээлттэй байх үед ямар их мөнгө орж ирж байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дотор 17 хувь хүртэл өсч байсан шүү дээ. Уул уурхайн салбарын зохицуулалтаа чангалснаас болоод өнөөдрийн энэ байдалд хүрч байна. Монгол даяараа орлогогүй болчихлоо. Тиймээс одоо буцаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар хамгийн эхний ээлжинд Гацууртын төслийг ашиглах саналаа УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ бол дэлхийн зах зээл рүү өгч байгаа Гацуурт шиг сайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах болно гэсэн дохио. Гацуурт бол Канадын компанийн 100 хувийн өмчлөлд байгаа төсөл. Хамгийн багадаа энэ төслийн орлогын 50-60 хувь нь Монголд үлдэнэ. Энэ Канадын компани Бороогийн уурхай дээр арав гаруй жил ажиллахдаа Монголд нийт мөнгөнийхөө 60 хувийг үлдээсэн байдаг юм. Бүх төрлийн татвар, эрчим хүч, тээвэр, хоол хүнс, цалин, нийгмийн хариуцлага гэх мэтээр зарцуулсаар байгаад 60 хувийг нь үлдээчихсан байдаг юм.

-Гацууртын ордыг ашиглуулах Засгийн газрын саналыг эсэргүүцэх хүн олон байх шиг байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Уул уурхайн төсөл, хөгжил ярихаар хүмүүс эсэргүүцээд эхэлдэг. Энэ нь угаасаа бизнес гэдэг нь нотлогдчихсон. Гал үндэстэн холбооныхон нэлээд олон уул уурхайн компанийг зогсоох гэж оролдсон. Тэр нь сүүлдээ бизнес байсан гэдэг нь илэрсэн шүү дээ. Одоо тэр Хүннүгийн үеийн булш гээд яриад байгаа хүмүүс мэдэхгүй байна уу, эсвэл мэдэн будилаад байна уу. Бүр хүмүүсийн сэтгэл санааг төөрөгдүүлэх гэж байж ч мэдэх юм. Тэр булшнууд Гацууртын ордоос хол байдаг. Би өөрөө энэ нутгийн хүн учраас сайн мэднэ. Тиймээс энэ төслийг зогсооё гэдэг санаа бол ямар нэгэн дарамт, шантааж л гэж ойлгох хэрэгтэй. Ингэж шантаажилж байгаад л уул уурхайн компаниудаас мөнгө авдаг ш дээ. Үүнийг Монголчууд одоо ойлгоо байлгүй дээ. Хэрэв ингээд шантаажлаад байх юм бол өнөөдрийн шиг ямар ч орлогогүй байдал удаан үргэлжилнэ.

-Тэгэхээр яаж ч эсэргүүцэж байсан Засгийн газар саналаасаа ухрахгүй байх ёстой гэсэн үг үү?

-Тийм. Энэ төсөл хэрэгжсэнээр орон нутаг маш их өгөөжтэй. Хамгийн наад зах нь 800-1000 хүн байнгын ажилтай болно. 800-1000 өрх орлоготой байна гэдэг том зүйл биз дээ.

-Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах нь эдийн засгаа тэлэх бас нэг боломж гэж үзэж байгаа. Та энэ төслийн талаар ямар байр сууртай байгаа вэ?

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл, бизнесийн байгууллагуудаас төрд ирж байгаа дарамт жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн Монголын ч биш гадаадын компаниуд хүртэл гомдол гаргадаг юм. Ямар нэгэн татвар, торгуул ногдуулаад “гарыг нь мушгах” байдал хавтгайрчихсан. Үүнийг ганц удаагийн өршөөлийн хуурлаар зохицуулах бус томоохон өөрчлөлт хийхгүй бол манайд том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд хэцүү болоод байгаа юм.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж