Яагаад өрөмдлөг хийхэд хэцүү вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Яагаад өрөмдлөг хийхэд хэцүү вэ?

Мексикийн булангийн ёроолоос газрын тос олгойдон гарч байгаа видео бичлэг бүрийн цаана түүнийг авсан микро автобусны дайтай робот төхөөрөмж байдаг бөгөөд түүнийг Льюзиана хотод угсарсан. “Millenium” гэдэг нэртэй дээрх роботыг яг л маш хатуу орчинтой өөр гаригруу явуулах гэж байгаа мэтээр тооцоолж угсарсан гэж “Oceaneering International”-ын үйлдвэрлэлийн менежер Марк Кемпбелл ярьж байна. Газрын тосны бичлэгийг яг л хажуу айлын усан бассейнд авсан юм шиг тод бичлэгтэй байдаг тул хэрхэн ингэж бичдэг нь сонин байж болох юм. Гэвч энэ бичлэгүүдийг 5,000 футийн далайн гүнд 24 цаг байрлаж байгаа хажуугаар нь зөндөө загас явсан орчинд хийж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

Тийм гүнд тас харанхуй, хөлдөх температураас яльгүй дээгүүр бөгөөд аерозолийн канистр доторхоос 10 дахин их даралттай. Хэрвээ ундааны савыг тийм орчинд аваачвал даралтнаас болоод шалчийж цаас шиг болох болно. “Бид нүд болдог. Тэр орчинг харах өөр арга зам байхгүй” гэж Кемпбелл ярьж байна. Тэрээр өмнө нь мэргэжлийн уралдааны автомашины багт болон нисэх салбарт ажиллаж байсан туршлагатай. Далайн гүнд ажиллахад тулгардаг бэрхшээлүүд  болон бид тийм гүний талаар хэр мэдлэгтэйгээс үүссэн асуудлууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш хэвлэл мэдээллээр гарсаар байгаа бөгөөд далайн гүнээс газрын тос олборлох нь ер нь зүйтэй эсэх талаар улс төрчид хэлэлцсээр байна.

Ерөнхийлөгч Обама гүний уснаас газрын тос олборлоход хориг тависныг шүүгч цуцалсан ч түүний хуулийн ажилтнууд шүүгчийн шийдвэрийг давж заалдахаар бэлдэж байна. Засаг захиргааны түшмэлүүд хүмүүс бид далайн гүний талаар маш бага мэдлэгтэй, 4 сарын 20-нд чухам яг ямар шалтгааны улмаас “Deepwater Horizon” цамхаг дээр гал гарсны учрыг бүрэн тодруулж чадаагүй. Тиймээс ядаж ойрын зургаан сардаа энэ асуудлыг аюулгүй шийдэх арга зам олох хүртэл дахин цооног өрөмдүүлэхгүй байх нь зүйтэй гэж ярьж байна.

Харин бусад нь сүүлийн 30 жил газрын тосны салбарынхан далайн гүнээс ноцтой аюулгүйгээр газрын тос олборлосоор ирсэн, хуурай газар болон гүнзгий бус устай газруудын газрын тосны нөөц шавхагдах тул илүү гүнээс газрын тос олборлохоор судалгаа, олборлолт эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ бүх хүмүүсийн санал нэгдэж байгаа нэг зүйл байгаа бөгөөд тэр нь далайн гүний тухай асуудал.

Далайн харанхуй гүний тухай бүхий л мэдээлэл ерөнхийдөө хоёр дахь эх сурвалжийн буюу бусдаар дамжуулж авдаг. “Oceaneering” гэх мэт технологийн компаниуд, газрын тосны компаниуд, далайн биологичид далайн гүнийн талаар илүү ихийг мэдэж, ойлгохын тулд олон арван жилийг зарцуулсан. Гэвч үр дүн маш чамлалттай байгаа аж. Хүн төрөлхтөн далайн ёроолын ердөө нэг хүрэхгүй хувийг л судалсан, тэгэхдээ ихэвчлэн “Millenium” шиг алсаас удирддаг төхөөрөмжүүдээр, эсвэл шумбагч хэмээх төмөр бөмбөлөгийг далайн гүнрүү буулгах замаар судалсан гэж далайн биологичид ярьж байна.

Эдгээр хүчин чармайлтуудын үр дүнд хүмүүс далайн гүний амьдралын талаар- ямар ч гэсэн тэнд амьдрал байдаг юм байна гэх мэт зарим зүйлсийг олж мэдсэн. Гэхдээ бид одоо хүртэл өөрийн гаригийн далайн гүний талаар мэдэхээсээ илүү сансарт байгаа сарны сүүдэртэй талын талаар илүү ихийг мэдэж байна гэж эрдэмтэд ярьж байна. Зарим хүмүүс далайн гүний судалгааг “дотоод сансар” гэж нэрлэдэг. Учир нь хүмүүс бидний хувьд далайн гүн яг л харь гариг шиг огт өөр орчин байдаг. “Сарны дээгүүр янз бүрийн өөрөө явагч явуулж, олон судалгаа авсантай харьцуулбал бид далайн гүний талаар мэдэхээс илүүтэйгээр сарны талаар илүү мэдэж, сарыг илүү харсан гэж хэлж болно” гэж Скриппсын Далай Судлалын хүрээлэнгийн далайн биологич Лиза Левин ярьж байна.

Далайн ёроолын маш бага хэсэг нь зурагдсан тул эрдэмтэд далайн гүнрүү зорчих бүртээ шинэ зүйл олох хандлагатай байдаг. “Очих болгондоо бид ямар нэг шинэ зүйл олж гайхширдаг: гэрэлтдэг акул, шинэ төрлийн гэрэлтэгч биетүүд, шинэ төрлийн амьтад гэх мэт. Үнэхээр гайхалтай, ер бусын” хэмээн Флоридад байдаг ашгийн төлөө бус “Далайн судалгаа, хамгааллын холбоо” байгууллагын ахлах судлаач, гүйцэтгэх захирал Эди Уиддер ярьж байна. Түүний шинээр нээсэн 2 метр өндөртэй скуид цоо шинэ зүйл тул эрдэмтэд одоо болтол ямар ангилалд хамруулахаа мэдэхгүй байгаа хэмээн тэр ярьсан.

Одоогоос зуун жилийн өмнө эрдэмтэд нарны гэрэл нэвтэрч тусах аргагүй тул хэдэн зуун футээс гүнд ямар ч амьдрал байх боломжгүй гэж үздэг байсан. Учир нь нарны гэрэл гүехэн усны амьдралыг тэтгэх хүнс, өвс ургамлын үндсэн тэтгэгч нь болох ёстой гэж боддог байв. Харин сүүлийн үед эрдэмтэд далайн ёроолоос ялгардаг мөсөрхөг метаны хийг боловсруулж амьдардаг хорхой, шүр зэргийг улам бүр олноор нь илрүүлээд байна. “Өмнө нь бид далайн гүнийг нэг хэвийн, уйтгартай, чимээ аниргүй нам гүм гэж боддог байсан ч яг ч тийм биш болох нь батлагдаж байна” гэж Левин ярьсан. Загаснууд болон гүний усны организмууд “далайн цасаар хооллож амьдардаг” хэмээн эрдэмтэд ярьж байна.

Далайн гүнд маш өндөр даралттай, хүйтэн байдаг нь тэнд ажиллахыг бүү хэл судлахыг хэцүү болгож байна. “British Petroleum”-ын газрын тосны алдагдлын видео бичлэг авсан “Oceaneering International” компани далайн гүнд ажилладаг роботууд үйлдвэрлэдэг бөгөөд маш нарийн технологи ашигладаг. Гэхдээ тэдний далайн гүнд ажилладаг роботууд нь өрөмдлөг хийхэд туслах зорилготой бүтээгдсэн болохоос Мексикийн буланд алдагдаж байгаа шиг газрын тосны алдагдлыг бөглөж зогсоох зорилготой бүтээгдээгүй тул ялгаатай. Усан доор робот яаж ажилладгийг ажиглахад далайн гүнд газрын тосны компаниуд, эрдэмтэд хэр хэмжээний хүндрэлтэй тулгарч байгааг мэдэж болно. Олс зангидах юм уу эрэг, боолтыг хооронд нь тааруулж барьж боох зэрэг хялбархан даалгаварыг “Millennium” зэрэг алсын удирдлагатай робот гүйцэтгэхэд 30 минут шаардлагатай гэнэ.

Хүн ийм зүйлийг хэдхэн секундэд хийж чадна. Гэхдээ 5,000 фут гүн усан доор хүний чадал мөхөсдөнө. Түүнчлэн 130 футээс гүнд шумбагч мэргэжилтнүүдийг шумбахыг хориглодог. Зарим шумбагч нар үүнээс гүнд хүртэл шумбаж чаддаг ч дараа нь даралтны ачааллыг нь гаргахын тулд хэд хоног тусгай даралттай өрөөнд байрлах шаардлагатай болдог. Хэрвээ тэгэхгүй бол шумбагч нарын судсан дахь цуснаас хүчилтөрөгч хэт богино хугацаанд гадагшилсны улмаас үхэх эрсдэлтэй гэнэ. Алсын удирдлагатай шумбагч аппарат тус бүр нь 3.5 саяас 6 сая ам.доллар хүртэл өртөгтэй бөгөөд жижиг автомашины дайтай жинтэй. Эдгээр машинуудыг “Oceaneering” “Бритиш Петролеум”-д түрээслэдэг бөгөөд мэргэжилтнүүд нь очиж алсаас удирдаж ажиллуулж тусалж байна хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж