Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2014 оны арванхоёрдугаар сарын эцэст 625.7 тэрбум болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум буюу 0.9 хувиар, өмнөх жилээс 59.9 тэрбумаар өссөн гэсэн тоон мэдээллийг гаргажээ. Статистик тоон мэдээлэл үнэн бол Монголын арилжааны 13 банкнаас нэлээдгүй олон нь үүд хаалгаа барьчихсан байхаар тоон мэдээлэл харагдаж байна.
Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд хэн баяжиж, хэн нь ядуурч, хэний шалгуур өндөрсч, хэн нь шалгуурт бүдэрч байна вэ гээд тооцоод үзэхээр арай өөр тоо гарна. Нийслэлийн дүүрэг болгонд, байшин болгоны мухарт ломбард ажиллаж байгаа нь тэд ашигтай ажиллаж байна гэсэн үг. Яг үүнтэй адилхан эдийн засаг хямарсан ийм үед банк нэмж байгуулагдах сураг дуулдаж байгаа нь банкны үйлчилгээ ашигтай байгааг хэлээд байгаа хэрэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд бүгд л ломбард шиг ажилладаг болчихлоо. Үйлчлүүлэгчийн хүсэл таашаалд нийцүүлэх гэхээс илүү өөрсдөө яаж ашиг олох вэ гэдгээ чухалчилна. Ээмэг бөгжний сэтэрхий, гар утас, зурагтны зураас бүрийг шинжилж, өндөр хүүгээр иргэдийг шулдаг. Үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг ямар ч зөвшөөрөлгүйгээр зарж борлуулж, тэндээс олсон зөрүү мөнгөө эргүүлж өгдөг ломбард нэг ч байхгүй.
Энэ талаар хууль гаргана хэмээн ярьсан ч эрх ашиг нь харшилж байгаа хэсэг бүлэг, ломбардын бизнесээр хөлжсөн хүмүүсийн лобби хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд ч оруулахгүйгээр нам дарж чаджээ.Яг үүнтэй адилхан арилжааны банкууд үйлчлүүлэгчээсээ хэдэн төгрөг ахиу авахаа л урьтал болгохоос тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээнээс авч байгаа таашаалын талаар бодохыг ч хүсдэггүй нь тодорхой байгаа юм. Үүнийг олон жишээгээр нотолж болно.
Эхлээд эрсдэл үүрэх чадвартай болъё
Монгол Улс үйлдвэрлэгч орон болох гоё, гоё мөрөөдөл ярьж байгаа. Энэ талаар бодлогыг боловсруулж, яам хүртэл байгууллаа. 888 төсөл хөтөлбөрийг өнгөрөгч хоёр жилд эхлүүлсэн ч ихэнх нь банкны шалгуур дээр бүдэрчээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын шалгуур нь хэтэрхий өндөр. Техник технологи, үл хөдлөх хөрөнгө барьцаалахаас биш юм хийх гээд ирсэн үйлчлүүлэгчийнхээ толгойг үнэлэх тогтолцоо энэ салбарт байхгүй байна.
Дэлхийн хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгөгүй, аж ахуйн нэгжүүдийнхээ байр савтай зууралдаж суухаар яаж урагшаа хөгжих билээ. Жилийн 24 хувийн хүүтэй мөнгөөр хэн ч дэлхийн хэмжээнд импортлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй. Олсон хэдэн төгрөгөө банкны хүү, ажилчдынхаа цалинд өгсөөр эцэст нь хаалгаа барьж, банкны чанаргүй зээлийн хэмжээ тэр хэрээр нэмэгдэх нь тодорхой юм.
иймээс хадгаламжинд байршуулсан баячуудын мөнгөөр өнөө маргаашаа өнгөрүүлж байгаа арилжааны банкуудын бие даах чадварыг нэмэгдүүлж, эрсдэл үүрэх актив хөрөнгөтэй байх талаар хяналт тавих шаардлагатай байна. Монгол хүний оюун ухааныг үнэлж, том том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх банк гаднаас орж ирэх гэхээр тээг садаа болж байгаа хүмүүс нь банкны эзэд өөрсдөө байх жишээтэй.
Өрсөлдөөн дундаас л үйлчлүүлэгч сайныг нь сонгодог. Эрсдэл үүрэх чадвартай, том төсөл хөтөлбөр санхүүжүүлж байж л эргээд ашгаа олох учиртай. Дэлхийн том том банкууд яг л энэ зарчмаар ажилладаг. Харин манайд арай гайгүй хөрөнгөтэй нь дааж давшгүй өндөр шалгуур тавиад гэдийчихдэг, арай жул нь санхүүжүүлэх мөнгөгүй гэсэн шалтгаан тоочоод төрийг гоочилдог байдлаар ажиллаж байгаа юм. Ийм байхад үйлдвэрлэл хөгжинө гэж ярих нь сэрүүн зүүд л болох билээ.
Банкны салбарт салхи оруулмаар байна
Ам.долларын ханшийн өсөлт, монгол төгрөгийн үнэгүйдэл зэргээс шалтгаалан Монголбанк бодлогын хүүгээ өнгөрөгч долоо хоногт 13 хувьд хүргэв. Гэтэл л өнөөх эрсдэл даах чадваргүй арилжааны банкууд зээл гаргахаа больж эхэлсэн сурагтай. Тэр дундаа найман хувийн хүүтэй зээлийг гаргахгүй гэсэн чиглэл баримталж эхэлжээ. Шалтгаан нь найман хувийн хүүтэй зээлээс олох ашиг байхгүй байгаа явдал.
Төрийн албанд ажилладаг бол өгнө гэх зэргээр шалгуур нь өндөр байсан ч олон мянган залуус найман хувийн зээлийн ач буянаар орон байртай болсон. Мэдээж зээлээ эргэж төлж чадахгүй, удаашруулах, хугацаа хойшлох асуудал байх нь мэдээж. Гэтэл ашиггүй гэсэн шалтгаанаар энэ зээлээс татгалзаж байгаа бол гадны банк орж ирэх боломжийг тэд нээж өгөх ёстой биш үү.
Дотоодын үйлдвэрлэлийг чинь дэмжээд өгье, зээл өгмөөр байна, бидэнд зах зээлээ нээгээд өгөөч гэсэн асар их хөрөнгөтэй банк дараалал хүлээгээд санал өгөөд сууж байгаа. Гэтэл бид чадна хэмээн зөрүүдэлж, Монголын зах зээлийг эзэлчихсэн атлаа ашиг алга, найман хувийн хүүтэй зээл олгохгүй гэж хэлж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй баймаар. Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, банкны салбар дампуурна гэсэн цөөхөн эздийн эрх ашиг иргэдийн сонголтод нөлөөлөх ёсгүй юм.
Чадахгүй бол зайгаа тавьж өгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг ойлгох цаг нь болж. Энэ мэтээр банкны салбарын дампуурлыг тоочоод байвал барагдахгүй. Банкинд цалингаа барьцаа болгож, эд хөрөнгөө барьцаалаад зээл авч байхад тэд зээлсэн мөнгөнөөс нь хувь аваад сууж байна. Зээл олгохдоо эхлээд банкны ашгаа бодож хүүгээ суутгадаг асуудлыг удаа дараа хөндлөө. Нэг удаа зээл авчихсан бол нэг жилдээ авахгүй.
Нэг банкинд зээлтэй бол нөгөө рүү очиж болохгүй, аав чинь зээлтэй бол ах дүү чинь төлж барамгүй өртэй бол гэх мэтээр зээл өгөхгүй байх шалтгаан хэтэрхий олон. Бэлэн мөнгөний машин хэрэглэх болгондоо 500, 100 төгрөгөө суутгуулдаг. Дэлхийд өндөр технологи нэвтэрчихээд байхад дараалал үүсгэдэг, банк хоорондын гүйлгээ нь 300 төгрөгөөс суга өсч 2000 төгрөг хүрчихсэн байх жишээтэй.
Баахан бичиг цаас цуглуулсны дараа 10 хүрэхгүй сая төгрөгийн цалингийн зээл өгдөг, малчдын мал барьцаалдаг, үл хөдлөх хөрөнгийг нь багахан хөрөнгөөр үнэлдэг банк манайх шиг цөөхөн хүн амтай улсад тав зургаа л байхад хангалттай. Харин үндэсний хэмжээний бүтээн байгуулалт санхүүжүүлдэг, иргэдийн бодит орлогыг зөв үнэлж, үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлдэг, үйлдвэрлэлийг дэмждэг, эд хөрөнгийг нь бус оюун ухааныг нь төсөл хөтөлбөрийг нь барьцаалж зээл олгодог банк ус агаар шиг хэрэгтэй байна.
Ийм банк хэр олон байна тэр хэмжээгээр бид дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, баялаг бүтээдэг улс болох учиртай. Баячууд банкинд мөнгөө байршуулж хүүгээр нь амьдардаг бус хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлдэг болох гарц ч нээгдэх юм биш үү.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn