Үүрэн телефоны “Мобиком” корпорацийн тодорхой хувийг “MCS” компани худалдан авах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. "MCS" компанийн охин компаниудын нэг нь "Юнител". Иймээс хэрэв "MCS" нь "Мобиком"-ын хувьцааг худалдан авах бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан хүсэлт гаргах шаардлагатай гэнэ. Энэ асуудлыг тус газрын дарга Т.Аюурсайханаас тодруулахад "Бидэнд энэ талаарх мэдээлэл ирсэн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компани нь бусад компанийнхаа энгийн хувьцааны 25 хувиас дээш, давуу байдалтай бол 15 хувиас дээш хувийг худалдаж авах бол манайд хүсэлт гаргах ёстой. Одоогоор ийм хүсэлт ирээгүй байна. Хэрэв ирвэл бид судлаж, нягталсны дараа шийдвэрээ гаргах болно. Мөн "Юнител" компанийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон шийдвэр гаргаагүй. Саяхнаас энэ талын судалгааг явуулж эхэлсэн. Хэрэв хуулийн дагуу давамгай байдалтай болох нь тогтоогдох үндэслэл байвал бид зохих шийдвэрийг гаргана" гэх мэдээллийг өглөө.
Д.ЖАРГАЛ