Х.Баделхан: Банкаар дамжиж байгаа ипотекийн зээлд бид оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Х.Баделхан: Банкаар дамжиж байгаа ипотекийн зээлд бид оролцохгүй

Х.Баделхан: Банкаар дамжиж байгаа ипотекийн зээлд бид оролцохгүй

Арилжааны банк ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг Барилга хот байгуулалтын яам болон Монголбанкнаас үгүйсгэж буй. Гэвч бодит байдал дээр арилжааны банкууд зөвхөн өөрсдийн хамтран ажилладаг барилгаас сонгох эсвэл ипотекийн зээл олгохгүй гэсэн тайлбарыг өгч буй. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-2019 оны төсөв хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн санхүүжилтийг бууруулсныг зарим гишүүд шүүмжилж байна. Яагаад төсвийг нь бууруулсан юм бэ?

-Яг одоо 2019 оны төсөв хэлэлцэж байна. Батлагдсан үндсэн чиглэлийн дагуу төсөв боловсруулагдсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.  Саналаа хэлж байгаа. Засгийн газраас  гарсан шийдвэрийг би өөрчлөх эрх байхгүй шүү дээ.

-Ипотекийн зээлийг арилжааны банкууд гаргахгүй байна. Өөрсдийн банкинд байгаа байрны жагсаалтаас сонговол зээл олгоно гэж хэлж байна. Энэ асуудлыг яаж цэгцлэх юм бэ. Ипотекийн зээл бол төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын нэг шүү дээ?

-Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын мэдээллээр нийт эргэн төлөлт, улсын төсвөөс нийлсэн 200 тэрбумын санхүүжилтийг ипотекийн зээлд олгосон. Банк өөрийн эргэн төлөлтөөр 250 тэрбум төгрөг олгосон байна. Эхний есөн сарын байдлаар 6000 гаруй айл ипотекийн зээлд хамрагдсан байна.

-Цаасан дээрх тоо байгаа ч амьдрал дээр арилжааны банкуудын үзэмжээр л зээл олгогдож байна?

-Цаасан дээрх тоо биш Монголбанкнаас ирүүлсэн мэдээллийг хэлж байна.

-Банкны энэ шаардлагаас болж газраа чөлөөлсөн ч ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй олон хүн байна. Бодит байдал дээр банкнаас  зээл авсан барилгын компаниудын байрнаас сонгосон хүнд л ипотекийн зээл олгож байна шүү дээ?

-Ипотекийн зээлийг улсын төсөв, Монголбанкны эргэн төлөлтөөр санхүүжүүлдэг. Өмнө нь Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкууд бонд авдаг байсан ч больсон. Тэгэхээр арилжааны банкуудад чөлөөт мөнгөний үлдэгдэл их байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар арилжааны банкууд 250 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргасан. Арилжааны банкууд өөрийн мөнгөө яаж зарцуулахыг би мэдэхгүй. Банк бол хувийн байгууллага, өөрийн мөнгөө хэнд өгөх нь банкны өөрийнх нь асуудал. Улсын төсөвт оруулж байгаа мөнгийг яаж зарцуулах талаар бид журам гаргахаар ажиллаж байна. Төрөөс гаргаж байгаа 120 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх журмаа бид гаргаж байгаа.

-Ипотекийн зээлийн талаар тодорхой журам гаргана гэсээр танай Засгийн газар нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Тодорхой шийдвэр хэзээ гаргах вэ. Ипотекийн зээлд хамрагдах хүлээлт их байх шиг байна?

-Төр бол өөрөөсөө гарч байгаа мөнгөө л шийднэ. Арилжааны банкнаас гарч байгаа мөнгөнд төр оролцохгүй.

-Төрийн бодлого арилжааны банкаар дамжиж хэрэгжиж байхад төр надад хамаагүй гээд суух нь хэр зохимжтой юм бэ. Төрийн бодлого иргэндээ хүрэхгүй байгааг хувийн байгууллага мэднэ гэж хэлж болох уу?

-Банк өөрсдийн мөнгөө, төр өөрсдийн мөнгөө мэднэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж