Бөх биш ээ, бүлэг мафи

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Бөх биш ээ, бүлэг мафи

Бөх биш ээ, бүлэг мафи

“Бөх бол төр”.  Энэхүү алдарт “афоризм”-аасаа болоод  УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нэг хэсэгтээ л онигооны баатар болсон.  Агваансамдангийн хүү л хэлсэн болохоос уг нь бөх бол төр гэдэг  Монголын төрийг гутаасан  үг ч биш юм.  Товчхондоо, Монголын төр хэчнээн бөхтэйг тоолсноос Бөхийн өргөөнд хэдэн бөх барилдаж байгааг тоолбол илүү амархан даг.  Цаашлаад  ирэх 2020 онд төрд “барилдахаар” бэлтгэлээ хийж эхэлсэн бөхчүүд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Дагвадорж нараас эхлээд тоологдоно. Төрийн ордон бөхчүүдэд очиж Бөхийн өргөө төрийн мэдэлд очихоор болсон нь гайхах ч үзэгдэл биш.Манай төрийн болоод миний эх орны бодит дүр зураг. Учир нь  "бөх бол бүх юм" гэдэг философитэй ард түмэн билээ.

Харамсалтай нь, бөхчүүд хайр ч, буян ч дааж амьдарч чадахаа больжээ. Бүлэглээд явдаг,  энд тэндхийн зодоон, хэрүүл болгон дээр бөхчүүдийн нэр ёс юм шиг дурдагддаг болоод удаж байгаа.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ны шөнө   Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар  тэргүүтэй   бөхчүүд нэгэн сургуулийн зассан замыг эвдэлсэн тухай мэдээлэл өчигдрийн хувьд  олон нийтийн сүлжээнд дуулиан тарилаа. Наанаа хоёр компанийн газраа булаацалдсан маргаан мэт харагдавч, цаана нь  нөгөө л монгол бөхийн ёс зүй, жудаг ёс, нэр төрийн асуудал давхар яригдаж байна.

Бөхчүүдийн талаарх энэ мэт  таагүй мэдээлэл чих дэлсэх нь олонтаа.  Харин хариуцлага тооцдог нь цөөн. Бөхийн өргөөг булаацалдан хоёр тийшээ харчихаад муу муухайгаа дуудалцаж суугаа аварга, арслан, заануудыг харахад юун хүн чанарын дээд, ёс жудгийн бэлгэ тэмдэг вэ.

 Наадмаа найраатай хийдэг, даваа болгоноо зардаг, сэргээш хэрэглэдэг зэрэг хэл ам, дуулиан шуугиан болсон асуудлыг нь бүр авч хэлэлцэхээ болъё гэхэд монголчуудын хайрлаж ирсэн сэтгэл дээр дэвсэлж, монгол бөхийн нэрийг хулгар чихтэй хулигаанчуудын хэмжээнд аваачиж буй бөхчүүдийг тонил цаашаа гэмээр байна.

А.Сүхбат Д.Одхүү хоёр зодолдож гэнэ. Архидаж суугаад баар саванд барьцалдаж гэнэ. Бөхийн өргөөг эвдэлж гэнэ. Бүр барилдаж байхдаа  нудралцаж, тийрч, тохойлдож гэнэ. Гэх мэт мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасардаггүй,  Бөхийн өргөөний хэрүүл ч талцал бүр цаашаа болсон.  Хамгийн муу муухай аргаар өрсөлддөг, хамгийн хүн муутай, хамгийн бүдүүлэг, ёс зүйгүй, боловсролгүй хүмүүс Монголд бөхчүүд  болсон билээ.   Бүр зарим нь босоо хөхчүүдтэй нийлээд энд тэндхийн хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, дарамталж, ард түмнээ шантаажилдаг  гэх яриа ч сонсогддог.

Дэвжээн дээрээ илэрхий ёс бус аашилж, нийгэмд үндэсний бөхийн нэр төрийг гутааж байгаа хулгар чихтэй хулигаануудад хариуцлага тооцдог газар байна уу. Өгсөн цолоо авч чаддаггүй юм аа гэхэр монгол бөхийн торгон ногоон дэвжээнд гаргах эрхийг нь хасвал яасан юм бэ.  Харин ч  "бөх бол төр" гээд Төрийн ордон дотроос афоризм айлдаад сууж байна. Гэтэл сүмогийн ертөнцөд бөхийн нэр хүндийг дагаад ямар хариуцлага, ёс зүй ирдгийг  Ама Д.Бямбадоржийн зодог тайлахад хүрсэн дуулиант  үйл явдал харуулж буй.

Үндсэндээ бөхийн хорхойтон монголчууд үндэсний дархан аварга минь, арслан минь гэж толгойг нь илж, хамаг өнгөтэй өөдтэйгөө барьж гүйсээр байгаад тэд өнөөдөр бөх ч биш хүн ч биш болсон байна. Бүр хатуугаар хэлбэл, бөхчүүд өнөөдөр бүлэг мафи болжээ. Бүлэг мафиуд өөрсдийгөө бүр төр гэж боддог болчихсон л Монголын эмгэнэл биш гэж үү!

Ж.ЭРХЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж