Автомашинаас төлбөр авах асуудлыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Автомашинаас төлбөр авах асуудлыг судалж байна

Автомашинаас төлбөр авах асуудлыг судалж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.10.23/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийв. Тэрбээр “Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр цахим, ил тод, үр ашигтай төсвийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг цогцоор нь шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын орчныг бий болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд, зарлага 11.5 их наяд байхаар тооцоолсон” гэсэн юм.

Ийнхүү танилцуулга хийсний дараа төсөвтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Засгийн газраас төсвийн төсөл дээр өгч байгаа хариултууд хариуцлагатай баймаар байна. Буруу мэдээлэл өгсөн төрийн албан хаагчтай хариуцлага тооцох шинэ дэг үйлчилж эхэлсэн. Төсвийн асуудал хэлэлцэхэд тойрог тойрсон төсөв, тулга тойрсон мөнгөний бодлого ярихаа болимоор байна. Эдийн засгийн өсөлт 8 хувь, 43 сая тонн нүүрс экспортолно гэсэн байгаа. Энэ нүүрсийг хаагуур яаж тээвэрлэх гээд байгаа юм. Боомтын хүчин чадал чинь хэрээсээ хэтрээд байна. Нүүрс тээвэрлэж байгаа цуваа нь 100 гаруй км болсон. Ингэж нүүрс экспортолдог орон байдаг юм уу. Эдийн засгийн асуудалд бодитой ярих хэрэгтэй. Алт, зэсийн үнийг хэрхэн тогтоосон бэ. Төмөр зам ирэх онд баригдах нь уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Зэс, алтны үнийг ОУВС-гийн гаргадаг тоогоор төсөвлөдөг. Төсвийн хүрээний мэдэгдлийг хийж байхад зэсийн үнийг 7250 ам.доллар орчмоор оруулсан. Гэтэл төсөв өргөн барих үед 1000 ам.доллараар буулгаж, 6270 ам.доллараар тооцсон.

Нүүрсний экспорт 2018 оны эхний дөрвөн сард маш муу гарсан. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр урд хөршийн талаар таагүй яриа үүссэн, мөн далай ламын айлчлалтай холбоотой таагүй асуудал үүссэнээс нүүрс тэнд олигтой гараагүй. Дараагаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Бид УЦС-ыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Нар, салхины станцын хувьд асуудал байна. Оройн цагаар нар салхины станц зогсдог. Бидний өөрсдийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангаж байгаа нь ОХУ-аас авч байгаа 240 мвт-ын эрчим хүч. Манай систем эх үүсвэрийн тодорхой хэмжээний дутагдалтай байгаа. Бусад орны хувьд хурдан горимд шилждэг хийн, усан цахилгаан станц байдаг. Манайх трубинээр 5-6 цаг болж байж эрчим хүчээ авдаг. Сүүлийн үед бусад улс орнууд батериа хуримтлал руу шилжиж байгаа. 100 мвт-ын батарей хуримтлалтай бол манай систем найдвартай болно.

“2018 онд баригдсан төмөр зам  байхгүй. Суурь бүтцийн асуудлаар нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд  Сайншанд-Алтанширээгийн чиглэлд хийгдэж байгаа. Уул уурхайн экспортын чиглэлээр   Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46.2 км төмөр зам баригдах бичиг баримт бүрэн болсон. Маргааш Засгийн газрын хуралдаанд төмөр замын царигийн асуудал оруулна гэж ЗТХЯ-ны ажлын хэсэг мэдээллээ.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Төсвийг төлөвлөхөд зөвлөгөө өгдөг хоёр ч байгууллага байдаг юм байна. Энэ байгууллага дэлхийн 100 гаруй оронтой хамтарч ажилладаг юм байна лээ. Бид ч бас хамтарч ажиллавал ямар вэ.

Ирэх онд 43 сая тонн нүүрс гаргана гэж тооцжээ. Баялгаа үнэ хүргэж худалдаалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Хоёрт, нийслэл хотод хүн амын 30 хувь нь оршин сууж байна. Гэтэл Улаанбаатар хот хуучин машины цуглуулга боллоо, түгжрэл хэрээс хэтэрч байна. Иймд дагуул хот байгуулах ажил хэр ахицтай байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газраас Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсэн дээр шалгалт хийсэн. Энд хулгай байгаа. Хоёрт, Монгол Улсын баялаг ямар нэгэн хяналтгүйгээр гарч байгаа. Тиймээс ямар сорьцтой, хэр хэмжээний байгалийн баялаг гарч байна вэ гэдгээ мэддэг болохын тулд Монгол Улсын зургаан боомтод бүрэн шинэчлэл хийх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгасан.  Дээрх зургаан боомтод рентген аппарат суулгаж, дөрвөн боомтод нефть бүтээгдэхүүнийг шинжлэх лаборатори байгуулахаар төлөвлөж байна.

Хотын түгжрэлийг бууруулахын тулд эдийн засгийн аргаар тэмцэхээс өөр арга байхгүй. Ингэхдээ татварын бодлого, татаасын бодлогыг уялдуулж байж түгжрэл шийднэ гэж тооцож байна. Хотын төв хэсгээр зорчиж байгаа автомашинаас төлбөр, татвар авдаг байхаар судалж байна. Үүнээс гадна хотоос гарсан их дээд сургуульд улсын төсвөөс татаас олгодог байхаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Утаанаас болоод өвчлөл, нас баралт их боллоо. Тиймээс ипотекийн зээлтэй уялдуулаад яндангүй, зуугүй болгох, цахилгааны хөнгөлөлтийг урт цагаар олгох ямар арга байна вэ?

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа дэд төв байгуулах төслийг нийслэл хариуцаж байна. Энэ төсөл зогсоогүй. Хоёрт, инженерийн шугам сүлжээг сайжруулахад 2018 оны төсөвт 35 тэрбум төгрөг суулгасан. Тендер зарлагдаад, ажлууд эхэлсэн. Ирэх оны төсөвт 23 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээ сайжруулахаар суулгаж өгсөн. Ипотекийн зээлийн тухайд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулаад Сангийн яамнаас санал авахаар хүргүүлсэн. Ипотекийн зээлд нийт 115 тэрбум төгрөг суулгаад байна.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж