Шалгалтаар очно, хуурамч бүтээгдэхүүнээ нууцгаа!

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Шалгалтаар очно, хуурамч бүтээгдэхүүнээ нууцгаа!

ХСҮТ хямд, чанар муутай химийн тариа авдаг нь тендерийн хуулийн “харалган” заалттай холбоотой

Шалгалтаар очно, хуурамч бүтээгдэхүүнээ нууцгаа!

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ аливаа үйлчилгээний эхэнд тавигдах ёстойг дэлхий даяар даган мөрдөж, ягштал хэрэгжүүлж байна. Харин манай улсын төрийн бодлого түүнтэй тэрсэлдэж байдаг. Эрүүл мэндийн наад захын үйлчилгээ үзүүлэгч эмийн сангийн худалдаанд эргэлзэх зүйл цөөнгүй байна. МХЕГ-ын хяналт шалгалтынхан эмийн сангуудын үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн. Учир нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд МХЕГ аливаа шалгалт хийхдээ иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдсэн байхаар зааж өгснөөс эмийн сангуудыг хянаж чаддаггүй аж. Энэ тухай МХЕГ-ын тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг.

Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр зөрчил илэрдэггүй. Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа, хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд хугацаа дууссан, чанар хангахгүй бүтээгдэхүүнээ нуудаг” гэв. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тавдугаар зүйлд “Хяналт шалгалтын байгууллага хяналт, шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэжээ.

Танайхыг шалгана, хуурамч, хугацаа дууссан, хориглосон эмээ нуугаад аятайхан өнгөрөөхийг бодоорой гэсэн агуулгатай энэ заалтыг төрийн хяналтын гол хуульд хэн ямар зорилгоор суулгасныг шүүж үзэх л шаардлагатай. Ийм утгагүй заалт хүчин төгөлдөр үйлчилж, түүний уршгаар эрсдэл бий болсоор байгааг мэддэг атлаа хуульд өөрчлөлт оруулж төвдөхгүй байгаагийн цаана учир бий. Өвчлөл нэмэгдэх, стандарт тогтоохын хэрээр эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес олон тэрбумаар эргэлддэг худалдааны том салбар болсон. Өрхийн эмчээс эхлээд сум, дүүргийн эмч нар эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйлчилгээнд сүлжээ үүсгэсэн тухай хэвлэлээр бишгүй л шүүмжилж байгаа. Тэр сүлжээгээр дамжин хориглосон эм, хугацаа нь дууссан тариа худалддаггүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ. Саяхан нэгэн танил маань эмчийн зөвлөснөөр эмийн сангаар үйлчлүүлэхэд хугацаа нь дууссан эмийн бүтээгдэхүүн заржээ.

Хуулийн цоорхойг далимдуулж иргэдэд чанаргүй эм, тариа шахсаар байна

Эмийн санчид хэлтэл авбал ав, боливол боль гэсэн шинжтэй тоогоогүй төдийгүй дараагийн үйлчлүүлэгчид хугацаа дуусан эмээ зарсан гэнэ. Эмийн худалдааг дурын хүн хийдэггүй. Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллагсдын хэд нь эм зүйч мэргэжилтэйг дээрх хуулийн заалтаар тогтоож дийлэхгүй нь ойлгомжтой байна. Эм, тариа бол онцгой бараа бүтээгдэхүүн. Түүнийг мэргэжлийн эм зүйч худалдан борлуулах ёстой. Гэтэл хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой онцгой барааны чанар, худалдах эрхийг хэрэгжүүлэхэд төр хяналтаа тогтоож чадахгүй байгаа нь харамсалтай. Ийм тохиолдолд иргэд хэнд найдаж, хаанаас баталгаа нэхэх вэ. Хуулийн энэ цоорхойг далимдуулж хэчнээн эмийн сан шаардлага хангахгүй эм, тариаг үйлчлүүлэгчид шахаж байгааг яаж тооцох вэ. Үүнээс ч ноцтой байж болох нөхцөл олон жил ужгирсан нь бас л төрийн харалган бодлого, хуулийн заалттай холбоотой.

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хими эмчилгээний тасаг чанар багатай химийн тариа ашигладаг тухай яригдсаар байгаа. Тус төвд химийн тариа нийлүүлэх тендер төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагддаг бөгөөд хамгийн бага үнэ санал болгосон эм ханган нийлүүлэгч шалгардаг. Тэр хэрээр дэлхийд нийтлэг хэрэглэж буй химийн тарианаас хямд тариа тендерээр орж ирдэг гэсэн үг. Энэ талаар тус төвийн Клиникийн эм зүйн албаны дарга Ж.Жавхлан “Хуульд хамгийн бага үнэ санал болгосон оролцогчийг шалгаруулна гэдгээр чанаргүй эм, тариа орж ирдэг сул тал бий. Химийн тарианаас илүү үр дүнтэй эмчилгээг дэлхий нийтэд өргөн хэрэглэж байгаа ч манай эмнэлэг төсөв хүрэлцээгүйгээс нэвтрүүлж чадахгүй байна” гэж ярив. ХСҮТ-ийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн.

Харин өнөө жил 20.2 тэрбум төгрөг байсан төсвийг ирэх жил 10.3 тэрбум төгрөг болгож бууруулжээ. Төсвийг нь бараг 10 тэрбумаар хасчихаад байхад чанартай химийн тариа авна гэдэг юу л бол. ХСҮТ-ийн хими эмчилгээний тасагт сард дунджаар 450 хүн химийн тариа хийлгэдэг бөгөөд эм, тарианы хүрэлцээ муу, өвчтөнүүд хэвтэх, эмчилгээнд орох дарааллаа хүлээх гээд бэрхшээл их гардаг байна. Өнөө жил улсын төсвөөс химийн тариа худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг баталсан учир хүртээмжгүй байдал үүсэж болзошгүйг эмч нар ярих юм. Тус төвийн судалгаагаар жилд хамгийн багадаа найман тэрбум төгрөгийг химийн тариа худалдан авахад төсөвлөж байж чанар, хүртээмж хангах эм, тариа оруулж ирэх боломж бүрдэх аж. Өнөөдрийн байдлаар манай улсын хавдрын эмчилгээний эмийн бүртгэлд худалдааны нэршлээр 70 гаруй, олон улсын нэршлээрээ 54 эм бүртгэлтэй байна.

Үүнээс хавдрын химийн эмчилгээнд 26 эм, тариа бүртгэлтэй аж. Тэдгээр эм тарианаас одоогийн хэрэглэж буй Энэтхэгийн химийн тариа чанарын хувьд аль хавьд үнэлэгддэгийг хэлж мэдэхгүй. Үнэ хямд гэхээр дэлхийн дунджаас доогуур байдаг нь тодорхой. Гэтэл нөгөө талдаа хууль тогтоогчид сэтгэлгүй хандсаны гайгаар хэчнээн хүн чанар багатай химийн тариа тариулж хохирсон бол. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн амин чухал хэрэгцээг бал цаас, бараа материал худалдан авах ажиллагаатай адилтган хуульчилсан нь тэнэглэл гэхээс өөр юу гэх вэ. Ялангуяа, химийн тариа бол хорт хавдрын эсрэг онцгой бүтээгдэхүүн. Тийм ч учраас гадуур зарахыг хориглож, тендерт шалгарсан эм ханган нийлүүлэх байгууллагад л хилээр оруулах зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг.

Иргэдийнхээ амины үнэтэй зүйлээс мөнгө харамладаг төртэй байгаа нь эмгэнэл биш гэж үү. Дээрх хоёр хуулийн заалтаас болж иргэний аюулгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж байна. Үүнийг хэзээ засах нь ч тодорхойгүй. Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр хяналтын байгууллагынхантай уулзах үеэрээ эмийн санг шууд шалгах эрхийг МХЕГ-т олгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийхийг анхааруулсан ч ЭМЯ, Засгийн газар хуулийн төсөл санаачлаагүй л байна. Мөн химийн тарианы чанарыг сайжруулах талаар иргэд эмнэлгийн зүгээс олон жил шүүмжлэлтэй хандаж байгаа ч төсөв нэмэх, тендерийн хуулийг өөрчлөх санаачлага бас гараагүй л байгаа юм. Иргэдийн эрүүл мэндийн аюулгүй үйлчилгээ авах эрх зөрчигдсөөр байгааг мэдсэн ч мэдээгүй царайлдаг, тооцсон ч тоолгүй өнгөрөөдөг байдалтайгаа төр ч эвлэрчээ.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж