Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас өнөөдөр /2018.10.23/ 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Л.Одгэрэл агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулж 1995 оноос эхлэн хууль баталсан ч хоорондоо уялдаа холбоогүй байгааг дурдав.
Мөн “Агаарын бохирдолтой тэмцэх албыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Нийслэлийн Засаг даргын дэргэд гурван удаа байгуулж ажилласан. Ингэх явцад зохион байгуулах чиг үүрэгт давхцал үүссэн зэрэг нь хариуцлага тооцох боломжгүй болгосон” гэв.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөг буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг агаарын бохирдол бууруулахад ашиглажээ.
Мөн нийслэлийн гэр хорооллын өрхийн цахилгааны тоолуурын шөнийн тарифт 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
Түүнчлэн агаарын бохирдол бууруулахад зарцуулсан хөрөнгийн 26 хувийг шахмал түлшинд, 22 хувийг сайжруулсан зуух, үнс тээвэрлэх машин худалдан авахад, 14 хувийг нам даралтын зууханд шинэчлэл хийхэд, 10.9 хувийг сайжруулсан түлшний агуулахад зарцуулжээ. Гэвч үр дүн муутай байгаа дүн гарсан аж.
Тухайлбал, сайжруулсан түлшний 14 үйлдвэртэй 70 мянга 580 тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан ч үйлдвэрлэгчид 22.4 хувийг нь л нийлүүлжээ.
Мөн “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон нүүрс, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан боловч өнөөдрийг болтол ажиллаагүй. Сайжруулсан түлшийг хангалттай нийлүүлээгүйгээс агаарын бохирдол буураагүй.
Түлшний зардлыг багасгахын тулд гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр худалдсан боловч ажлын үр дүн тодорхойгүй. Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөн ч агаарын бохирдол бууруулсан эсэх талаар судалгаа байхгүй.
Нийслэлийн автотээврээс гарах утааг бууруулахын тулд төсвөөс 9.8 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлсэн боловч зарим төслийн бэлтгэлийг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, үр дүнд хяналт тавиагүй.
Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зуух, яндангийн тоо буурсан эсэх талаар судалгаа хийгээгүй.
Төрийн аудитын байгууллагаас агаарын бохирдол бууруулах ажилд удаа дараа шалгалт хийж, илэрсэн зөрчлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, албан шаардлага өгч байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Агаарын бохирдол улам нэмэгдсээр байгаа нь Үндсэн хуулийн 16.2-т заасан баталгаа ханагдахгүйд хүрч байна. Аудитын дүнг үндэслэн Ерөнхий сайд буюу Орчны бохирдол бууруулах хорооны дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайд нарт зөвлөмж өгчээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад агаарын бохирдлыг царцаах хоёр үе шаттай зөвлөмж өгсөн байна.
Түүнчлэн дүгнэлтээр зөрчилтэй гэж гарсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, нийслэлийн Засаг даргад зөвлөмж, албан шаардлага өгч байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжтэй холбоотой зөрчлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Мөн ҮАГ агаарын бохирдол бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулж буй хөрөнгө, үр дүнд байнга хяналт тавих болохоо мэдэгдлээ.
Р.Ренчиндулам
Агаарын бохирдлыг бууруулах ажлын аудитын дүнг танилцуулж байна.
Posted by News.mn on Monday, October 22, 2018
Холбоотой мэдээ