Английн зорчигч тээврийн үйлчилгээний “Аддисон Ли” компани нь “Оксботика” хэмээх жолоочгүй машины програм хөгжүүлдэг компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2021 оноос эхлэн Лондонд жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зарлалаа.
Тэд жолоочгүй машинд зориулсан дижитал газрын зураг бүтээх ажлыг хамтран хийж гүйцэтгэхээр болсон байна. Дижитал газрын зурагт 400,000 гаруй километрийн урттай Лондон хотын нийт замын сүлжээг бүх замын тэмдэглэгээ, замын өргөн нарийн, хашлага, гэрлэн дохио зэргийг багтаахаар ажиллаж байгаа аж.
“Технологийн дэвшил, өөрийгөө жолооддог машины програм хөгжүүлэлтийн ачаар ирэх арван жилд дэлхий дахинд нийтийн тээврийн системд маш их өөрчлөлт орох болно. Харин бид энэ бүх өөрчлөлтийн анхдагчдын нэг болж, таксины үйлчилгээнд хувьсгал хийхийн төлөө ажиллаж байна” хэмээн Аддисон Ли компанийн захирал Анди Боланд хэлж байсан юм.
Аддисон Ли компани нь 2035 он гэхэд жолоочгүй, серверийн хяналттайгаар ажилладаг машинуудыг олноор нь үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг төслийн нийт зардал нь 28 тэрбум ам.доллар болох ажээ.
Түүнчлэн жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан засгийн газрын зүгээс замын хөдөлгөөний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Аддисон Ли компанийг Америкийн хувийн өмчит Карлил групп эзэмшдэг бөгөөд 1975 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш өргөжин тэлсээр өдгөө Европын хамгийн том такси, машин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани болсон байна.
Эх сурвалж: Independent.co.uk
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ