Р.Гончигдорж Чингис хааны одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж Чингис хааны одон хүртлээ

Монгол түмний их баяр цэнгэл, улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц Элбэгдорж зарлиг буулган, Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж өнөөдөр Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одон хүртээлээ.
 
Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнөө ийнхүү шагнал гардуулсныхаа дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Чингэс хааны одон хүртсэн Р.Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Энэ онд манай орны анхны ардчилсан парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна.
 
Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одонгоор шагнаж байна.

Раднаасүмбэрэлийн Гончигдорж Танд төр түмнээ гэсэн цаашдын ариун үйлсдээ улам их амжилт олохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Баяр хүргэе. Та сайхан наадаарай” хэмээн баяр хүргэж үг хэллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж