Сингапур улсад болж буй эмэгтэй теннисчдийн WTA finals буюу шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний RED хэсгийн эхний тойргийн тоглолт болж, энд гайхалтай нэгэн тоглолт явагдав.
Шилдгүүдийн өрсөлдөөнд Румын теннисчин С.Халепын оронд орж ирсэн Нидерланд теннисчин тэмцээний эхний тойрогтоо Их дуулга тэмцээний 3 цомтой Германы А.Кербертэй тоглосон. Хоёр теннисчдийн эхний сетэд эрэмбээ харуулж Их дуулгын аварга Герман теннисчин ердөө нэг гэйм алдаж 6-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. Тоглолтын эхний сетийн дараа бүх зүйл ойлгомжтой боллоо гэж харж байсан хүмүүс олон байх. Гэвч Нидерланд бүсгүй 2 дахь сетээс гайхалтай эргэн ирж 6-3 харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авснаар сетийн харьцааг тэнцүүлж чадсан. Ингээд шийдвэрлэх 3 дахь сетэд Нидерланд бүсгүй эрч хүчтэй, өөртөө итгэлтэй тоглолтыг үзүүлсээр 6-4 харьцаагаар Германы А.Керберийг буулгаж авсан юм. Ийнхүү тэмцээний хамгийн сул өрсөлдөгч байж болох Нидерланд теннисчин К.Бертенс хамгийн хүчтэй, магадгүй энэ тэмцээний гол фаворит болох А.Керберийг буулгаж авсан байна.
Харин нөгөө талд энэ хэсгийн өөр нэг тоглолт болох Н.Осака болон С.Стефэнс нарын тоглолт болж Америк бүсгүйн ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтонд Америк бүсгүй С.Стефэнс яван чангарч эхний сетэд 7-5 харьцаагаар хожсон бол 2 дахь сетэд 4-6 харьцаагаар хожигдсон ч сүүлийн шийдвэрлэх сетэд өрсөлдөгчдөө ердөө ганц гэйм алдаж 6-1 харьцаагаар буулгаж авсан байна. Өнөөдөр тэмцээний WHITE хэсгийн 2-р тойргийн тоглолтууд явагдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ