Арван настай хүү 16 үйл явдал өгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Арван настай хүү 16 үйл явдал өгүүлнэ

Арван настай хүү 16 үйл явдал өгүүлнэ

Кино сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2018.10.22/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй наадам олон онцлох зүйлтэй байлаа. Тухайлбал, “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ жил уран сайхны хоёр удирдагчтай болжээ. Уран сайхны удирдагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет нар ажиллаж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулж эхэлсэн үеэс эхлэн 82 киног 17000 гаруй үзэгчдэд хүргэсэн байна. Харин энэ жилийн хувьд Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонтогийн олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 киног энэ сарын 22-28-нд “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ гаргах юм.

Энэ жилийн буюу “Улаанбаатар-2018” олон улсын кино наадмын монгол киноны хэсгийн богино хэмжээний кино төрөлд “Хөхөө”, хүүхэлдэйн киноны төрөлд “Чингис хаан”, уран сайхын киноны төрөлд “Амьдрал” кино шалгарсан бол нээлтийн киногоор “Од ба Гэгээ” уран сайхны кино шалгарсан юм.

ШИЛДЭГ ГУРВАН КИНОГ “ХАНГАРДИ” ЦОМООР ШАГНАНА

Ингээд кино наадмын нээлтийн үеэр уран сайхны удирдагчид болон нээлтийн киноны найруулагчдын сэтгэгдлийг сонслоо.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн “Өдгөө 10 дахь удаагаа зохион байгуулж буй наадмын цар хүрээ улам өргөжиж, олон улсын жишигт ойртуулах зорилгоор наадмын бүтэц, хөтөлбөрт өөрчлөлт орсон байна. Наадам монгол киноны уралдаант хэсэг, олон улсын киноны уралдаант бус хэсэг, онцлох орны кино хөтөлбөр, танилцуулах үзлэгүүд, киноны салбарын сургалт зэргээс бүрдэх юм. Энэ удаагийн наадмын онцлох орноор ОХУ-ыг сонгож, гурван киног нь хөтөлбөрт оруулсан. Наадамд 2017-2018 онд бүтээсэн Монголын уран сайхны, хүүхэлдэйн (анимаци), богино хэмжээний гэсэн гурван төрлөөр шилдэг бүтээлийг шалгаруулж, олон нийтэд хүргэн “Хангарди” цомоор шагнана” гэлээ.

КАННЫН КИНО НААДАМД ШАЛГАРСАН ГУРВАН КИНОГ САНАЛ БОЛГОЁ

“Улаанбаатар” олон улсын кино наадмын уран сайхны удирдагч Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет “Улаанбаатр” кино наадамд шүүгчээр ажиллах саналыг баяртайгаар хүлээн авсан. Миний хувьд Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсгийн зохион байгуулах ажлыг долоон жил хийж байна. Энэ онд тус хэсгийн 50 жилийн ой тохиож, энэ хэсэг Каннын кино наадмын хамгийн нээлттэй хэсэг болсон. Энэ хэсгийн зорилго нь цоо шинэ, авьяаслаг уран бүтээлийг илрүүлэх, олонд танигдаагүй бүтээлийг үзэгчдэд таниулах. Өөрөөр хэлбэл, дэлхийн кино урлагийн гайхалтай үзэгдлийг нийтэд таниулах. Энэ хүрээнд би Монголын үзэгчдэд дараах гурван киног үзүүлэхээр сонгосон. Эхнийх нь, “Эмэгтэйчүүдийн сүүдэрт”. Тус кино 1969 онд болсон Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсэгт анх гарсан түүхтэй. Тус киноны найруулагч Филип Гаррел нь Францын кино урлагийн мастер. “Эмэгтэйчүүдийн сүүдэрт” кино нь нэлээд феминист, Парисын гудамжийг харуулсан гоёмсог хар, цагаан зураглалтай, бүхий л талаараа Франц киноны уламжлалыг тод харуулсан тул энэ киног сонгосон юм. Харин “Дүрвэгч” кино нь өнөөгийн нийгмийн байнгын сэдэв болсон гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх болно. Кинонд Матиас, Лида хоёр нуугдаж, зугтсаар л байна. Найруулагч уг киног айдас, түгшүүр, сэтгэл зовнил дунд хийсэн, зөрчилт уянгын драм, төгс тэнцвэрийг харуулж чадсан маш хүчтэй кино. Эцэст нь үлгэрийн юм шиг “Аяны шувуу” киног сонгосон. Кино биднийг элсэн цөлд аваачна. Хуримын инжтэй холбоотой хувь хүмүүсийн жижиг үйл явдлаас үндэстний эмгэнэлт түүх эхэлнэ. Киноны бүлгүүдэд гэр бүлийн амьдралын талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм кино” гэсэн юм.

ИРЭХ ЖИЛИЙН НААДАМД ӨӨРИЙН БҮТЭЭЛЭЭР ОРОЛЦОХ ЮМСАН ГЭЖ БОДОЖ БАЙСАН

“Улаанбаатар-2018” олон улсын кино наадмын нээлтийн киногоор шалгарсан “Од ба Гэгээ” киноны найруулагч Л.Бат-Амгалан “Миний хувьд өмнө нь “Гайхамшигт нислэг” богино хэмжээний киногоор “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож байсан. Харин өнгөрсөн жилийн кино наадмыг үзэж байхдаа ирэх жилийн кино наадамд бүтээлээр оролцох юмсан гэж бодож суусан. Ингээд Иян Аллардайс надад санал тавьсны дагуу Монголын хөгжмийн талаар өгүүлсэн “Од ба Гэгээ” киног бүтээсэн юм. Кинонд Magnolian буюу Б.Дөлгөөн, NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон. Кино маань нээлтийн киногоор шалгарсанд баяртай байна” гэлээ.

Ингээд нээлтийн кино “Од ба Гэгээ” эхлэв. Киноны гол дүр Одод орчин цагийн их хотын амьдрал нэгэн хэвийн, уйтгартай хөгжмийн хэмнэл шиг санагдах болжээ. Од хэдийгээр олны танил дуучин ч уйтгартай энэ байдлаас залхаж харсан зүгтээ зугтмаар санагдах болов. Гэвч тэрбээр  үнэ цэнэтэй бүхнээсээ нэгэнт холдон олджээ. Нэг үгээр хэлбэл “төөрсөн” байлаа. Харин Одын шинэхэн танил Гэгээ түүний мартсан, эрэлхийлээд, хайгаад байсан зүйлийг сануулах болно. Энэ бүхний эцэст Од өөрийнхөө өмнө өөрөө хана босгож, мэдрэмж, сайхан бүхнээс холдсон байснаа ухаарах болно. Яг л өнөөгийн нийгэмд, залуусын дунд өрнөх үйл явдлыг харуулсан уг киноны туршид үзэгчид инээж, догдолж алга ташиж байв.

Өдгөө арван нас хүрч буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд хүрэлцэн ирж мэргэжлийн шүүгчдийн шалгуураар сонгогдсон киног үзэх боломж хүн бүрд нээлттэй. Наадамд сонгогдсон 10 орны 16 кино үзэгч таныг огтхон ч уйдаахгүй биз ээ.

“Улаанбаатар-2018” олон улсын кино наадмын хөтөлбөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж