Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт алагдсан “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашоггигийн асуудал олон улсын анхаарлын төвд байна. АНУ, Саудын Араб, Турк улсууд энэ асуудлын гол тоглогчид болж буй. Учир нь Жамал Хашогги нь Саудын Араб хүн бөгөөд өөрийн улсын засаг төрийг ихэд шүүмжилдэг байсан учир хавчигдан, АНУ-руу цагаачлан суурьшиж АНУ-ын иргэн болсон юм. Харин түүнийг Туркийн газар нутаг дээр хөнөөсөн нь энэ хэрэгт Турк улсыг татан оролцуулж байгаа юм. Тэрбээр Турк эмэгтэйтэй гэрлэхээр зэхэж байсан ба аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт авахаар ороод сураггүй алга болсон билээ.
Энэ хугацаанд Туркийн тал Саудын араб сэтгүүлчийг зохион байгуулалттай хөнөөсөн гэж буруушааж байсан бол Саудын араб үүнийг эрс эсэргүүцэн хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй хэмээн мэдэгдсээр байсан. Харин АНУ уг хэргийг аль болох үнэн мөнөөр хурдан шийдвэрлэхийг хоёр талаас шаардаж байв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Хашоггийн амийг Саудын Арабын тал хөнөөсөн нь тогтоогдвол “хатуу шийтгэл” онооно гэж сүрдүүлсэн. Гэхдээ тэр Саудад зэвсэг худалдах наймаагаа цуцлахгүй, ингэвэл Вашингтон өөрийгөө шийтгэсэн хэрэг болно гэж тайлбарласан юм.
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон Дэлхийн худалдааны төвийг онгоцоор мөргөн, террорист халдлага үйлдсэн 19 этгээдийн 15 нь Саудын Араб хүн байсан. АНУ болон Саудын Арабын хооронд ийм гашуун түүх байдаг ч Трамп энэ бүхнийг нүдээ аниад, чихээ таглаад Саудын Арабтай эвтэй байх гэж хичээж байгаа шалтгаан нь газрын тос, зэвсгийн наймаа. АНУ бол дэлхийн хамгийн том зэвсэг экспортлогч улс. Жилд ойролцоогоор 58 тэрбум ам.долларын зэвсгийг дэлхий даяар нийлүүлдэг. Харин Саудын Араб АНУ-ын зэвсгийн 18 хувийг дангаараа худалдан авдаг хамгийн том худалдан авагч юм.
Саудын арабын эрх баригчид албан ёсны мэдээллийн агентлагт хийсэн мэдэгдэлдээ “Эдийн засгийн хориг, улс төрийн дарамт, үндэслэлгүй гүтгэлэг зэрэг Хаант улсад хор хохирол учруулах ямарваа оролдлогыг бид хүчтэй эсэргүүцнэ. Хэрвээ ийм үйлдэл илэрвэл түүнээс ч хатуу үйлдлээр хариу барих болно. Хаант улсын эдийн засаг дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөтэй гэдгийг санавал зохино” гэжээ. Гэсэн хэдий ч Трампын анхааруулгын дараа Саудын Арабын хөрөнгийн зах зээл долоон хувиар буурчээ. Мөн гадны томоохон бизнес эрхлэгчид Саудын Араб болон угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманаас харилцаагаа тасалж эхэлсэн байна. Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзэлдэг. Энэ нь засгийн газрын орлогын бараг 75 хувийг дангаараа эзэлдэг билээ.
Олон хоног чимээгүй байсан Саудын Арабын засгийн газар сэтгүүлч консулын газар амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн. Гэхдээ сэтгүүлч консулын газарт хүмүүстэй муудалцаж гар зөрүүлсний улмаас золгүй байдлаар амиа алдсан, Саудын эрх баригчид үүнтэй ямар ч холбоогүй хэмээсэн нь хэргийг энгийн хүмүүст үүрүүлэн өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого гэдэг нь илт гэж ажиглагчид үзэж байна.
Олон улсын ажиглагчид Дональд Трамп Саудын Арабын засгийн газрын явуулж буй АНУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийн эсрэг зогсох цаг болсныг анхааруулж байна. Саудын Араб бол АНУ-ын Ойрх Дорнодын хамгийн гол түнш бөгөөд дээрх салбарт хоёр улс нягт холбоотой учир Трамп тийм ч хатуу шийтгэл оноож зүрхлэхгүй гэж зарим ажиглагчид үзэж байгаа.
Европын холбооны улсууд Трампыг сэтгүүлчийн хэрэг дээр хойрго хандаж, Саудын Арабд хүчтэй анхааруулга өгөхгүй байна хэмээн шүүмжилж байгаа бөгөөд Герман улс хэргийг үнэн зөв шийдэхээс нааш Саудын Араб руу зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Трамп Саудын Арабын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй гэдэг нь түүний мэдэгдлүүдээс илт харагдах болсон. Тэрбээр Саудын Арабын мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, зэвсэг нийлүүлэх 450 тэрбум ам.долларын гэрээгээ дахин үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засагт ямар чухал нөлөөтэй болохыг дурдсан юм. Мөн хэргийн захиалагч гэгдээд байгаа Саудын Арабын ханхүүг улс эх орондоо хайртай, хүчирхэг удирдагч хэмээн магтсан нь дэлхийн улсуудын эгдүүцлийг төрүүлж байна.
Холбоотой мэдээ