УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Зарим гишүүний зүгээс зарлагын төсөв болсон гэдгийг хэлж байгаа. Таны хувьд төсөв хэмнэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв хэмнэх нь хөгжлийн том гарц гарах юм. Бид олсон жаахан хөрөнгөө өргөн дэлгэр нутгийн 330 гаруй сум, сууринд хүргэхийн тулд мянга мянган км зам, эрчим хүчний шугам тавьж байна. Энэ бүхэн нь эдийн засгийн өгөөжгүй, дандаа алдагдалтай гарах хөрөнгө оруулалтууд юм. Сум бүрт цагдаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгээс эхлээд бүхий л төрийн байгууллагын систем ажиллаж байна. Тэгэхээр бид энэ бүхнийг эргэж харах цаг нь болсон. Ялангуяа аймгуудын асуудлыг ярих цаг нь болсон. Шаардлагагүй аймгууд байна. Булган аймгийн дотор Орхон аймаг байна. Сэлэнгэ аймгийн дотор Дархан-Уул аймаг багтаж байна. Энэ мэт аймгуудыг хэт жижиглэсэн нь санхүүгийн маш хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Хөдөө рүүгээ бид жил бүр хэдэн мянгаар нь засмал тавьж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 100 км зам тавихад л түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. 100 км зам Улаанбаатарыг хоёр дахин бүтэн орооно. Гэтэл бид өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байна. Энэ нь өөрөө сонгуулийн системтэй холбоотой. 76 мажоритар тойрог, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд маань 20 гаруйхан, цөөхүүлээ. 50 гаруй гишүүн орон нутгаас сонгогдсон. Хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатарын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтыг тусгаж өгөөч гэдэг саналаа тавьж байгаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн үрэлгэн зардлыг хэмнэе. Хэмнэсэн мөнгөөрөө аж үйлдвэрийн комбинат барья гэдэг саналыг дэвшүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү саналыг та дэмжиж байгаа юу?
-Социализмын үед гадаадын хөрөнгө оруулалтаар бүхэл бүтэн хотыг аж үйлдвэрийн парктай нь барьж чадсан. Энэ бол Дархан-Уул аймгийн төсөл байсан. Тэнд орд баялаг нь төмөр зам, эрчим хүч, засмал зам, Евро Азийг холбосон магестрал шугам энэ бүхэн нь байна. Мөн хуучин ажиллаж байсан үйлдвэрүүд нь хүний нөөцтэйгээ байгаа. Үүнд тулгуурлан Дархан-Уул аймгийг аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлэх хамгийн боломжит, бэлэн төсөл байна. Суурьшилгүй газар зам барьж, ус, цахилгаан татах шаардлагагүй. Дархан аймаг 100 мянган гаруй хүн амтай. Сэлэнгэ аймаг мөн адил тооны хүн амтай. Олон улсын магестрал зам. Боомт дэргэд нь байна.
Тэгэхээр Дархан, Эрдэнэт хот руу бодлогын хөрөнгө оруулалтуудыг зарцуулж улмаар хүн амыг нь бодлогоор өсгөх, төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудыг Дархан хот руу нүүлгэх гэх мэт бодлогын хөрөнгө оруулалт хийж чадвал бид аж үйлдвэрийн парктай болно. Ингэснээр хөнгөн хүнсний үйлдвэрүүд сэргэнэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл эрс багасна. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгож эдийн засгийн бие даасан чөлөөт бүс болгох, иргэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх бодлогыг гаргах ёстой. Гэвч өнөөдөр сонгуулийн системээр Дархан, Эрдэнэт хот нь аймгийн хэмжээний статустай байдаг. Энэ мэт бодлогын алдаатай байдлууд үргэлжилсээр л байна. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Дархан, Эрдэнэтийг бие даасан эдийн засгийн эрх мэдэлтэй болгосноор төсөв орлогоо өөрөө бүрдүүлдэг болно. Хүн амын төвлөрлөөр Улаанбаатар хотыг хамгийн үр ашиггүй болгочихсон. Өнөөдөр Улаанбаатар хотын хөрс, агаар, ус нь бохирдчихсон.
Үүн дээр нэмэгдээд түгжрэл, стресс гээд нийгмийн үйлчилгээ нь хүртэл хүртээмжгүй. Дэд бүтэц нь ханачихсан. Ус байхгүй. Цахилгааны доголдол байнга үүсч байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэтэл Дархан хот эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг нь ашиглаж, цаана нь 40-50 хувийн бэлэн нөөц байна. Дархан, Эрдэнэт рүү бодлогын хөрөнгө оруулалтуудыг хийж чадвал Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих боломжтой.
-Бэлэн нөөцдөө түшиглэх гэсэн санаа юу?
-Тийм ээ. Түүнээс биш говийн бүсэд аж үйлдвэрийн парк байгуулж шинээр эхэлнэ гэдэгт би эргэлздэг. Байгаа зүйлээ бид дайчлах ёстой. Аж үйлдвэрийн парк бол Дархан, Эрдэнэт хот юм. 20-дугаар зуунд хийчихсэн ажил. Тухайн үед одоогийнхоос илүү улс орон бодлоготой, сахилгатай, шинжлэх ухаан ч ханддаг байхдаа байгуулчихсан бүтээн байгуулалтыг одоо бид дахин бэхжүүлэх, сэргээх ажил л үлдсэн. Энэ нь өөрөө бодлогын хөрөнгө оруулалт юм.
-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад ямар ахиц дэвшил гарна гэж та харж байна вэ?
-Ахиц дэвшил гэхээсээ илүүтэй салбарын тогтвортой байдлыг хангана. Ямар нэгэн мөнгөний асуудал нэмэгдээгүй. Ирэх оны нэгдүгээр сараас уг хуулийн төсөл хэрэгжих юм бол цалин, тэтгэвэр, тэтгэмж эрс унахаар байсныг нь зогсоосон хууль. Өөрөөр хэлбэл, байгаа зүйлийг нь байгаагаар нь хадгалсан хуулийн төсөл.
–2019 оны төсөвт шинээр концессууд орж ирсэн үү?
-Шинэ концесс бол байхгүй. Өмнөх концессын төлбөрүүд үргэлжлээд явж байгаа. АН эрх барьж байхдаа маш их хэмжээний концесс аваад эхлүүлчихсэн байдаг. Одоо үүнийх нь өрийг барагдуулж дуусах ажлууд явж байна. Шинээр концесс авах санхүүгийн бололцоо байхгүй.
–2019 оны төсвийн төсөлд урт хугацааны хөрөнгө оруулалтын зарим ажлыг хязгаарласан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тиймээ. Зөвхөн тойргийн хэмжээний жижиг сезоны хөрөнгө оруулалтуудаа хийгээд тухайн үедээ дуусгахаар байна. Ер нь урт хугацааны хөрөнгө оруулалтууд байхгүй гэж ойлгож болно. Орлогын хэмжээгээр зарлага гарахаар байгаа. Монгол Улс олж байгаа орлогоосоо илүү зардаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд жилдээ нэг тэрбум ам.долларын алдагдалтай байдаг. Энэ байдал маань урт хугацаанд үргэлжилсээр байгаа учраас гадаад өр өндөр байгаа юм. Тиймээс энэ байдлаа даруй зогсоох ёстой.
Бид орлогынхоо ихэнхийг нь зээл, хүү төлөхөд зарцуулдаг гэдгийг Сангийн сайд хэлсэн. Бид маш олон сургууль, эмнэлэг барих мөнгөөр зээл болон зээлийн хүү төлөөд байна шүү дээ. Тэгэхээр бүсээ чангалж, замбараагүй хөрөнгө оруулалтууд, концессууд үндсэндээ зогсож байна.
-Төсвийн хөрөнгийн дийлэнх нь юунд зарцуулагдахаар байгаа вэ?
-МАН цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэсэн асуудалд гол хүчээ тавьж байгаа. Энэ нь өрх гэр бүлийн хамгийн том ачаалал. Тиймээс дээрх гурван төрөлд гол хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Мэдээж өмнөх үеэс мянганы замын төслийг дуусгахыг зорьж байна. Монгол Улсын 21 аймгийг авто замтай холбоё гэсэн зорилт. Зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт төсвийн 70 гаруй хувь, үлдсэн нь эмч, багш, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдана.
-“Сентерра гоулд Монголиа” Гацууртын ордыг Хятадын компанид зарсан гэдэг мэдээлэл бий. 34 хувь нь төрийн мэдэлд байгаа эсэх нь ч эргэлзээтэй байгаа шүү дээ?
-Энэ компани үлдэгдэл хөрөнгөө борлуулаад гарсан нь сүртэй зүйл биш. "Бороо гоулд"-ын төсөл дууссан. Гацууртын төслийг хэрэгжүүлэхээр байсан ч 20 гаруй удаагийн шүүх хуралдаантай холбоотойгоор шийдэгдээгүй. Тэгээд байгаа хөрөнгөө багцлаад борлуулаад гарчихлаа гэж би ойлгож байна.
-Та Тариаланчдын холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ жил ургацаа дотоодоосоо хангаж чадах нь уу?
-Энэ жил манай улсын тариаланчид ард түмнээ эх орныхоо хөрс шороонд ургасан эрүүл улаан буудайгаар хангах боломж бүрэн бүрдсэн. Газар тариалангийн бүс нутгийг Засгийн газраас зарласан. Монгол Улсын газар нутгийн 0.5 хувь орчим газар нутгийг эзэлж байгаа энэ бүст хөдөө аж ахуйг яаж эрчимжүүлэх үү, яаж суурин газруудын хүнсний хэрэгцээг тасралтгүй хангах уу, улмаар хөдөө аж ахуйн салбар дээрээ тулгуурлаж хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хэрхэн хөгжүүлэх үү гэдэг шаардлага тулгарч байгаа. Эрхзүйн орчныг шинэчлэх ажлуудыг үе шаттай хийгдэж байна. Уул уурхай бол шавхагддаг баялаг. Өнөөдөр уул уурхайн таатай мөчлөгтэй үе нь таарч байгаа. Энэ бололцоог ашиглаад Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа хэрхэн босгох уу, хөдөө аж ахуйн салбартаа тулгуурласан хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх тухай бодлогын асуудлыг тодорхойлох хөгжлийн томоохон мастер төлөвлөгөө боловсруулах зорилт тавин ажиллаж байна.
ХАА-н салбар өнөөдөр манай улсын нийт ажлын байрны 55.3 хувийг бүрдүүлдэг. Энэ нь эдийн засаг дахь 10 орчим хувь. Өөрөөр хэлбэл 10 орчим хувь нь 55 хувийн ажлын байр гаргаж байна гэдэг нь энэ салбараа хөгжүүлж чадвал Монгол Улсад ажилгүйдлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Улмаар эрүүл хүнсний хангамж сайжирна.
Холбоотой мэдээ