УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр товлосон байсан ч энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав. Учир нь үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ тус байнгын хороонд ирүүлэх байсан ч энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан аж.
Дараа нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы хуралдаанд оруулахаар болов.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хүрээнд Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь өөр газарт хариуцуулахаар уг төсөлд тусгасан аж. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцахаар. Харин цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эдлэхээр заажээ. Мөн энэ салбарын үйл ажиллагааг Ерөнхий сайдын мэдэлд ажиллах Цөмийн энергийн комисс эрхлэн гүйцэтгэх бөгөөд уг комисс нь орон тооны байхаар тусгааад байгаа юм.
Мөн хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.
Г.ДАРЬ