Оросоос хорио цээрийн төлөөлөгч Монголд ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Оросоос хорио цээрийн төлөөлөгч Монголд ажиллана

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй тус яамны төлөөлөгчид энэ сарын 16-25-нд ХБНГУ-ын Берлин хотноо 80 дахь жилдээ болж буй хөдөө аж ахуйн олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний VII чуулга уулзалтад амжилттай оролцоод ирлээ. Тэрээр эл чуулга уулзалтын үеэр Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Омаров Салахантай уулзахдаа ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийг тус улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, манай улсын цаг уурт дасан зохицсон тарианы үр сорт нэвтрүүлэхээр тохирчээ. Омарав Салахан Монгол Улсаас мах импортлохыг дэмжиж буйгаа илэрхийлээд Гаалийн холбооны гишүүн орны хувьд уг холбооноос Монголын найман компанид тавьсан хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Харин ОХУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Н.В Федоров Монгол Улсад дахин нээж буй Оросын худалдааны төлөөлөгчийн газрын Хорио цээрийн байнгын төлөөлөгчөө ОХУ-ын Засгийн газраас томилон ажиллуулах болсныг дурдаад энэ нь мах экспортлоход тулгарч буй хүнд суртлыг багасгана хэмээн хэлжээ. Мөн энэ үеэр ОХУ-д мэргэжилтнүүдийг сургах, Монголоос ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болсон байна. ХХАА-н сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний VII чуулга уулзалтын хаалтын үед НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано Да Силватай уулзжээ. Тэрээр Р.Бурмаа сайдыг ирэх зургадугаар сард Италийн Ром хотноо болох тус байгуулагын Ерөнхий чуулганд оролцохыг урьжээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж