Баруун хязгаарын хэнэггүй гишүүн

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

76:1

Баруун хязгаарын хэнэггүй гишүүн

Баруун хязгаарын хэнэггүй гишүүн

“News” агентлаг 76:1 булангаар дамжуулж парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Гомбожайн Солтаныг танилцуулж байна.

Үг дуу цөөнтэй үргэлж мишээж явдаг Г.Солтан гишүүний намтар тунчиг товчхон. Тэрбээр 2010 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд "Монгол шаазан" ХХК-д гүйцэтгэх захирал, 2013 онд Баян-Өлгийн аймгийн МАН-ын хорооны дарга, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Дээрх намтраас харахад Г.Солтан нь Ерөнхий сайд Сү.Батболдын Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээс бусдаар бол улс төрд шинэ хүн юм.

Харин шаазан үйлдвэрийн салбарт бол туршлагатай нэгэн бөгөөд 25 жилийг энэ салбарт ажиллаж өнгөрүүлжээ. Тэрбээр Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн байна. Ингээд 1985-2010 он хүртэл Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, “Монгол шаазан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үйлдвэрийн даргаар ажиллаж байжээ. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байгаад хэсэгхэн хугацаанд Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаад 2012 оноос "Монгол шаазан" үйлдвэрийнхээ гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тодруулбал, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболдын зөвлөх болж, дараахан нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга болсон юм билээ. Харин өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон.

Угтаа бол түүний нэр дэвшсэн тойрогт одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле дэвшихээр яригдаж байсан ч Г.Солтаныг дэвшүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ тойрогт тэрбээр УИХ-ын гишүүн асан А.Бакейтэй өрсөлдөж ялалт байгуулсан юм. Гэвч энэ парламентын хэнэггүй гишүүдийн тоонд зүй ёсоор багтаад байна. Тэрбээр үг дуу цөөнтэй, Төрийн ордны танхимд байхаас илүү дотоод, гадаадын томилолт,  тойрогтоо ажиллахыг илүүд үзсэн болов уу.

УИХ-ын Тамгын газраас гаргасан судалгаанаас харахад маш цөөн асуулт асуусан гурван гишүүний нэг нь Г.Солтан байжээ. Мөн үг дуу цөөтэй гишүүдийн тоонд нутаг нэгтэй ч, намын харьяалал өөр УИХ-ын гишүүн Д.Мурат,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нар багтсан байна.

МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж шинэ Засгийн газар байгуулсан. Энэ үед УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилох тухай яригдахад Г.Солтан гишүүн хүчтэй эсэргүүцсэн гэдэг “бор шувуу” саарал ордноор нисээд амжсан юм. Мөн Г.Солтан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад Т.Серикжаныг зүтгүүлж, хөшигний ард нэлээн хор найруулсан ч бүтэлгүйтсэн гэх мэдээллийг хэвлэлүүд онцолж байв.

УИХ-ын гишүүдийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг дээрх орон сууц, барилга байгууламжийн жагсаалтад хамгийн олон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гишүүний тоонд Г.Солтан багтсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан таван орон сууцтай гэж мэдүүлэгтээ дурджээ.

Ингээд УИХ-ын гишүүн Г.Солтаны товч намтрыг хүргэж байна.

  • 1985-2012 он хүртэл “Монгол шаазан” ХК-ийн ерөнхий технологичоос гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажилласан.
  • 2010 онд – Ерөнхий сайдын зөвлөх
  • 2012 онд – “Монгол шаазан” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2013 онд – Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016 онд – УИХ-ын гишүүн

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж