Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Цог, Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нараас гадна УИХ-ын гишүүн С.Оюун, Н.Батцэрэг нар багтсан юм.
Хоёр жилийн өмнө УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагдаж байв. Тус ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог удирдсан. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан тус ажлын хэсгээс Үндсэн хуульд бүхэлд нь биш тодорхой хэсэгт нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж, түүнийгээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн юм.
Эцэст нь УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
УИХ-ын нэр бүхий гишүүд “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 2000 онд хийсэн долоон өөрчлөлтийг засах ёстой” гэж үздэг.
Г.ДАРЬ