Монголын агуй судлалын холбооныхон энэ жилийн хамгийн сүүлийн судалгааг Хөвсгөл аймагт хийжээ. Тэдний судалгаа амжилттай болж, тус аймгийн Баянзүрх, Алаг–Эрдэнэ суманд шинэ агуй нээсэн байна. Энэхүү агуйнууд хүн орж байгаагүй, эгц босоо гүнзгий байжээ. Баянзүрх суманд нээсэн Цагаан хадны агуй нь 60 гаруй метр гүн юм. Амнаасаа эхлээд мөсөн бүрхүүлтэй, хоёр дахь хэсэгтээ 10 гаруй метр өндөр мөсөн баганатай том агуй юм байна. Харин Алаг–Эрдэнэ сумын ойролцоо Ханганын голын хажууд хоёр дахь агуйг нээжээ. Түүнийгээ “Харганын голын агуй” хэмээн нэрийдсэн байна.. Энэхүү агуй нь мөн л эгц доош огцом байрлалтай, урт нь 40-50 метр орчим байсан аж. Дээрх агуйн хананууд мөсөөр бүрхэгдсэн учраас агуйд орж судлахад хүндрэлтэй байсан хэмээн агуй судлаач Э.Авирмэд ярьж байв. Мөн тэрээр “Манай улсад судлагдаагүй хүн орж байгаагүй агуйнууд нэлээд бий. Аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болох гурван агуйг шинээр нээлээ” гэв. Манай агуй судлаачидтай хамтран японы таван эрдэмтэн дээрх агуйнуудыг нээхэд ажилласан байна. Ер нь Монголд 300 гаруй агуй бүртгэгдсэн байдаг. Хойд цэнхэрийн агуй, Баянхонгорын Цагаан агуй, Чихэн агуй, Саальтын агуй зэрэг нь дэлхийд алдартай болсон. Эдгээр агуйнууд археологи, түүхэн олдворуудаараа олон нийтийг шуугиулсан байдаг. Цагаан агуйг орос, америк, монгол эрдэмтдийн баг хамтран судлаад 850 жилийн өмнө хүн амьдарч байсан гэдгийг тогтоосон байна. Мөн Сүхбаатар аймгийн Шилийн Богдоос хойш 10 гаруйхан км–т Талын агуй гэж бий. Энэ нь тал газар байдгаараа Монголдоо ганцхан юм. Тэнд олон жуулчин очдог бөгөөд цаашид аялал жуулчлалын бүс болгохоор Агуй судлалын холбооныхон ажлаа эхлүүлсэн байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин