Бууж үлдэх холоос айл харагдах нь хачин, бугуйл хаях ойроос нар мандах нь сонин хэмээн яруу найрагч Б.Явуухулан Дорнын их талыг шүлэглэсэн нь бий. Бид Монгол орны наран мандах нутгийг шинэ оны эхний өдөр зорьсон юм. Өглөөний 8:30 цагийн үед Эрдэнэ сумын Баяндаваан дээр шинэ оны анхны нартай золгоод цааш хөдөллөө. Тэнд шинэ оны анхны нарыг харахаар ирсэн хүмүүсийн 200 гаруй машин цугласан байв. Зарим нь хангай дэлхийдээ сүү өргөж, хийморийн дарцаг хийсгэж байлаа. Бид “Амьдралын тойрог”-ийн зочидтойгоо уулзахаар эх орныхоо зүүн хязгаарыг зорьж яваа нь энэ билээ. Дорнод хүртэл 700 км, зорьж яваа айлууд түүнээс цааш 80 гаруй км зайтай. Айлууд гэсний учир нь хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдарч байгаа ах дүү нарыг энэ удаагийн дугаартаа онцолсных. Зундаа энэ нутагт нар 4:10 цагт мандаж, орой эрт жаргана. Өвлийн цагт ч эрт мандаж, эрт жаргадаг учраас цагаан гэгээтэй зорьсон газартаа очихоор нар битүү хотоос гарсан юм. Бид Сүхбаатар, Хэнтий аймгаар дайрч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гэр цайны газарт үдэллээ. Зүүн тийшээ айлууд давсгүй цай уудаг учраас балгасан цай амнаас унах шинжтэй. Гэрийн эзэн урд шөнө нь шинэ жил хийгээд оройтсон бололтой орон дээрээ хөрвөөж, дунд сургуулийн охин нь жоорлосон бялуугаа идэнгээ зурагт харна. Харин эзэгтэй цай чанаж угтав. Шинэ оны эхний өдөр тэднийд иймэрхүү.
Хөлөнбуйраас цааш 30-аад км газарт засмал зам тасарсныг эс тооцвол нийслэлтэй хатуу хучилттай замаар бараг л холбогджээ. Сумаас цааш мэлийсэн цагаан тал үргэлжилнэ. Нэг хэсэг газар яваад л тал нутаг ойр ойрхон бараантан харагдах нь намар олон удаа түймэр гарсных аж. Төдөлгүй зүүн гурван аймгийг цахилгаанаар хангадаг дулааны станцын саарал утаа алсаас дуниартаж харагдах нь аймгийн төв дөхөж байгааг илтгэнэ.
Ингээд бид 80 мянган хүн амтай Дорнодын төвтэй хугасхан танилцав. 1939 онд бөмбөг дэлбэлж, хорогдох байр ухаж, төмөр зам тавьж, дайн болж тэнгэрийг нь хүртэл хэдэн мянган онгоцны утаа хэрж орхисон энэ нутаг өдгөө хөгжлөөрөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа орж 12 давхар барилгууд аль хэдийнэ сүндэрлэжээ. Аймгийн төвийнхний 60-70 хувь нь орон сууцанд амьдардаг гэнэ. Орон даяар нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал энэ аймагт мэдрэгдэхгүй байгааг хүмүүс хэлж байлаа.
ААВ ЭЭЖ НЬ ХҮҮХДҮҮДЭЭ АМЬДРАЛЫН НАРИЙН УХААНД СУРГАЖЭЭ
Бид Хангай нутгаас ирж Дорнын их талд суурьшсан Д.Бямбадорж түүний дүү нар болох Д.Баярхүү, Д.Ядамсүрэн эгч Д.Долгормаа нарынхаас “Амьдралын тойрог”-оо бэлтгэлээ.
Наран мандах зүг рүү ойртох тусам уул толгод намссаар. Машин замын өмнүүр цагаан зээрээр давалгаалсан онгон зэлүүд байгаль, цэлийсэн тал үргэлжлэх нь өөрийн эрхгүй хараа булаана. Ийнхүү явсаар харанхуй болж байхтай зэрэгцэн Д.Бямбадоржийнд ирлээ. Малаа аль хэдийнэ хотлуулчихаж. Хотоос оюутан хүүхдүүд нь ирчихсэн халуун ам бүлээрээ цуглажээ. Харин том хүү нь аймгийнхаа цагдаагийн газарт ажилладаг учраас аймгийн төвд амьдардаг аж. Аль ч газрын малчид олон сувгийн зурагт, гар утастай болсон цаг. Тэднийх ч мөн адил. Хэдэн метр өндөр антенн зоож, жи мобайлын суурин утас тавьсан харагдана. Тэднийх 800-гаад бог 100 гаруй адуу, 50 гаруй үхэртэй. Талд цасаар шуурлаа гэхэд бог малд нөмөр нөөлөг байхгүй тул отор хийнэ. Мөн хавар 400-гаад бог, 50-иад бод мал төллөнө гээд ажил ихтэй ч хоёр туслах малчны ачаар гайгүй сайн давчихдаг гэж байна. Д.Бямбадоржийнх уг нь Өвөрхангай аймгийн Баян–Өндөрийнх. 2001 онд нутагт нь зуд болж хэдэн малаа борлуулаад дүү Д.Ядамсүрэнгийнхтэйгээ хамт Дорнод аймагт ажиллаж байсан ахыгаа барааджээ. Анх фургон машинд гэрээ ачаад ирж байсныг бодвол одоо амьдрал нь тогтож, үр хүүхдүүд нь өсч сайхан амьдарч байгаа аж. Орон даяар хатуухан өвөл болж малчид малаа зуданд алдаж байсан тэр үед хэдэн малаа борлуулаад хот руу орж, гадаад руу гараад явчихсангүй малаа өсгөөд явж байгааг нь харахад бахархмаар. “Тэр үед хотод амьдарна гэсэн хүмүүс одоо зарим нь буцаад хөдөө гарч байна. Манай ах дүүст тийм бодол байгаагүй. Багаасаа мал хариулж ирсэн болохоор ижий аавынхаа захиасаар буянт малаа дагана л гэж бодсон” гэж ярив. Хоёр дүү нь тэднийхтэй ойролцоо өвөлжиж байгаа гэнэ. Энэ нутгийнхны бас нэг онцлог нь тоосгон пийшин. Зуухныхаа гадуур тоосго шавардаж өрөхөд дулаанаа удаан хадгалдаг гэнэ. Бас айлуудын гадна жижиг модон чингэлэг заавал байна. Өөрөөр хэлбэл илүү гэр нь. Гэхдээ доторхийг нь буулгахгүйгээр тэмээ, моринд хөлөглөөд явах нь хөдөлмөр хөнгөвчилсөн нэг бодлын амар юм. Д.Бямбадорж завгүй их ажлынхаа хажуугаар морь уяна. Нутагтаа айраг түрүү алддаггүй гэнэ. Харин энэ жил Булган сумын ойгоос соёолонгийн түрүү авч, зүүн бүсийн их хурдад амжилттай нааджээ. Гэр нь хилийн ойролцоо байдаг учраас эхнэр Т.Мөнхсугар нь цаг заваараа хилчдийн хувцсыг оёж өгдөг гэнэ.
Таван хошуу малаа өсгөхдөө хонио илүү нугаламтай, үхрээ махны чиглэлээр үржүүлж байна. Адуундаа Сүхбаатар, Хэнтийн хурдан удмын азарга авчирч тавьсан гэнэ. “Эхний хэдэн жилдээ хэцүүхэн байсан ч тэнгэр хангай, байгаль нь ивээж хүлээж авсан. Нутгийнхан ч гэсэн өөр газрынх гэж хажиглахгүй сайхан хүмүүс байдаг” гэцгээж байв. Д.Бямбадорж 2010 онд сумын сайн малчин болсон бөгөөд цаашид аймаг, улсын сайн малчин болох бодолтой байгаа аж. Бид аав ээжийнх нь талаар хөөрөлдсөн юм. Тэрээр эцэг эхээс арваннэгүүлээ. Зарим нь мал маллаж, зарим нь эрдмийн мөр хөөж одоо бол бүгд л дор бүрнээ сайхан амьдарцгааж байна.
Эцэг эхийнх нь тухай товч дурдвал аав Б.Далайхүү нь цаг наргүй засгийн ажилтай, тоо бүртгэгч, нярав, нягтлан, бригадын дарга, ээж Г.Цоодол нь үр хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар заводын үнээ саах, сургууль, мал эмнэлэгт ажил хийж дээл хувцас захиалгаар оёхоос гадна хүүхдүүдийнхээ гутал хувцсыг гараараа хийж өмсүүлдэг юм бүрт авъяастай, чадамгай хүн байжээ. Ингэж борви бохисхийх завгүй ажиллаж хүүхдүүдээ төрүүлж өсгөж, сургуульд сургаж, амьдралын наад захын дадлага суулгахад тохиолдож байсан бүхий л бэрхшээлийг хөдөлмөрийнхөө хүчээр даван туулсан байна. Аав нь хүүхдүүдээ бага байхад Сэлэнгэ аймаг руу малын мах, цагаан идээ, хужир, давс ачиж тэмээгээр талдаа 500 км жин тээж бараагаа худалдаад буцахдаа арагны мод, уурга, хананы бургас, чангаамал будаа авч, нутагтаа авчирч хана, уурга хийж арилжаалах буюу эд бараагаар солилцож уйгагүй хөдөлмөрлөж хэдэн хүүхдээ түүртэлгүй өсгөжээ.Үүнийхээ зэрэгцээ шаггүй барилдаж Сумын заан цол хүртэж морь уях ухааныг өөрийнхөөрөө таньж хүүдүүддээ өвлүүлжээ. Б.Далайхүү гуай бага сургуулийн боловсрол эзэмшсэн ч гэрээрээ эрдэмд шамдан суралцаж бичгийн болон санхүү тооцооны ухаанд өндөр боловсрон 13 настайгаасаа засгийн ажил хийж эхэлсэн байна. Хүүхдүүд нь манай аав гоё бичдэг, тооцоондоо гарамгай, тууврын 1500 хонийг тав арваар нь бүлэглэж алдаагүй тоолдог, бригадын дарга байхдаа малын тооцоогоо тушаахад нь ямар ч алдаа гардаггүй байсан талаар бахархан хуучлав. Биднийг бага байхад аав маань өрхийнхөө сарын орлого зарлагыг тооцож мөнгөө зохистой хэрэглэдэг, одоо ч хүүхдүүддээ олохоосоо илүү зөв зохистой зарцуулахыг чухалчлан зөвлөдөг гэж ярилаа.
Аав ээж маань хүүхэд болгонд дор бүрд нь богино болон урт хугацаанд биелүүлэх хуваарьт ажлуудыг хийлгэж, нутаг усаа дээдлэх, ах эгчээ хүндлэх, үгийг нь сонсох, хүнтэй эвтэй явах, ногдсон ажлаа хурдан шуурхай чанартай цагт нь хийх зэрэг амьдралын нарийн ухааныг сургасан учраас бид өнөөдөр сайхан амьдарч байгаа юм гэв. Үүний үр дүнд хүүхдүүд нь хаана ч ажилтай амьдралтай, хамт олонтой, аав ээжийнхээ нэрийг сэвтээлгүй сайхан амьдарч байгаа аж. Хүүхдүүд нь ээждээ зориулж
Хотны ноос түүлгэж хөлд оруулсан ижий
Хонь, хурга гүүргийлүүлж хэлд оруулсан ижий
Айраг цагаа тоогоор бүлүүлж тооцоонд сургасан ижий
Адуу, унага татуулж хүч оруулсан ижий
Аавыг дагуулж ажил хийлгэж амьдралд хөтөлсөн ижий хэмээн дурсан бичсэнээ үзүүлсэн юм. Үүнээс харвал аав ээжийгээ ихэд хүндэлж хайрладаг нь мэдрэгдэнэ.
Д.Бямбадорж “Манай нутагт ойрын жил ган зудгүй ах нар, хүргэдүүдийнх маань бусдын жишгээр сайхан амьдарцгааж байгаа, нутгаасаа гараад 14 жил болсон ч нутагтаа тэр бүр очоод байж чаддаггүй, Баян–Өндөрт суугаа ах Д.Батмөнх, Д.Батбаяр, эгч Д.Наранцэцэг нартайгаа байнга холбогдож санаа оноогоо хуваалцдаг юм” гэж ярилаа.
МАЛ МАЛЛАХЫН ХАЖУУГААР ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ ХАМГААЛЖ БАЙНА
Өглөө 8:15 цаг гэхэд нар мандчихаж. Хотод бол яагаа ч үгүй байгаа. Биднийг Д.Бямбасүрэнгийн дүү малчин Д.Баярхүүгийнд ирэхэд үхрүүд нь битүү хашаандаа хивж хэвтэнэ. Төрөөд удаагүй бололтой дөрөв, таван тугал хашлагатай харагдана. Бусад үхэр нь гэрээсээ холгүй оторт байгаа аж. Отрынхоо үхрийг өглөө оройдоо бүртгэчихсэн гэнэ. Гэрийнх нь хойморт аав, ээжээс нь өвлөгдөж ирсэн 60-70-аад оны том цагаан радио байсан нь нүдэнд өөрийн эрхгүй тусав. Мөн хана, унинд нь хазаар ногт өлгөөтэй байхаас гадна хүүдээ бэлдсэн эмээл нь хоймортоо байна. Тэгж байтал туслах малчин нь зүүн гүвээгээр боохой далд орж байна хэмээн дуран барьсаар орж ирэв. Үхрээ эзэнгүй хонуулаад хээрийн амьтан гайгүй юм уу гэхэд Д.Баярхүү “Манай энүүгээр боохой элбэг. Өглөө эртхэн дурандахад гэрийн хажуугаар цогиж л байдаг юм. Нэг их оролддоггүй болохоор манайхны малыг үргээхгүй ээ. Өдийд цогиж яваа бол нэлээн хол гөрөөлж дээ. Унтах гээд бургас руугаа явж байгаа биз” хэмээв. Эднийх “Морьт” хэмээх газар өвөлжиж байна. Энэ жил хаа сайгүй цас муу орсон учраас дөнгөж л малын унд тавьжээ. Мал эргүүлэх гээд ойр зууртаа мориор явдаг бололтой хашааны модноос хонгор адуу уяатай байна. Анх энэ нутагт нүүж ирэхдээ олон богтой байсан ч сүүл рүүгээ төрөлжүүлж бод болгожээ. Зун ялаа шумуул ихтэй учраас багадаа 200 хонь өтнө гээд бэрхшээл мунддаггүй гэнэ. Одоо бол цөөн тооны бог, 200 гаруй үхэр, 20 гаруй адуутай. Уг нь үнээнүүд нь хавар дөрөвдүгээр сар гаргаад төллөх байсан ч ойр хавийн айлуудын үхэртэй нийлсний улмаас таван үнээ нь “цаг бусаар” тугаллажээ. Д.Баярхүүгийн эхнэр Ц.Сүнжидмаагийн аав ээж нь Өвөрхангайд аймгийн сайн малчин, улсын аварга саальчин хүмүүс байдаг аж. Ц.Сүнжидмаа хүүхэд харахынхаа хажуугаар үйл урладаг бөгөөд ширдэг ширж аймаг сумандаа шалгараад хотод уралдаанд оролцох эрх авсан үйлэнд уран бүсгүй юм.
Өнгөрсөн жил тэдний 50 гаруй үнээ тугаллаж байсан бол энэ жил 80-аад үнээ тугаллах гэнэ. Д.Баярхүүгийн хүү, охин хоёр дунд сургуульд сурдаг учраас хавар, намар нь үнээгээ төдийлөн сааж чаддаггүй байна. Тэрээр “Бургас ихтэй ёстой л үхрийн нутаг. Энэ намар манай бараг хаяанд түймэр гараад балрах дөхсөн. Зогоон татаагүй байсан бол хэцүү юм болох байлаа. Энэ хавийн хүмүүс, заставынхан онцгойгийнхныг иртэл газар авахуулахгүй аргалж байсан даа” гэв. Застав гэснээс тэднийхээс цааш арав хүрэхгүй км–ийн зайд Хэрлэнгийн застав, хил байгаа. Д.Ядамсүрэн, Д.Баярхүү хоёр хил хамгаалах туслах хүчний гишүүд учир заставтай ойр нутаглаж таньж мэдэхгүй машин гээд сэжигтэй зүйл харагдвал мэдээлэл өгдөг гэнэ. Энэ талаар Хэрлэнгийн заставын дарга дэд хурандаа Б.Ганболд “Хилийн заставын дагуу нутаглаж байгаа иргэдийг хил хамгаалахад оролцуулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хил хамгаалах туслах хүчний гишүүдээр авдаг. Мэдээлэл дамжуулахаас гадна аж ахуйн ажил, хадлан өвс гээд бие биедээ дэмтэй явдаг юм. Аль болох итгэлтай найдвартай гэсэн иргэдийг хил хамгаалах туслах хүчинд элсүүлэн сургалтанд суулгадаг. Сайн байх юм бол шагнаж урамшуулдаг” гэсэн юм. Өнгөрсөн жил Д.Ядамсүрэн хил хамгаалахад идэвхитэй сайн оролцож аймгийн тэргүүнийн ажилтнаар шалгарчээ.
Өвөл ийм их өвстэй байхыг үзээгүй миний хувьд энд газар мэдэхгүй хүн бол халиурсан их өвсөн дунд баримжаагаа алдаж хээр хонохоор юм. Гэвч эндхийнхэн нэг жижигхэн гүвээн дээр гараад л тэнд машин явж байна, эдний мал энд байна гээд л андахгүй. Энэ их өвсөн дунд байж хадлангаар яадаг юм гээд жижиг трактор руу нь заавал Д.Баярхүү ах инээснээ “Өвс элбэгтэй мал тарга их авдаг сайхан нутаг. Гэхдээ түймэр их гардаг учраас хавартаа нөөцөлж өвс хадахгүй бол болохгүй. Намар есдүгээр сар гаргаад мянгаад боодол өвс хадаж авдаг” гэлээ.
МАЛЫН БУЯНААР АЙМАГ, ХОТОД БАЙР АВЧ, УНААТАЙ БОЛЖЭЭ
Уг нь ес эхлээд жавар тачигнаж байх ёстой цаг ч намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Сүүлийн хоёр жил өвөл өнтэй болж байна хэмээн малчид ч ам сайтай байлаа. Хөдөө хээр амгалан, малчид гэж сайхан хүмүүс юм. Монголын баруун талаас зүүн хязгаарт нүүн ирж амьдарч байгаа нийтлэлийн баатруудын маань хамгийн бага нь Д.Ядамсүрэн. Энэ ах дүүсийг ойр хавийнхан нь “Хангайн хэд” хэмээн нэрлэнэ. Энэ айлын хойморт хурдан морины медаль төрөл төрлөөрөө бий. Нутагтаа байхын л сонирхлоороо морь уяж эхэлсэн тэрээр одоо бол аймаг сумын наадмаас айраг, түрүү алдахгүй. Энэ жил мөн л айраг, түрүүтэй сайхан наадаж, төрсөн нутаг Баян–Өндөртөө хүртэл очиж хурдан хүлгүүдээ сойжээ. Мөн морь уяхынхаа хажуугаар нутагтаа хурдан удмын мориор бизнес хийнэ, аймагтаа мах арилжаална гээд амьдралын ухаан сайтай нь анзаарагдсан. Зах зээлд тодорхой хэмжээгээр малаа борлуулж Улаанбаатар, Дорнод аймагт байр авчээ. Д.Баярхүү, Д.Бямбадорж нар ч аймаг, хотод хашаа байшин, байртай. Хотын хүмүүсийн толгойны өвчин болоод байгаа байр, машиныг хөдөөний малчид хөдөлмөрийнхөө үр шимээр хэдхэн жилд л авчихна. Жилд 20 үхэр махалчихсан байхад хэрэгцээгээ бүрэн хангаж, малчнаа цалинжуулаад, төлөвлөсөн зүйлээ авчихдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэдний жилийн орлого 20 гаруй сая төгрөг болдог. Аймгийн төвд байрны үнэ хотынхоос 200 гаруй мянган төгрөгөөр татуу байдаг аж. Мөн хотын бид шиг утаа, түгжрээнээс болж бухимдахгүй гээд малчдад олон давуу тал бий.
Энэ нутгийнхан голдуу үхрийн махаар борц хийнэ. Тэднийх ч үхрийн өрөөл борцлоод гэрийнхээ гаднах модон тавиур дээр тавьчихаж. Зуднаар малаа алдаад зүдэрч явсныг бодоход одоо 200 гаруй үхэр, 150 гаруй адуутэй. Хавар 50-иад үхэр тугаллаж, 60-иад гүү унагална. Энэ нутагт малын хулгай тэр бүр гараад байдаггүй ч өглөө эртлэн босч адуугаа хураана. Цаашид “Алтан тугал”-ны эзэн болох бодолтой явдгаа Д.Ядамсүрэн нуусангүй. Малаа махны чиглэлээр өсгөж байгаа бөгөөд тоо гэхээсээ чанарт нь илүү анхаардаг юм байна. Тэрээр нутгийн сайхан бүсгүй Д.Зууннасттай ханилж, гурван хөөрхөн хүүхэдтэй болжээ. Залуу гэр бүл хүүхдүүдээ дээд боловсролтой болгоно хэмээн хүүхдүүдийнхээ 20 мянган төгрөгийг өөрсдийнх нь нэрээр хуримтлал үүсгэж, боломжтой үедээ хэдэн цаас нэмээд хийчихдэг талаараа ярьж байна.
Харин дүү нараа жинхэнэ “зангиддаг” эгч Д.Долгормаа нь аймгийнхаа дулааны цахилгааны станцад ажилладаг байна. “Нэг хүү их сургуульд, нэг нь цэрэгт явсан. Хань бид хоёр цахилгаан станц, миний ажилладаг Шинэ хөгжил цогцолбор сургуулиа хоёр дахь гэр шигээ л боддог. Сайхан нутагт хүмүүсийн сайнтай нөхөрлөөд сайхан байна” хэмээн Д.Долгормаагийн хань Х.Баянмөнх ярьж байна.
Ах дүүсийг нүүж ирэхэд энэ нутгийн хүн зон, байгаль дэлхий нь сайхан угтаж авчээ. Хоёр улсын хилийн заагт Халх таван уул гээд энэ нутгийнхны тахин шүтдэг хошууны том уул бий. Дээхнэ үед цаанаасаа Өвөрмонгол, наанаасаа Армонголчууд очиж тахидаг байсан ч сүүлдээ Хятадтай муудалцаад тахихаа больсон байж. 40 гаруй жил тахиагүй энэ уулыг багийн Засаг даргаар олон жил ажилласан Х.Арсланбаатар хэмээх нутагтаа нэр хүндтэй буурлын санаачлагаар 2001 оноос эхлэн уламжлал болгон тахидаг болжээ. Цаанаасаа хүмүүс ирэх сонирхол байдаг ч хууль дүрмэндээ захирагдаад чаддаггүй юм шиг байна лээ хэмээн Х.Арсланбаатар гуай ярьсан юм. Энэ хот айлынхны түшиг тулгуур, ноён нуруу болж залуу малчдадаа зааж сургасаар ирсэн Х.Арсланбаатар, Б.Хүрлээ гээд налайсан хоёр буурал бий. Улс, аймгийн алдарт уяач хоёр буурлаас мал маллах, морь уях гээд амьдралын нарийн ухаан, хөдөлмөрч зангаас нь нутгийн залуус үлгэр жишээ авдаг аж. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Тамгийн газар тэдгээрийн ойролцоо нутаглаж буй иргэд тэднийхнийг ажиллаж амьдрахад нь дэмжлэг туслалцаа үзүүлсэнд мөн нутгийн уул хангай ус ундаагаар гачаалд оруулсангүй ивээж явааг нь ах дүүс байн байн билэгшээн ярьж билээ. Байсхийгээд л мал нутаг усныхаа тухай ярих малчид, хэдэн гэрийн хооронд явахад нэг л амар амгалан. Малчид тогтсон цалин авдаггүй ч хэзээ ч түрийвч нь хоосордоггүй хүмүүс. Зарим газраа өвдгөөр татсан өвсөн дундаас бод мал бараг харагдахгүй шинжтэй. Энэ нутагт монгол орны хангай, говь, тал хээр, ой хөвч, гол мөрөн ер нь дөрвөн улирал хосолсон юм шиг. Дулаан цагаар бол гадаад дотоодынхон ийшээ цувж тэнгэрийн хаяа, үзэсгэлэнт байгаль зэрэглээт алсыг хардаг биз. Ирж буцахын алинд ч өгсөөд байгаа юм шиг нэг л сонин. Ийм л сэтгэл тэнийм сайхан нутагт очсон хүн бахархаж, очоогүй хүн үзэхийг мөрөөддөг энэ тал нутгийн хүмүүсийн сэтгэл тайван ухаан уужим хараа хол гэдэг юутай үнэн.
С.УЯНГА
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин