Японы “Crazy” хэмээх компанийн ажилтнууд сайн унтаж амарсныхаа төлөө цалин дээрээ урамшуулал авдаг гэнэ. Тус компанийн захирал Казухико Морияма бүтэн шөнийн нойр авч, амарсан ажилтнууд илүү бүтээмжтэй байдаг гэдэгт бүрэн итгэдэг бөгөөд ийнхүү урамшуулдаг байна. Долоо хоногийн таван өдөр, хоногт зургаан цаг унтсан ажилтан оноо цуглуулж, жилд 570 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй хоолыг компанийнхаа цайны газарт үнэгүй идэх эрх авдаг гэнэ. Ингэхдээ, өдөрт хэдэн цаг унтаж байгаа мэдээллийг "Airweave" компанийн тусгай аппликэйшн ашиглан авдаг байна. Нойрны урамшууллаас гадна “Crazy” компани ажилтнуудынхаа идэж буй хоолны шим тэжээл, биеийн дасгал, ажлын байран дахь өөдрөг уур амьсгал зэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг гэнэ.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Fuji Ryoki” компанийн хийсэн судалгаанаас үзвэл хориос дээш насны япончуудын 92 хувь нь хангалттай нойр авч чаддаггүй. Үүнээс үүдэн хэт ачаалалд орж нас барах тохиолдол Японд түгээмэл байдаг. Судалгаанаас үзвэл, хангалттай нойр авах нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлдөг гэнэ шүү. Дутуу нойрноос болж АНУ-ын эдийн засаг жил бүр 411 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг бол Японд 138 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг гэсэн сонирхолтой тооцоо гарчээ.
Эх сурвалж: BLOOMBERG