Н.Эрдэнэсайхан: Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чанарт анхаарах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Н.Эрдэнэсайхан: Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чанарт анхаарах хэрэгтэй

Монгол улсын төслийн удирдлагын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр зорин ажиллаж буй Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (PMI)-ийн  салбар болох "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн 5 жилийн ой болон “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал энэ жил “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” нэрэн доор 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Олон улсын бага хурал болон байгууллагын үйл ажиллагааны талаар Олон Улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбарын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэсайхантай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагаас үзвэл төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь юу вэ?

-Ази номхон далайн бүсийн судалгааны төв, АНУ Эрчим хүчний яам, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагад тулгуурлан Олон улсын төслийн удирдлагын институтийн зааврыг үндэслэн авч үзвэл аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд төслийн үндсэн гурван хязгаар буюу төслийн гурвалжинг тогтмол анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд: 1-рт төслийн зорилгод чиглэсэн ажлын хүрээгээ тодорхой зааглан барьж байх, 2-рт төсөл хэрэгжүүлэх ажлын хугацааг барин төслөө амласан хугацаанд биелүүлэх, 3-рт төслийн зардлыг төсөвт багтаан хэрэгжүүлэх. Эдгээр гурван хүчин зүйлсийг нэгтгэгч бөгөөд гурвалжны голд нь байгаа хамгийн чухал хүчин зүйл бол чанар юм. Төслөөс үүсэх үр дүн, хийсэн ажлын чанарыг үргэлж тэргүүнд тавих хэрэгтэй болдог. Мөн түүнчлэн төслийг ойлгон дэмждэг санхүүжүүлэгч, төслөө чин сэтгэлээсээ удирдан залдаг менежер, төсөлд оролцогч талуудын тогтмол харилцаа, идэвхтэй оролцоо зэрэг хүчин зүйлс төсөл амжилттай хэрэгжихэд гол үүрэгтэй байдаг. Нэмээд 2018 оны олон улсын төслийн судалгааг (PMI Pulse of Profession) харвал төслийг амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг гол хүчин зүйлс бол санхүүжүүлэгчтэйгээ тогтмол харилцаж байх, төслийн хүрээг дахин хянаж байх, төслийн үр дүнд бий болж буй үнэ цэнэ, үр өгөөжийг сайжруулахаар тогтмол зорих хэрэгтэй гэж онцолсон.

"Пи Эм Ай Монголиа Чаптер" ТББ-ын хамт олонтой

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн менежер болоход ямар чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Ямар ч салбарт ажиллаж байгаагаас үл хамааран дэлхий нийтэд хэрэгтэй төслийн удирдлагын мэдлэгийн 10-н үндсэн хүрээ, тэдгээрийг хэрэгжүүлэх практик чадварыг мэдээд зогсохгүй ажил дээрээ хэрэгжүүлэхээр хичээх хэрэгтэй. Тэдгээрийг дурдвал: 1) төслийн талаарх нэгдсэн ойлголт, 2) төслийн хүрээ, 3) төслийн хуваарь, 4) төслийн зардал, 5) төслийн чанар, 6) төсөл шаардагдах нөөц, 7) төслийн хүрээнд үүсэх харилцаа, 8) төслийн эрсдэл, 9) худалдан авалт, 10) төслийн оролцогч талуудын оролцоо зэрэг орно. Эдгээрийг хураангуйлан төслийн удирдлагын техник мэдлэг, чадвар гэж хэлдэг. Үүний зэрэгцээ аливаа төсөл нь хүмүүсийн харилцаанд тулгуурладаг болохоор бусдыг удирдан манлайлах чадвар, стратеги холч хараа болон бизнес удирдлагын ойлголт хэрэгтэй гэж үздэг болсон. Тэгэхээр бизнес хөгжил, манлайлал тэдгээр чадварыг төслийн менежер болон төсөлд оролцож байгаа багийн гишүүн бүр хөгжүүлэн суралцах хэрэгтэй юм.

-Олон улсын төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлагын талаар хуваалцахгүй юу?

Олон улсын төслийн удирдлагын институт(PMI)-ын байгууллагаас олон улсын төслийн удирдлагын Pulse of Profession судалгааг жил бүр зохион байгуулж өргөн хэрэглэгдэж байгаа хандлага, ирээдүйд хэрэгцээтэй чиг хандлагын талаар дэлгэрэнгүй үр дүнг танилцуулдаг. 2018 оны судалгааны үр дүнг харахад мэдээлэл технологийн асар хурдтай хөгжил нь салбар бүрийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүдийг авчирч байгааг онцолсон байгаа. Олон давтамжит, урт хугацааны бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх багийг чиглүүлэхэд ажайл арга барилыг өргөнөөр ашиглах болсон. Багийг өөрчлөлтөд хурдтай, үр ашигтай, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх боломжоор хангадаг энэхүү арга барил нь төслийн удирдлагын уламжлалт арга барил болох цаг хугацаа, зардлыг хянах боломжийг олгохоос гадна, нөгөө талаас ажайл арга нь тэр шаардлагуудыг удирдахын тулд цаг хугацаа, зардлыг илүү үр өгөөжтэй шийдэх болно. Мөн түүнчлэн, өнөө үед байгууллагуудад тулгарч буй гол асуулт бол төсөлд ажиллаж буй нэг ажилтан төслийн менежер(ТМ) мөн бизнесийн шинжээчийн(БШ) үүргийг зэрэг хэрэгжүүлж болох эсэх юм. Эдгээр чиг хандлагын зэрэгцээ уламжлалт арга барил, төслийн удирдлага нь цаг ямагт хэрэглэгдсээр байх болно.

-PMI Mongolia Chapter байгууллага төслийн удирдлагын салбарын хөгжлийн төлөө ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ нь ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн байгууллага төдийгүй Олон улсын төслийн удирдлагын институт(PMI)-ын Монгол дахь салбар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний гол зорилго бол төсөл, хөтөлбөрийн удирдлагын мэргэжлийн мэдлэгийг Монгол улсад системтэйгээр дэлгэрүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд сар бүр төслийн удирдлагын уулзалт яриаг туршлагатай зочин илтгэгчийг оролцуулан үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Зөвхөн гишүүддээ зориулсан мэдлэг түгээх арга хэмжээг олон хэлбэрээр хийдэг. Олон улсын төслийн удирдлагын институтийн агуулгаар төслийн удирдлагын сургалтуудыг шатлалтайгаар заадаг. Сургалтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын мэргэжлийн зэргийн шалгалтыг Монгол улсад зохион байгуулан олон Монгол мэргэжилтнүүдийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болоход нь тусалдаг.

Бид байгууллагын зорилгын хүрээнд төслийн удирдлагын шилдэг туршлага, шинэ хандлагыг нэвтрүүлэх  Олон Улсын Бага Хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хурал байгууллагын маань 5 жилийн ойн баярт үйл явдалтай давхцаж байгаагаараа онцлог юм. Таван жилийн ойн үйл ажиллагааг маань хүндэтгэн Олон улсын төслийн удирдлагын институт(PMI)-ын төв оффисоос Удирдах Зөвлөлийн гишүүн хүндэт ноён Тэжас Сура (MS, MBA, PMP, PfMP) Монголд айлчлан ирж байгаа ба хурлын нээлтийг хийж илтгэл тавина.

Мэдээлэл технологийн асар хурдтай хөгжил нь салбар бүрийн дэд бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. Иймээс бид энэ жилийн хурлаа Төслийн Өөрчлөлтийн Удирдлага сэдвийг голчлон найруулсан ба үр дүн төвт бизнес шинжилгээ, төслийн ажайл аргачлал (agile method), дижитал хувьсал зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 10 гаруй орны 30 гаруй илтгэгчдийн шилдэг туршлагуудыг хуваалцах болно.

Монгол улсын шилдэг бүтээгч нарыг онцолсон энэхүү олон улсын бага хуралд төрийн, хувийн, ашгийн бус салбарын төсөл хөтөлбөрийн менежерүүд, компанийн гүйцэтгэх удирдлагууд, бизнес, хөрөнгө оруулагчид, төслийн удирдлагын салбарын нийт 400 гаран төлөөлөгчид оролцоно. Ярилцлагыг уншин суугаа эрхэм та бүхнийг Пи Эм Ай Монголиа Чаптерын нийт хамт олон "ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА" хуралдаа урьж байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж